Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн өв залгамжлагчид дэлхийн түүхэнд бичигдэх хэмжээний өндөр татвар төлөх гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Урд талд Ли Жэ Ён, арын эгнээний зүүн гар талаас Ли Сё Хюн, Ли Бү Жин нар

Өнгөрсөн онд нас барсан Самсунг группийн ерөнхийлөгч Ли Күн Хэгийн эхнэр, үр хүүхдүүд удахгүй хөрөнгө өв залгамжилсны татвараа төлөх гэж байна.

Тэдний төлөх татварыг нийтдээ 13 их наяд вон ($11.7 тэрбум) болно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Энэ нь хэмжээгээрээ дэлхийн түүхэнд бичигдэх хамгийн том өв залгамжлалын татваруудын нэг болох юм.

Өмнөд Солонгосын хуулиар өнгөрсөн оны татварыг тайлагнах хугацаа энэ сард дуусах юм байна. Тиймээс ирэх долоо хоногт багтаж, Самсунг группээс татвар төлөх төлөвлөгөөгөө зарлах байх гэсэн хүлээлт үүсээд байгаа ажээ.

Өв залгамжлагчид нь Ли Күн Хэгийн бэлэвсэн эхнэр Хон Ра Хэ, Самсунг Электрониксын дэд ерөнхийлөгч, хүү Ли Жэ Ён, Hotel Shilla компанийн гүйцэтгэх захирал, том охин Ли Бү Жин, Самсунгийн нийгмийн сангийн тэргүүн, бага охин Ли Сё Хюн нар юм.

2020 оны аравдугаар сард 78 насандаа таалал төгссөн Ли Күн Хэ 19 их наяд воны үнэлгээтэй хувьцаа, 3 их наядын үнэ хүрэх үл хөдлөх хөрөнгө болон урлагийн бүтээлүүдийг үлдээжээ.

LG группийн эзэн гэр бүлийн татвар төлсөн жишгээс харвал Самсунгийн өв залгамжлагчид татвараа таван жилийн хугацаанд хувааж төлөх магадлалтай гэнэ. Ингэвэл эхний жилдээ 2 их наяд орчим воны татвар төлөх ажээ.

Хувьцааны татварыг тооцохдоо өвлүүлсэн хүнийг нас барахын өмнөх хоёр сар, дараах хоёр сар, нийт дөрвөн сарын хугацааны дунджаар тооцдог юм байна.

Ажиглагчдын хамгийн их сонирхол татаж байгаа асуудал нь Ли агсны үлдээсэн урлагийн бүтээлүүдийн үнэлгээ ажээ.

 

Эх сурвалж: Korea Times