Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

М.Тулгат: Цахим шилжилтээс хэрэглэгчдийг хамгаалж байна гээд технологийн дэвшлийг хааж болохгүй

ikon.mn
2021 оны 4 сарын 13
iKon.MN
 

Цар тахлаас үүдэж дэлхий нийтээр цахимд шилжих явц эрчтэй өрнөж байна. Монгол Улсын хувьд анх удаа улс төрийн сонгуулийн үйл ажиллагааг цахимаар явуулсан нь АН байв. Энэ сэдвээр АН-ын дарга М.Тулгаттай ярилцлаа. 

-Юуны өмнө АН-ын даргаар сонгогдсонд баяр хүргэе. Ажлаа юунаас эхэлж байна вэ. Мэдээж нам дотор эмхэлж цэгцлэх, шийдвэрлэх асуудлууд олон байгаа болов уу?

-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихсэн байгаа учраас АН энэ сонгуульд гол анхаарлаа тавьж ажиллана. Мэдээж намын үйл ажиллагаатай холбоотой хийх ажил зөндөө. Эмхэлж цэгцлэх, шинэчлэлийн шинжтэй төлөвлөгөө гаргаж ажиллаж эхлээд байна.

-Тантай болон намтай холбоотой асуудлыг дараа үргэлжлүүлэн ярих боломж олдох байх. Харин анхаарал татсан өөр нэг асуудал бол сая болж өнгөрсөн намын даргын цахим сонгууль. АН анх удаа цахимаар хурлаа хийгээд, даргаа сонгочихлоо. Монголд анхны цахим сонгуулийг зохион байгуулчихав уу даа?

-Цар тахлын нөхцөл байдал, хөл хорионоос шалтгаалаад АН цахим байдлаар сонгуулиа зохион байгуулах шаардлагатай тулгарсан. Төлөвлөгөө ч эрт гарчихсан байсан. Амжилттай ч боллоо. 

Цахим санал хураалт гэдэг бол ардчиллыг улам төгөлдөржүүлэх боломж юм байна. Хэнээс ч хараат бусаар, ямар нэгэн чирэгдэл байхгүйгээр, гэрээсээ саналаа өгч болж байна. Нам дотор янз бүрийн л асуудал байдаг. Жишээ нь, тухайн анхан шатны намын дарга нар “Тэр хүнд өгөөрэй, үүнд өгөөрэй. Тэр санал хураалтад битгий оролцоорой” гэх мэт асуудал гаргадаг. Сая манай дээр цахим санал хураалтад “Битгий оролцоорой” гэсэн хандлага ч гарсан. Гэсэн хэдий ч гишүүд маань саналаа өглөө. Уламжлалт хэлбэрээр сонгууль явуулбал Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд сонгуулийн хэсгийн хороо байгуулна. Хэсгийн хороонд хүмүүс ажиллана. Маш нүсэр ажил болдог. Санал худалдаж авах асуудал ч уламжлалт сонгууль дээр яригддаг тухай та бид сонсож байсан. Харин цахим сонгууль зардал маш бага, их цэвэр болдог юм байна. Түүнээс гадна манайх цахимаар Их хурлаа хийлээ. Дэд бүтцийн чанартай багахан асуудал гарсан ч нүсэр ажлын ард гарч чадлаа. 

Өмнө нь намын Их хурал болоход Улаанбаатарт Монгол Улсын өнцөг булан бүрээс 1000 гаруй хүн ирнэ гэдэг нүсэр ажил байлаа шүү дээ. Маш их үрэлгэн зардалтай. Улс төрийн зардлыг намын удирдлагууд, гишүүдийн татвар, хандив гээд арай чүү бүрдүүлдэг. Ийм зардалд хамаг санхүүгийн нөөц явчхаар улс төр өөрөө их зардалтай болоод, улс төрд заавал мөнгөтэй хүн байж таарах гээд байдаг. 

-Цахим сонгууль, цахимаар үйл ажиллагаа явуулах нь эдийн засгийн хэмнэлтээс гадна таныхаар өөр ямар боломжийг бий болгож байна вэ?

-Ерөөс улс төрийн зардал багасангуут цаашид эмэгтэйчүүд улстөрд орох боломж нээгдэнэ. Залуучууд, эрдэмтэн мэргэд, янз бүрийн нийгмийн төлөөллүүд улс төрд орж ирэх, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломж нээгдээд явна. Тийм учраас АН цахим нам болох зорилтыг тавьсан, нэлээд шуурхай ажиллах төлөвлөгөөтэй байна.

Цахим байдлаар улс төрийн үйл ажиллагаа явагдаад ирэхээр зардал буурахаас гадна илүү оновчтой, алдаа багатай болж байна. Гишүүдийн оролцоо илүү хялбар болох юм байна. Өмнө нь нэг хүн намын батлах тэвэрчихээд ямар ч оролцоогүй яваад байсан. Нам нь хоёр хуваагдчихаад байгаа юм шиг, ямар ч мэдээлэлгүй. Цахим шилжилт хийгдсэнээр гишүүдээ мэдээллээр хангах, гишүүдийн саналыг авах зэргээр маш хялбар болоод явчихаж байна.

Улс төрийн нам өөрөө технологи ашиглаж үйл ажиллагаагаа зардал багатай, ардчилалтай, илүү оновчтой болгосноор улс төрийн намын шинэчлэл хурдасна. Ингэснээр Монголын улс төр өөрөө эрүүл зөв бодлого руугаа явна. Цахим шилжилт бол Монголын нийгмийн асуудлыг шийдэх, улс төрийг эрүүл тунгалаг байлгахад маш том нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа.

 

-Цар тахлаас үүдэж хүссэн хүсээгүй биднийг цахим шилжилт рүү түлхэж байна. Манай хувийн хэвшлүүд ч цахим шилжилтэд манлайлан оролцож байгаа харагддаг. Төр засгийн манлайлал үүн дээр ямар байх ёстой юм бол? 

-Муу юм нөгөө талдаа боломжийг агуулдаг. Цар тахал эдийн засгийн маш их хохирол нийгэмд авчирсан ч үүнийг ашиглаад дараагийн ямар түвшинд хөгжиж болох вэ гэдэг дээр дэлхийн улс орнууд толгойгоо ажиллуулж байна. Түүний нэг нь яах аргагүй цахим шилжилт. Би танд нэг судалгаа үзүүлье. 

Зүүн Өмнөд Азийн орнууд цар тахлын үеэр цахим шилжилтэд хэрхэн шилжиж байгаа судалгаа энэ байна. (судалгаа харуулав). Боловсролын салбарт цахим үйлчлүүлэгчид 55 хувиар, санхүүгийн салбарт 44 хувь, хүнсний салбарт 47 хувиар өссөн байна. Бүх салбарын цахим үйлчилгээ өссөн харагдаж байгаа юм. Энэ бол маш том өөрчлөлт, шинэчлэлт. Үүнийг нь Засгийн газрууд нь дэмжиж явж байна. 

Жишээлбэл, Япон гэхэд цар тахлын үед аж ахуйн нэгж, байгууллагуудаа цахимаар ажлаа хийхийг дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Байгууллагууд цахимаар ажиллахад нэгд, мэдээллийн технологийн хүний нөөцийн дутагдал, хоёрт, хүмүүсийн цахим орчинд ажиллах чадварын асуудал үүссэн. Гуравт, тухайн компанийн цахим системийн дэд бүтэц. Үүнд нь төрөөс нь санхүүгийн дэмжлэг үзүүлж, цахим шилжилт рүү хурдтай орсоор байна. 

-Сонирхолтой судалгаа, жишээ байна...

-Түүнээс гадна цар тахлын үед дэлхийн улс орнууд хүргэлтийн үйлчилгээ, цахим худалдаа, цахим боловсрол зэрэг бүх зүйл эрчимтэй хөгжлөө. Манайх бол хавтгайгаар нь мөнгө тараагаад, тас хорьчихъё гэдэг бодлого яваад байгаа. Боломжийг ашиглах бодлого их дутагдаж байна. 

Би нэг зүйлийг ярих дуртай. Дэлхийд анхны “Өртөө улаа” буюу шуудангийн системийг бий болгосон үндэстэн манайх шүү дээ. Өнөөдөр 21 дүгээр зууны Монголд шуудан харилцааны үйлчилгээ ямар түвшинд байна вэ. Жишээ нь, та гэрийнхээ хаягаар захидал хүлээн авах боломжгүй. Уг нь шуудангийн үйлчилгээ хөгжсөн бол төрийн үйлчилгээг заавал нэг дүүрэг, хороо орж, оочер дараалал үүсгэхгүйгээр шуудангаар бичиг цаасаа авчхаж болно. Бидний амьдралд шуудан харилцаа нэвтэрчихсэн байх ёстой.

Манайд хувийн хэвшил, компаниуд манлайлан цахим юм хийх гээд байдаг. Ядаж л улсын бүртгэлээс эхлээд маш их зүйл нь төрийн зүгээс цэгцрээгүй болохоор цахим шилжилт хөгжихөд хэцүү болчихоод байна.

Ер нь төрөөс цахим шилжилтийг явуулахад цөөн хэдэн алхам л шаардлагатай. Нэгд, бодлогын зохицуулалт, хууль журам. Үүнийг тусад нь дэлгэрүүлж ярья. Хоёрт, суурь дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх. Цемент зуураад хөшөө барих биш интернэт орчинг бий болгох суурь дэд бүтэц дээр хөрөнгө оруулалт хиймээр байгаа юм. Гуравт, цахим эдийн засгийг дэмжих санхүүгийн дэмжлэг бодлогоор явагдаж байх ёстой. 

-Төр  засаг бодлогын зохицуулалтыг хийж өгөх ёстой гэдэг дээр санал нэг байна. Манайд цахим шилжилтийг дэмжсэн, тодорхой болгосон хууль эрх зүйн орчин маш бүрхэг байгаа?

-Сая танд үзүүлсэн Зүүн өмнөд Азийн цахим шилжилтийн судалгаан дээрээс харахад цахим санхүүгийн үйлчилгээ гэхэд 44 хувиар өссөн байсан шүү дээ. Манайд цахим байдлаар санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа компаниуд гарч ирж байна. Жишээ нь, Ард санхүүгийн нэгдэл, Lend.mn гэх мэт. Дэлхий нийтийн чиг хандлага энэ чиглэл рүү хөгжиж байна. Манай компаниуд хоцроогүй. Монгол залуус мундаг байна. Харамсалтай нь манай Цахим мөнгөний тухай хууль, Банкны тухай хууль зэрэг нь хөгжих гээд байгаа салбараа боомилоод, ерөөс хурдан нийцэж чадахгүй явна.

Жишээ нь, цахим мөнгөний данс руугаа 50 сая хүртэлх төгрөг хийхэд ямар ч асуудалгүй байршуулчихдаг. Цахим мөнгөө гар утаснаасаа шилжүүлэх гэхэд нэг удаад 1 сая төгрөгөөс дээш шилжүүлэг хийгдэхгүй. Яаралтай мөнгөө буцааж гаргах хэрэг болбол өдөрт 3 сая төгрөг л гаргах лимиттэй. Нэг өдөрт 3 саяар гаргана гэвэл бараг 17 өдөр болж байж мөнгөө авна. Шинэ гарч ирж байгаа санхүүгийн үйлчилгээ, цахим банкны үйлчилгээ үзүүлж байгаа компаниудынхаа үйл ажиллагааг дэмжих бус уламжлалт банкуудад давуу тал олгож, тэгш бус өрсөлдөөнийг бий болгож байгаа том жишээ энэ юм. 

-Цахим шилжилт, тэр дундаа цахим санхүүгийн шинэ төрлийн үйлчилгээнүүд нөгөө талдаа хэрэглэгчдийг хохироох эрсдэлтэй гэж эмээгээд байна уу даа?

-Дэлхий нийтэд криптовалют, токен гэж хөгжөөд байдаг. Миний үзэж байгаагаар энэ бол үнэт цаасны шинэ хэлбэр. Манай дээр ч криптовалютын төрлүүд койн гэх мэтээр эхлээд явж байна. Үүнд яаралтай зохицуулалт хэрэгтэй байна. Шинэ гарч ирж байгаа санал санаачилгыг дэмжих ёстой. Нөгөө талаасаа хэрэглэгчдийг хамгаалах нь зөв. Хамгаалж байна гээд айгаад, технологийн дэвшлийг хаагаад байж болохгүй. Маш хурдтай зохицуулалт, журмуудыг гаргах шаардлагатай.

Гэтэл СЗХ, Монголбанкны ерөнхийлөгчийн байр суурийг сонсохоор дандаа эсрэгээр нь яриад байна. Болгоомжлол байлгүй яах вэ. Нөгөө талаас төрийн байгууллага яаж дэмжих гээд байгаа нь харагдахгүй байна. Аман дээрээ цахим шилжилтийг хийнэ, цахим Монгол болно, мэдээллийн технологи дээрээ хамаг хүч анхаарлаа тавина гээд байдаг. Бодит байдал дээрээ хамаг хууль, журам нь боомилчихдог. Урагшаа явж өгдөггүй. Улстөрчид, сайд дарга нар нь өөр юм яриад, амьдрал дээр очоод тээг саад болоод байвал хэцүү. Цахим шилжилт рүү эрчтэй оръё гэж байгаа бол эрх баригчид, Засгийн газар үүн дээрээ анхаарах хэрэгтэй. Дунд болон доод шатан дээр, хөрсөн дээрээ гарч байгаа асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй.  

-Ярилцсанд баярлалаа. Танай намын шинэчлэл болон намын цахим шилжилтийн үйл ажиллагаанд амжилт хүсье.