Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын хоёр, Америкийн нэг сансрын нисгэгч эх дэлхийдээ амжилттай газарджээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн тойрог замд зургаан сар ажилласан Оросын хоёр, АНУ-ын нэг сансрын нисгэгч өчигдөр буюу Бямба гарагт амжилттай газарджээ.

Тэд 2020 оны аравдугаар сарын 14-ний өдөр Союз МС-17 хөлгөөр хөөрч, дэлхийг 2,960 удаа тойрохдоо шинжлэх ухааны олон тооны туршилтуудыг гүйцэтгэсэн юм.

Олон Улсын Сансрын Станцад урт хугацаанд ажилласан 64 дэх баг ийнхүү амжилттай газардаж байна.

Казахстаны Жезказганд газардсан сансрын нисгэгчдийг Оросын эрэн хайх баг олсны дараа капсулаас эхлээд багийн ахлагч Сергей Рыжиков, дараа нь Кэйт Рубинс, Сергей Кудь-Сверчков нар гарч иржээ.

NASA-гийн сансрын нисгэгч Кэйт Рубинс өөрийн төрөлх хот Техасын Хюстон руу нисэж, Рыжиков, Кудь-Сверчков нар Моска мужийн Оддын хотхон (Звездный городок) руугаа буцацгаасан байна.

Кудь-Сверчковын хувьд энэ нь анхны нислэг байсан бол нөгөө хоёрынх нь хувьд хоёр дахь аялал байжээ.

Дөрөвдүгээр сарын 22-нд SpaceX-ийн Crew-2 хөлөг АНУ-ын дөрвөн сансрын нисгэгчийг тойрог замд хүргэснээр Олон Улсын Сансрын Станцад ажиллаж буй хүний тоо 11 болно.

Станц дээд тал нь 13 хүний багтаамжтай.

SpaceX-ийн анхны Crew-1 хөлгийн багийн дөрвөн сансрын нисгэгч 2020 оны арваннэгдүгээр сард Олон Улсын Сансрын Станцад очсон юм. Тэд энэ сарын сүүлээр дэлхийд буцаж ирнэ.

Эх сурвалж: Business Insider