Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар гамшгийн үеийн Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоног сунгах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор иргэдэд дахин санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар яриагүй гэдгийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ.
Энэ удаагийн хатуу хөл хориог тогтоох шийдвэр гаргасныг дөрөвдүгээр сарын 9-нд танилцуулах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэн бүрд 300,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсныг зарласан. Уг мөнгийг "Оюу толгой" компанийн төлсөн татварын мөнгөөр санхүүжүүлсэн. Тэгвэл хөл хориог дахин сунгахдаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудал яригдаагүй гэдгийг тэрбээр тайлбарлахдаа "Засгийн газраас цар тахлын үед иргэддээ дэмжлэг үзүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч буй. ААН-үүдийн дэмжлэгийн тухайд эрчим хүч, ус, дулаанаас чөлөөлөх, 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжиж байна. Эдгээр шийдвэр үргэлжлээд явна.
Хавар, бүтээн байгуулалтын ажил ид өрнөх урин цаг эхэлж байхад хөл хорио тогтоохоос аргагүй байгаа учраас эдийн засаг, нийгмийн асуудлыг бүх чиглэлээр зогсоохгүй байх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!