Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Нас баралт, хүндрэл нь халдвар тархсанаас 2-4 долоо хоногийн дараа гарч ирдэг үзэгдэл"

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нас баралт, хүндрэл нь халдвар тархсанаас 2-4 долоо хоногийн дараа гарч ирдэг үзэгдэл гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Өнөөдрийн нас баралтууд дээр дурдсан хугацааны өмнө халдвар тархсантай холбоотой гэсэн үг. 

Одоогийн байдлаар эмнэлэгт нас барах тохиолдол нийт нас баралтын дийлэнхийг эзэлж байгаа бөгөөд 20 орчим хувь нь гэрийн нас баралт байгаа. Гэрийн нас баралтын тохиолдлууд дээр анализ хийгээд үзэхээр шинж тэмдэг илэрсэн хэдий ч эмнэлгийн байгууллагад хожуу хандсан зүйл ажиглагдаж байна. 

Халдвар тархчихсан одоогийн нөхцөлд амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд КОВИД-19-ийн талаар бодох хэрэгтэй. Ингээд эрүүл мэндийн байгууллагад хандаарай. 

КОВИД-19 халдварын шинж тэмдгүүд томуугийн шинж тэмдэгтэй төстэй бөгөөд нэг өвөрмөц шинж тэмдэг нь амт, үнэр мэдрэхгүй болох. Бусад шинж тэмдэг нь томуу, томуу төст өвчний ерөнхий шинж тэмдэгтэй адил.

Бүх шатны эрүүл мэндийн байгууллага КОВИД-19 халдварын тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Эрүүл мэндийн систем бүхэлдээ нас баралт, хүндрэлээс сэргийлэх чиглэлд анхааран ажиллаж байна. 

Иргэн та өөртөө болон гэр бүлийн гишүүддээ анхаарал халамж тавьж, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэгтээ хандахыг уриалж байна.

Манай улс нийт бүртгэгсэн тохиолдлын тоогоор дэлхийн 200 гаруй орноос 170-д орж байгаа бол нас баралтаараа 130-д орж байна. Дэлхий дахинд нас баралтын түвшин 2.2 хувь байгаа бол манай улсад 0.22 хувьтай байгаа. Гэхдээ халдварын тархалт сүүлийн саруудад нэмэгдсэнтэй холбоотойгоор ирэх саруудад нас баралт илүү нэмэгдэх эрсдэл бий" гэдгийг хэллээ. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.04.23/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/3816652508453305