Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хөл хорионы үе дэх хүчирхийллийн асуудал

ikon.mn
2021 оны 4 сарын 26
Сурталчилгаа

Ковид-19 шинэ төрлийн вирусын цар тахал дэлхий даяар хурдацтай тархан байгаа энэ үед олон улс орон бүх нийтийн хөл хорио тогтоох арга хэмжээ авч байгаа нь хамгийн үр дүнтэй байгаа боловч нөгөө талдаа энэ нь сөрөг үр дагавруудыг бий болгож байна.  

Цар тахалтай холбоотой дээрх сөрөг үр дагавруудаас сэргийлэхэд хувь нэмрээ оруулах, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлэх, түүнчлэн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Монгол Улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамны санхүүжилтээр Гэрэгэ Ротари клуб “Ковид-19 цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах” төслийг хэрэгжүүлсэн.
 
 

Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотод байрлах хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд анхан шатны ариун цэврийн, эмэгтэйчүүдийн хэрэглээний багц бүтэгдэхүүнийг хандивласан байна. 

Мөн түүнчлэн энэхүү төслийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүдийг дотоодын жижиг дунд үйлдвэр, худалдаа эрхлэгчдээс худалдан авч байгаа нь эдийн засгийн тогтвортой байдлыг тодорхой хэмжээгээр хангахад чиглэж байгаагаараа онцлогтой юм. 

Ингээд Гэрэгэ Ротари клубийн гишүүн Батаа Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Итгэлтэй утасны зөвлөгч Должинсүрэнтэй ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу. 

 

Батаа: Сайн байна уу та, Бидний урилгыг хүлээн авч ярилцахаар зөвшөөрсөнд баярлалаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. 

Должинсүрэн: Баярлалаа, Танд мөн адил өдрийн мэнд хүргэе.  

Батаа: Өнөөдөр бидний ярилцах гол сэдэв бол хөл хорионы үе дэх хүчирхийллийн асуудал юм. Цар тахлын онцгой нөхцөл байдлын улмаас хатуу хөл хорио тогтоосон энэ үед гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа юу эсвэл эсрэгээрээ буурсан үзүүлэлттэй байна уу? Та бүхэнд бүртгэгдсэн тоон мэдээллээ өмнөх онтой харьцуулсан тооцоолол байгаа юу?  

Должинсүрэн: Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 2020 оны мэдээллээр 1795 хүн манайд хандсан байдаг. Үүнийг өмнөх он буюу 2019 онтой харьцуулж үзэхэд 56 хувиар нэмэгдсэн байна. Түр хамгаалах байранд  2020 оны байдлаар 233 хүн үйлчилгээ авсан, итгэлтэй утас болон онлайн зөвлөгөө 1377 хүн хандан зохих зөвлөгөө, үйлчилгээ авсан. Энэ тоог өмнөх онтой харьцуулан үзэхэд түр хамгаалах байранд хандах үйлчлүүлэгчийн тоо 12.9 хувиар, итгэлтэй утсанд хандсан үйлчлүүлэгчийн  тоо 30 хувиар өссөн байгаа юм.  

Батаа: Гэр бүлийн хүчирхийлэл 56 хувиар өссөн гэдэг бол маш өндөр үзүүлэлт буюу манай нийгэм байгаа хүчирхийлэл хүнд, ноцтой тал руу орж байна гэж ойлгож болох уу? Зөвхөн Монголд гэр бүлийн хүчирхийлэл хөл хорионы үеэр илүү нэмэгдээд байна уу эсвэл олон улсад ч мөн адил нэмэгдсэн үү? Энэ талаар Та тодорхой мэдээлэл өгөөч.  

Должинсүрэн: Хүчирхийллийн нүцгэн үнэн судалгаагаар Монгол Улсад 3 эмэгтэй тутмын 1 нь бие мах бодийн хүчирхийлэлд өртөж байна. Мөн 10 эмэгтэй тутмын 6 нь салсан нөхөр, хамтран амьдрагчийн зүгээс хүчирхийлэлд өртөж байдаг гэсэн тоон мэдээлэл байдаг. Хүчирхийлэл нь өнөөгийн бидний амьдарч буй нийгэмд маш бодитоор оршин байгаа томоохон асуудал юм. Таны хэлсэнчлэн гэр бүлийн хүчирхийллийн тухай асуудал нь зөвхөн манай улсад нөмрөөд байгаа аюул биш дэлхий нийтэд ч мөн адил хөл хорионы үед нэмэгдэж байгаа нь эмзэглүүлсэн томоохон асуудал болж байна.  

Батаа: Хүчирхийлэлд илүү өртөж байгаа насны ангилал, бүлэг байгаа юу? Хэдээс хэдэн насны хүмүүс хамгийн их өртдөг вэ?  

Должинсүрэн: Гэр бүлийн хүчирхийлэл нь нас, хүйс нийгмийн давхарга хамаарахгүй үйлдэгддэг. Тиймээс насны бүлгээр нь ангилах боломжгүй. Учир нь энэ асуудал нийгэмд түгээмэл байгаа бөгөөд хэрэв бид тодорхой насны бүлэг заагаад хэлбэл яг тэр насны хүмүүс хүчирхийлэл үйлдээд мөн тэр насны хүмүүс хохирогч болоод байгаа юм байна гэсэн ташаа ойлголт олон нийтэд өгөх эрсдэлтэй.  Гэр бүлийн хүчирхийлэл дам байдлаар үйлдэгддэг. Жишээ нь: Хамгаалах байранд  дөрвөн хүүхэдтэй эмэгтэй хандлаа гэж бодоход түүний хүүхдүүд ямар нэг байдлаар гэр бүлийн хүчирхийллийн аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Эцэг эх нь хүүхдийн хажууд хэрэлдэж маргалдах, эсвэл аав нь ээжийг нь зодоход хүүхдэд маш их айдас түгшүүрийг мэдрүүлж хүүхэд сэтгэл санааны хүчирхийлэл, үл хайхрах гэх мэт хэлбэрийн хүчирхийлэлд дам байдлаар өртдөг. 

Батаа: Хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийн дундаж насыг бас хэлэх боломжгүй юм байна тийм үү? Манай клуб Түр хамгаалах байруудад зориулан 12 дугаар сард төсөл, арга хэмжээ зохион байгуулж байсан. Төслийн хэрэгжилтийн явцад бидэнд эдгээр тусгаарлах байранд жилдээ хэчнээн хүн ханддаг бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан. 

Должинсүрэн: Дээр хэлсэнчлэн өнгөрсөн жилийн байдлаар 233 хүн хандсан, 2021 оны байдлаар гээд тоо хэлэхэд эрт байна, Одоогоор түр хамгаалах байранд 1 эмэгтэй, 7 хүүхэд байрлан үйлчилгээ авч байна. Манай түр хамгаалах байр үйлчлүүлэгчийг 7 хоногоос 3 сарын хугацаанд байрлуулан үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх, нийгмийн ажлын үйлчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө, хууль эрхзүйн туслалцаа үзүүлдэг. 

Батаа: Дүүрэг бүрд байрлаж байгаа түр хамгаалах байранд үүсдэг хамгийн түгээмэл хүндрэлтэй асуудал юу вэ?  

Должинсүрэн: Түр хамгаалах байранд байрлуулахдаа  үйлчлүүлэгчийн харьяалал харгалзахгүйгээр хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг. Нэгдүгээрт, үйлчлүүлэгчид эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд зарим үйлчлүүлэгч маань хөдөө орон нутгийн харьяалалтай байдаг. Дүүргийн эмнэлгээр үзүүлэх гэхээр харьяаллын дагуу үзүүлэх хэрэгтэй гээд үзэхгүй байх эсвэл шинжилгээ үзлэгийн цаг нь олдохгүй 7-14 хоног хүлээгдэх гэх мэт асуудал тулгардаг. Энэ үед хувийн эмнэлгээр үзүүлэхээс өөр аргагүй болдог. Хоёрдугаарт, Хамгаалах байранд байрлаж байгаа үйлчлүүлэгч хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулах хэрэгцээ гардаг. Хамгаалах байрныхаа ойролцоох сургуульд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах журмын дагуу хамруулахад зарим сургууль заавал албан бичиг өгөх хэрэгтэй түүний дагуу шийдвэрлэнэ гээд хэд хоног хүлээгдэх тохиолдол гардаг.  

Батаа: Тусгаарлах байранд хандсан, та бүхний тусламжийг авсан хүмүүсээс хэчнээн хувь нь хүчирхийлэлд давтан өртдөггүй, хүчирхийллээс ангижирч чаддаг вэ? Зарим сонсогчид маань бас мэдэхгүй байгаа байх, хүчирхийлэл нь нэг үйлдэгдсэн бол дахин давтагддаг уу эсвэл нэг удаагийн шинж чанартай байж болох уу? Мөн тухайн гэр бүл салахаас нааш хүчирхийлэл зогсдоггүй юу? Ер нь гэр бүлийн хүчирхийллээс гарах ангижрах тохиолдол бий юу? Байдаг бол хэрхэн гарах боломжтой вэ?   

Должинсүрэн: Үйлчлүүлэгч гэр бүлдээ эргэн нэгдэх эсвэл гэр бүлээ цуцлуулах сонголтыг өөрөө бие даан гаргадаг. Тухайн шийдвэрийг гаргахад мэргэжилтнүүд мэргэжлийн тусламж зөвлөгөө, дэмжлэг үзүүлдэг. Үйлчлүүлэгч гэр бүлтэйгээ эвлэрээд эргэн нэгдэж байгаа тохиолдолд харьяаллын дагуу хорооны хамтарсан багт холбон зуучилдаг. Холбон зуучлах хуудсаараа дамжуулан цаашдаа тухайн гэр бүлтэй ажиллахад юу юуг анхаарах шаардлагатай гэдгийг тусгаж өгдөг. Мөн үйлчлүүлэгч болон нөхөр нь цаашдаа гэр бүлийн эрүүл харилцаатай байлгахын тул дүүргийнх нь Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Хэлтсийн мэргэжилтнүүдтэй холбодог. Нийгмийн ажлын үйлчилгээний үр дүн урт хугацааны дараа гардаг учраас үйлчилгээнд хамрагдмагцаа шууд энэ хүний зан үйл өөрчлөгдсөн гэж хэлэх боломжгүй байдаг. Зан үйлийн өөрчлөлтийн үр дүнг харахын тулд доод тал нь 6 сар үйлчилгээнд тасралтгүй хамруулсан байх шаардлагатай. Үр дүнд хүрэхийн тулд мэргэжилтний ур чадвараас гадна үйлчлүүлэгчийн хичээл, чармайлт чухал байдаг.  

Батаа: Гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байгаагаа мэддэг, мэддэггүй гэсэн хоёр тохиолдолд байдаг гэж би хувьдаа боддог. Зарим тохиолдолд хохирогч тухайн хүчирхийлэлд байгаа нөхцөл байдалдаа дасан зохицоод амьдардаг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд эхэлж байна, анхан шатны шинж тэмдгүүд бий болсон байна гэдгийг хэрхэн мэдэх боломжтой вэ?  

Должинсүрэн: Хамтран амьдрагчтайгаа хамт байхад, цуг амьдрахад тайван амгалан байна уу? эсвэл түгшүүртэй мэдрэмж төрж байна уу? Гэдгээ мэдэх нь маш чухал. Хэрэв түгшүүр, тодорхой айдас мэдрэгдэж байгаа бол энэ нь тухайн харилцаанд хүчирхийлэл байна гэсэн үг юм. Тэрнээс заавал зодуулсны дараа хүчирхийлэл гэж ойлгож болохгүй. Айдсыг мэдэрч байна, сэтгэл санаа тайван бус байгаагаа мэдэрч байгаа бол энэ тал дээр заавал анхаарах ёстой.   

Батаа: За ойлголоо, бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. Сүүлийн асуулт бол гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, үүнд өртөхгүй байх арга байдаг уу? Жишээ нь өвчин тусахаас өмнө урьдчилан сэргийлж амин дэм, витамин уух боломжтой байдагтай адил гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс өмнө өөрийгөө хэрхэн урьдчилан хамгаалах вэ? Урьдчилан хамгаалах боломжтой энгийн аргуудаас хэлж өгөөч.  

Должинсүрэн: Хэрвээ та гэр бүлийнхээ хэн нэгнээс  айх болон дэргэд нь байхад айдас мэдэрч байгаа бол, Хүмүүс  хоорондын харилцаанд хэрүүл  маргалдаан даамжирч хэн нэгнийгээ дээрэлхэх, хосууд хоорондоо ойлголцож чадахгүй асуудлаа ярилцаад шийдвэрлэхэд хүндрэлтэй, хэцүү байвал та мэргэжилтэнд хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Дүүрэг бүрд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс болон хорооны хамтарсан баг байдаг. Итгэлтэй утсаар зөвлөгөө авч байгаа ихэнх хүмүүс хамтарсан баг гэж хэн бэ? Ямар бүрэлдэхүүнтэй хэрхэн ажилладаг талаар мэдээлэл бага юм шиг санагддаг. Хамтарсан баг нь хороо/баг засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, өрхийн эмч, сургуулийн нийгмийн ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг.  

Батаа: Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагүй хүмүүс танай байгууллагын үйл ажиллагааг мэддэггүй байх гэж бодлоо. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд эхлэх үедээ тухайн гишүүд маань яах аа хэнд хандахаа мэддэггүй юм байна. Эсвэл хажуу айлын хүн нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд яах ёстойг мэддэггүй. Ихэнх тохиолдолд гэр бүлийн дотоод асуудалд ороод хэрэггүй хэсэг хугацааны дараа зүгээр болчих байлгүй гэж бодоод тухайн гэр бүлийн хүчирхийлэл илүү даамжирдаг тохиолдлуудыг сонсож, уншиж байсан. Тэгэхээр энэ ярилцлагыг сонсож байгаа хүмүүс маань гэр бүлийн ямар нэг хүчирхийлэлд өөрийгөө өртөж байна гэж бодвол түрүүн хэлсэнчлэн аливаа айдас мэдэрч байвал цаг алдалгүй хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандаарай. Мөн дүүргийнхээ нийгмийн ажилтанд хандах боломжтой юм байна. Хүмүүс ганц удаа эсвэл жаахан байж байгаад зүгээр болчих байх гэж бодож явсаар байгаад асуудлыг бүүр хүндрүүлдэг.  

Должинсүрэн: Дан  ганц манай байгууллага гэхгүйгээр  Цагдаагийн шуурхай утас 102, Гэр  бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө 107, хүүхдийн тусламжийн утас 108 болон манай  төвийн итгэлтэй утас 96490505 дугаарт хандах боломжтой. Эсвэл Нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд хандаж мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээнд хамрагдах боломжтой. Нэг цэгийн үйлчилгээний төв нь 3 хоногийн хугацаанд байрлуулан үйлчилгээ үзүүлэх боломжтой байдаг. Улаанбаатар хотод: 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дэргэдэх НЦҮТ-70180139  

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх НЦҮТ-70116358 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэргэдэх НЦҮТ-93070949 

Хан-Уул дүүргийн НЦҮТ- 88127821, 88049073, 89893773 

Баянзүрх дүүргийн НЦҮТ- 70150183 

Батаа: Маш олон мэдээлэлтэй, хэрэгтэй ярилцлага боллоо гэж бодож байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд маш их баярлалаа.