Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Албаны логотой, түгээлтийн, шуурхай албаны тээврийн хэрэгслүүд цагийн хязгаарлалтад орохгүй"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газар болон Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, зохицуулалтын хэлтсээс мэдээлэл өглөө.

Өнөөдөр 06:00-10:00 цагийн байдлаар 17 мянга орчим  тээврийн хэрэгсэл буюу нийт тээврийн хэрэгслийн 4.2 хувь нь замын хөдөлгөөнд оролцсон болохыг QR кодын талаар ТЦА-ны Зам тээврийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Ганбат мэдээллийн үеэр онцлов.

Үргэлжлүүлэн тэрбээр “Нийслэлийн Онцгой комиссын штабт QR код олгох ажил хариуцсан баг ажиллаж байна. Нийт 41 мянга орчим тээврийн хэрэгслийн мэдээллийг сэргээсэн гэдгийг ажлын хэсгээс мэдээлсэн. Хэрэв машины дугаар нь өөрчлөгдсөн, сольсон зэргээр хасагдсан байвал шинээр QR код авахдаа QR@gov.mn хаяг руу хүсэлтээ илгээгээд авах боломжтой.

Бид кодтой тээврийн хэрэгсэл явж байгаа эсэхэд хуулийн хүрээнд хяналт тавин ажиллаж байгаа. Мөн алба хаагчид гарсан захирамж, тушаалын дагуу ажиллаж байгааг хэлье.

Өглөө хөдөлгөөнд оролцох хуваарийн тухайд тодруулбал,

  • Төрийн байгууллага 07:00-09:00 цаг  
  • Хуулийн этгээд 07:00-10:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцоно.

Эрүүл мэндийн байгууллагын 10 гаруй мянган ажилчдад QR код өмнө нь олгож байсан бөгөөд бүгдийг нь сэргээж, хасалт өөрчлөлт хийгээгүй гэдгийг ажлын хэсгээс мэдээлсэн.

Цагийн хуваарьт орохгүй тээврийн хэрэгсэлд албаны логотой тээврийн хэрэгсэл, түгээлтийн машин, тусгай чиг үүргийн буюу шуурхай албаны тээврийн хэрэгслүүд хамаарна.

Ажлын хэсгээс код авахгүй байгууллага авсан, авах ёстой байгууллага хасагдсан байх вий гэдэгт шүүлт хийж байгаа юм билээ” гэв.