Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Тэргэнцэртэй эмэгтэйчүүд цэцэг, ургамал тарихад суралцан цар тахлын үеийг даван туулж байна

A.Жаргал
2021 оны 4 сарын 10
iKon.MN
 

"Бид чадна эм эн нэгдэл” ТББ-ын төслийн удирдагч Б.Отгонтуяагаас “Цэцэг бүхэн анхилуун” төслийн талаарх зарим зүйлсийг тодрууллаа.

-Хаанаас санаачлан эхлүүлсэн, ямар зорилготой төсөл вэ?

Цар тахлын хүндрэлтэй үеийг эмэгтэйчүүд даван туулахад сэтгэл зүй болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн Азийн сан, Жендерийн Үндэсний Хорооноос зарласан  бичил төслийн уралдаанд “Бид чадна эм эн нэгдэл” ТББ-ын бичсэн тэргэнцэртэй болон тулгуур эрхтэний бэрхшээлтэй 20 охид, эмэгтэйчүүдэд тасалгааны цэцэг, таримал ургамал онлайн сургалтаар зааж сургах төсөл “Цэцэг бүхэн анхилуун” төсөл маань шалгарсан юм. Төслийн бүртгэл эхлэхэд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 40 орчим эмэгтэйчүүд бүртгүүлсэн. Гэвч бүртгэлийн дараа хөл хорио тогтоогдсон учир орон нутаг руу хөрс, цэцгийн үрсэлгээ явуулах боломжгүй болсон учир Улаанбаатар хотын 16-60 насны эмэгтэйчүүдийг оролцуулан 02/15-04/04-ний өдрийн хугацаанд сургалтаа явуулж дуусгалаа.

-Төсөл хэрхэн үргэлжилсэн талаар хуваалцаач?

Бид ямар ч байсан төслийн сургалтаа амжилттай дууслаа. Цэцэг тарих талаар анхан шатны мэдлэггүй шахам 20 охид бүсгүйчүүд маань мэдлэгтэй болж тарих тарихдаа ихэнх цэцэг ургамлуудаа үрээр тарьсан мөн төслийн зорилго дээрээ анх 8 төрлийн цэцэг ургамал тарина гэж  бичиж байснаас хамаагүй илүү 16 төрлийн цэцэг, ургамал гэр гэртээ тарилаа. Цэцэг ургамлыг үрээр тарьж сурвал бусад төрлөөр нь тарихад амархан чаддаг болно гэж үздэг юм билээ. Бид тасалгааны ургамал гэхэд яншуй, салатны  навч, гоньд, помидор, гааны навч, гүзээлзгэнэ, булцуугаар сонгино тарьж, тасалгааны болон мандалын цэцгүүд нэг хүн 9 төрлийн цэцэг, сорт нь бас өөр өөр байгаа тул  30-аад төрлийнхийг тарьж ургуулж байна. Тасалгааны ургамлууд маань ургаад бид заримаас нь хүнсэндээ хэрэглэж эхэлсэн.

Төслийн явц COVID-19-ийн хүндрэлтэй цаг үед яг тохиож таарсан учир эмэгтэйчүүд маань цахим хэт хэрэглээнээс хол байж өглөө бүр мэрийж тарьсан ургамлуудаа харан санаа тавьж, мэдэхгүй анхаарууштай зүйл гарвал нэгнээсээ эсвэл багшаасаа асууж сураглан, өнгө нь тодроод ургалт нь нэмэгдсэн байвал түүнийгээ харж баясан, гэрээ цэцэг ургамлаар дүүргэн хэцүү стресстэй  байж болох байсан цаг үеийг хамаагүй сайхан энергитэйгээр даван туулж явна.

Төсөл маань 3 сар үргэлжлэх ба одоо үйл ажиллагааныхаа 2/3-ийг амжуулаад байна.  5-6 сарын хооронд цэцгүүд маань цэцэглэж эхлэнэ гэж заасан болохоор бид нар ойролцоогоор 6 сараас хойш байгууллагуудын үдийн цайнаар очиж цэцгийн худалдаа хийж үзнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Хэрэв бид чадаад урам ороод явбал цаашдаа цэцгүүдээ төрлөөр нь хувааж авч тарьж ч мэдэх юм.  Бизнес эмэгтэйчүүдийн туршлага мэдлэгээс нь хуваалцуулах онлайн сургалтууд ч орсон ба Хонхон цэцэг-Цэцгийн онлайн дэлгүүр фэйсбүүк  хуудас, инстаграмм хаягууд нээлээ.

"Цэцэг бүхэн анхилуун" төслийн оролцогч Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны иргэн Ч.Удвал:

 

Би өрхийн аж ахуй олон жил эрхэлж яваа ба хашаандаа зуны хүлэмжиндээ нарийн ногоонуудыг нилээд тарьж ургуулдаг үүндээ ч би их дуртай хүн байгаа юм. Гэхдээ тасалгааны цэцэг, таримал ургамал ерөөсөө тарьж үзээгүй байсан ба энэ төслийг зарлагдахаар сонирхоод орж үзсэн юм. Төслийн сургалтаар сурая гэж анх бодож байсан зүйлүүдээ бүгдийг нь сурч аваад одоо гэр дүүрэн л цэцэг, таримал ургамалтай сууж байна.

Цаашид хашаандаа сайхан цэцгийн мандалтай болохоор үрсэлгээнүүдээ хийчихсэн ба мандлаа байгуулахаар бэлтгэл ажлаа хийж байгаа. Ковидын энэ хүнд цаг үеийг анзаарах ч зав чөлөөгүй  өглөө бүр сайхан цэцэг ногоогоо хараад баяр хөөр, эрч хүчийг аван өнгөрөөж байна.

"Цэцэг бүхэн анхилуун" төслийн оролцогч Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны иргэн Д.Дашдолгор:

 

Би өмнө нь цэцэг ногоо огт тарьж байгаагүй. Цэцэг ногоо тарих ажлыг зөвхөн усаар услаад л ургуулдаг гэсэн ойлголттой байлаа. Харин энэхүү төсөлд хамрагдасанаар хөрсөө яаж бэлдэхээс авахуулаад үрийн сонголт, соёололт гэж юу вэ, шилжүүлэн суулгалт, усалгаа, мөн төрөл бүрийн бордоог хэрхэн хэрэглэх, хорхой шавьжнаас хамгаалах гэх мэт цэцэг ногоог тарих анхан болон ахисан шатны мэдлэг олж авсандаа туйлын баяртай байна.

Уг төсөлд орсноор гэрийн нөхцөлд нарийн ногоог тухайлбал тасалгааны помидор, салат навч, яншуй гэх мэтчилэн тарьж ургуулаад өөрсдөө хэрэглэхээс гадна хэрэглээнээсээ илүү гарснаа худалдан борлуулж өрхийн санхүүдээ бага ч болов нэмэр оруулах боломжтой боллоо гэж харж баяртай байгаа. Мөн өөрийнхөө гэрийн нөхцөлд таарсан цэцгүүдийг ч тарьж ургуулж байна. 

Дөнгөж нахиалаад байгаа ургамал, цэцгүүд

 
 
 
 

Гэрийн нөхцөлд ч амжилттай ургуулж чадсан

 

Тусгай бүлэг нээж хичээлээ оруулсан ба Зүүмээр уулзацгааж байгаа нь

 

Нас насны эмэгтэйчүүд оролцлоо

 

Илүү мэдээлэл авахыг хүсвэл Хонхон цэцэг-Цэцгийн онлайн дэлгүүр фэйсбүүк хаягт зочлоорой.