Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн “Робинзон Крузо” 30 гаруй жил амьдарсан арлаасаа явахаар болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Газар дундын тэнгисийн бяцхан арал дээр сүүлийн 30 гаруй жил ганцаар амьдарсан Италийн “Робинзон Крузо” гэгддэг эр засгийн газрын шахалтаар нийгэмшихээс өөр аргагүй болжээ.

Одоо 81 настай Мауро Моранди нь Сардини арлаас холгүй оршдог Буделли хэмээх жижиг арал дээр 1989 оноос хойш ганцаар амьдарч байгаа.

Тухайн үед тэр Номхон далайн өмнөд хэсэгт аялахаар нутгаасаа гарсан ч замдаа завь нь эвдэрч

Буделли аралд газардсан юм байна.

Моранди энэ үеэр тус арлын сахиул тэтгэвэртээ гарч байгааг сонсоод далайд аялах санаагаа орхиж, завиа зараад залгамжилж үлдсэн гэнэ.

Өнгөрсөн хугацаанд тэр дэлхийн хоёрдугаар дайны үеэс үлдсэн хоргодох байранд амьдарч байжээ.

Гэвч 2016 оноос эхлэн Буделли арлыг хариуцдаг болсон Ла Маддалена дархан цаазат газрын захиргаа Морандиг нүүлгэн шилжүүлэхээр шахаж эхэлсэн байна.

Олон удаагийн шаардлагыг тэсэж өнгөрөөсөн Моранди эцэст нь бууж өгч, энэ сарын сүүлээр арлыг орхихоор болжээ. Эрх баригчид Буделли арлыг олон нийтэд байгаль орчны боловсрол олгох төв болгохоор төлөвлөсөн байна.

“32 жил амьдарсан арлаасаа явах надад хүнд байна. Гэхдээ би бууж өгөхөөс өөр аргагүй боллоо” гэж Моранди ярьжээ.

Италийн төв бүсийн Модена хотоос гаралтай Моранди олон жил амьдарсан арлаасаа холгүй Ла Маддалена арал дээр жижиг орон сууцанд нүүж орохоор болсон байна.

Ла Маддалена нь Буделли арал харьяалагддаг бүлэг арлуудын хамгийн том нь юм.

“Би хотын гадна өөрийнхөөрөө амьдрах болно. Зөвхөн хүнс, бараа худалдаж авахаар хот руу орж байна. Миний амьдрал төдийлөн өөрчлөгдөхгүй. Би тэнгисээ харсаар байх болно” гэж Моранди ирээдүйн амьдралынхаа төлөвлөгөөг ярьсан байна.

Тэрбээр олон жилийн турш Буделли арлын байгалийг хамгаалж, цэвэрлэж, дайрч гарсан жуулчдад арлын экосистемийн талаар танилцуулдаг байжээ.

 Гэвч арлыг эзэмшдэг хувийн компани дампуурч, 2013 онд өөр эзэмшигчтэй болсон гэнэ. Арлыг авсан Шинэ Зеландын бизнесмэн Морандиг үргэлжлүүлэн амьдруулахаа амлаж байжээ.

Энэ наймааны дараа арлыг нийтийн эзэмшилд авах тэмцэл эрчимжиж, 2016 онд Сардини мужийн шүүх эцсийн шийдвэрийг гаргасан байна.

Олон мянган хүн Морандиг арал дээр нь үлдээхээр тэмцэж байсан ч шүүхийн шийдвэрийг буцааж чадаагүй юм. Шинэ журмаар Буделли арал дээр хүн байнга оршин суухыг хориглож, зөвхөн өдрийн жуулчид аялалаар ирээд буцаж байхаар болжээ.

Ингэхдээ Морандигийн нарладаг байсан эргийн элсэн дээр хөл тавихыг хориглож, зөвхөн тусгай замаар зорчихоор болсон байна.

 

Эх сурвалж: The Guardian