Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын засаг захиргаа 60 сая тун вакцинаа бусад улс орнуудтай хуваалцана

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын засаг захиргаа өөрийн захиалсан 60 сая тун AstraZeneca вакциныг бэлэн болмогц нь дэлхийн бусад улс орнуудтай хуваалцахаар болсныг Цагаан ордноос өчигдөр зарлажээ.

Тус улсын эрүүл мэндийн байгууллага AstraZeneca вакцинд зөвшөөрөл олгоогүй байгаа. Тиймээс зөвшөөрөл олгох үйл явц дууссаны дараа гадаадад экспортлох нөхцөл бүрдэх гэнэ.

Сүүлийн үед АНУ-ыг хэрэгцээнээсээ хэтэрсэн их хэмжээний вакциныг нөөцөлж байна хэмээх шүүмжлэл олон улсын түвшинд яригдах болсон юм.

Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден дөрвөн сая тун AstraZeneca вакциныг хөрш Канад, Мексик улсуудад нийлүүлэхээ амлаж байв. Дээрх хоёр улсад AstraZeneca вакциныг дархлаажуулалтдаа хэрэглэж байгаа.

Сүүлийн үед Энэтхэг улсад цар тахлын томоохон гамшиг нүүрлэсэн нь бас Байдены засаг захиргаанд үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлсэн байна.

Ойрын өдрүүдэд АНУ-ын Эм, Хүнсний хэрэг эрхлэх газар AstraZeneca вакцинд яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгох ба үүний дараа эхний 10 сая тун вакциныг экспортлох боломж нээгдэх ажээ.

Үлдсэн 50 сая тун вакцин нь одоо үйлдвэрлэлийн шатандаа яваа гэнэ.

Вакцины багагүй хэсгийг Энэтхэг улсад нийлүүлэх магадлалтай байна. Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой утсаар ярихдаа шуурхай тусламж үзүүлэхээ амлажээ.

Тусламжийн багцад хүчилтөрөгч, оношлуур, хамгаалалтын хувцас хэрэгсэл, Remdesivir вирусийн эсрэг эм зэрэг зүйлс багтах гэнэ.

АНУ хүн амынхаа дархлаажуулалтад Pfizer/BioNTech, Moderna, Johnson & Johnson компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг хэрэглэж байгаа. Эдгээр вакцинуудын нөөц хангалттай бүрдсэн тул AstraZeneca компанийн вакциныг хэрэглэх шаардлага гарахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Сүүлийн үеийн тоо баримтаас харвал АНУ-ын насанд хүрсэн хүн амын 53 гаруй хувь нь ядаж нэг тун вакцин тариулаад байгаа юм.

 

Эх сурвалж: BBC