Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилын эрх баригчид цар тахлын хүнд үед жирэмслэхгүй байхыг эмэгтэйчүүдэд анхааруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахлын хүнд үеийг өнгөртөл жирэмслэхгүй байхыг Бразилын эрх баригчид тус улсын эмэгтэйчүүдэд анхааруулжээ.

Өнөөдрийн байдлаар Бразил улс цар тахлын дэлхийн хамгийн халуун цэг болоод байгаа ба өдөр бүр олон мянган хүн Covid-19 өвчний улмаас нас барж байна.

Цар тахлын нөхцөл байдал хүндэрсний нэг гол шалтгааныг тус улсын Амазон мужийн Манаус хотоос илэрсэн P1 нэртэй коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбар гэж үзэж байгаа.

Уг хувилбар нь халдварлах чадвар маш өндөр, залуучуудыг илүү хүндээр өвчлүүлж байгаа юм.

Баасан гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Бразилын эрүүл мэндийн яамны төлөөлөгч Рафаэл Паренте “Нөхцөл байдал сайжрах хүртэл жирэмслэхгүй байхыг эмэгтэйчүүдэд зөвлөж байна. Вирусийн шинэ хувилбар хөл хүнд эмэгтэйчүүдийг илүү хүнд өвчлүүлдэг нь бидний туршлагаас харагдаж байгаа” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Бразилын эрчимт эмчилгээний нийт орны талаас илүү хувийг 40 хүртэл насны өвчтөнүүд эзэлсэн байна. Эндээс P1 хувилбар залуу хүмүүсийг илүү хүндээр өвчлүүлж байгаа нь харагдаж байгаа юм.

Ерөнхийлөгч Жайр Болсонаругийн засгийн газар вакцинжуулалтыг удаашруулсанд буруутгагдаж байна. Энэ долоо хоногт Бразилын хэд хэдэн хотод вакцины нөөц дууссанаас дархлаажуулалтын хөтөлбөр зогссон юм.

Пүрэв гарагийн орой Хятадаас тус улсад яаралтай шугамаар нийлүүлж буй вакцины багц тээвэрлэгдэж ирсэн байна. Дараа долоо хоногт Испани улсаас тусламжаар өгч буй вакцин ирэхээр болжээ.

Бразилын том хотуудын эрчимт эмчилгээний орны багтаамж 85-аас дээш хувийн дүүрэлттэй байна.

Өнөөдрийн байдлаар тус улсад коронавирусийн халдварын 13.8 сая тохиолдол бүртгэгдсэн нь дэлхийд АНУ, Энэтхэгийн дараа гуравт эрэмбэлэгдэх, 368 мянга гаруй хүн нас барсан нь АНУ-ын дараа хоёрт эрэмбэлэгдэх эмгэнэлтэй үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: Reuters