Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

КОВИД-19-ийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн гурван иргэн халдвар авч, нас баржээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

КОВИД-19 халдварын эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн хэдий ч халдвар авсан хүний тоо өчигдрийн байдлаар 2,304 болсныг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэллээ. 

Энэ нь нийт вакцин хийлгэсэн хүмүүсийн 0.37 хувийг эзэлж байна. 

Энэ талаар Л.Баттөр захирал "Халдвар авсан хүмүүс вакцины эхний тунд хамрагдсан гэдгийг анхаарах хэрэгтэй. Вакцин хийж эхэлж байх үеэс эхлээд л халдвар хамгааллын дэглэмээ бариарай гэдгийг зөвлөж байгаа. 

Вакцин хийлгэсэн тохиолдолд өвчлөхгүй байх боломжтой. Өвчилсөн ч гэсэн хүндрэхгүй. Гэхдээ халдварыг бусдад дамжуулах эрсдэлтэй. 

Манай улсад бүртгэгдсэн нас баралтуудын гурав нь вакцин хийлгэсэн хүн байсан. Тодруулбал, Синофармын вакцин хийлгэсэн хоёр, Файзер вакцин хийлгэсэн нэг иргэн вакцин хийлгэснээс хойш 7-10 хоногийн дотор халдвар авч, нас барсан байна. 

Вакцин хийлгэсний дараа халдвар авсан хүмүүсийг судлаад үзэхээр 74 хувь нь вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дотор халдвар авсан байгаа. Өөрөөр хэлбэл, дархлаа тогтохоос өмнө халдвар авч байна.

Нөгөөтэйгүүр вакцин халдвараас 100 хувь сэргийлэхгүй. Хоёр дахь тунгаа хийлгэсэн ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ зайлшгүй баримталж байх ёстой" хэмээн ярилаа.

Мөн тэрбээр "Нас барсан зарим тохиолдол вакцин хийлгэсэн гэх өгүүлэмжтэй байгаа ч шүүх эмнэлгийн дүгнэлтээр вакцинаас бус тухайн хүний архаг өвчнөөс болсон гэсэн дүгнэлт гарсан. Харин вакцин хийлгээд нас барсан гэх тохиолдол бүртгэгдээгүй" гэдгийг хэллээ.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.04.14/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/338792957925255