Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Австрали, Шинэ Зеланд улсууд агаарын замаа нээсний маргааш нисэх буудлын ажилтнаас коронавирусийн халдвар илэрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Цар тахлын улмаас хилээ хаагаад жил гаруй хугацаа өнгөрөөд байсан Австрали, Шинэ Зеланд улсууд Даваа гарагаас эхлэн хоорондын агаарын замаа нээсэн юм.

Хоёр улс коронавирусийн тархалтыг амжилттай хязгаарлаж чадсан тул ийм алхам хийхээр тохиролцсон байна. Энэхүү нислэгийн зорчигчид ирснийхээ дараа тусгаарлагдахгүй. Гэхдээ очсон газартаа доод тал нь 14 хоног саатах ёстой юм.

Гэтэл маргааш нь буюу Мягмар гарагт Шинэ Зеландын Окланд хотын нисэх буудлын нэг ажилтнаас коронавирусийн халдвар илэрчээ.

Талууд энэ тохиолдлыг агаарын зам нээсэнтэй холбоогүй гэж үзээд нислэгүүдээ үргэлжлүүлэхээр болсон байна.

Нисэх буудлын ажилтан нь цар тахлын өндөр эрсдэлтэй орноос ирсэн онгоцыг цэвэрлэж байгаад 

халдвар авсныг Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгджээ.

Халдвар авсан хүн нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байсан тул өвдөөгүй, эмнэлэгт хэвтэх шаардлага гараагүйг тэр бас сэтгүүлчдэд хэлсэн байна.

Хоёр улс зөвхөн эх үүсвэр нь тодорхойгүй халдварын тохиолдол илэрвэл хоорондын нислэгээ зогсоохоор тохиролцжээ.

Цар тахал эхэлсэн цагаас хойш 25 сая хүн амтай Австрали улсад коронавирусийн халдвараар 910 хүн, 5 сая хүн амтай Шинэ Зеланд улсад 26 хүн нас барсан байна.

Хоёр улс хоёул 2020 оны гуравдугаар сард хилээ хааж байжээ.

 

Эх сурвалж: BBC