Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцины хоёр тунд хамрагдсан иргэдэд үйлчилгээний байгууллагуудын ҮҮД ХААЛГЫГ НЭЭЕ!

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд вакцины эхний тунгаа хийлгэсэн хүний тоо 466,946 болсон нь дархлаажуулахаар төлөвлөсөн зорилтот бүлгийн хүн амын 22.5 хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн хувийн хэвшил буюу Интермед эмнэлэгт Спутник V вакцин хийлгэсэн иргэд хоёр дахь тунгаа хийлгэж эхлээд байгаа. 

Улсаас хийж байгаа АстраЗенека болон Синофарм үйлдвэрийн вакцинуудын хувьд энэ сарын 15-наас хоёр дахь тунг хийж эхлэхээр байгааг ЭМЯ-наас мэдээлсэн.

Вакцины хоёр тунд хамрагдаж, бүрэн дархлаатай болсон иргэдэд бизнесүүд үүд хаалгаа нээе!

Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн эсэх мэдээллийг иргэд шаардлагатай үед нь Е-mongolia системээс ашиглах боломжтой. Ийм нөхцөлд технологийн шийдэл ашиглан вакциндаа хамрагдсан иргэддээ үйлчилгээ авах эрхийг нь нээмээр байна.

Тухайлбал, вакцинд бүрэн хамрагдсан иргэдэд E-Mongolia системээс QR код олгох байдлаар зоогийн газар, гоо сайхан, үсчин, фитнесс заал, кинотеатр гэх мэт газруудаар чөлөөтэй үйлчлүүлэх давуу тал олгох боломжтой. 

Үйл ажиллагаа нь хязгаарлагдаад буй үйлчилгээний байгууллагууд иргэдийн вакцинд хамрагдсаныг нотлох QR кодыг уншуулан үйлчилгээ үзүүлээд эхэлбэл жинхэнэ утгаараа эдийн засаг аврагдах бус уу. 

Е-mongolia систем дээр коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн эсэх мэдээллийг олгож байгаа одоогийн нөхцөлд үүн дээрээ нэмээд иргэн тус бүрд вакцины пасспорт буюу QR код үүсгээд, бизнес эрхлэгчдэд түүнийг нь уншуулах аппликэшн байхад хангалттай. Иргэд худалгаа үйлчилгээний байгууллагаар ороход EBarimt  аппликэшнээ ашиглан QR код уншуулдагтай адил гэсэн үг. 

Засгийн газраас 10 их наяд төгрөгийг хөтөлбөрийг хэрэгжүүлэн, бизнес эрхлэгчдэд ажлын байр нэмэгдүүлэх зээл олгож байгаа. Түүнчлэн цар тахлын "Улбар шар" түвшинд хүрсэнтэй холбоотойгоор үйлчилгээний газруудыг тодорхой хязгаарлалттайгаар ажиллуулж буй. Гэвч өнөөдрийн нөхцөлд хагас дутуу ажиллаж байгаа үйлчилгээний газрууд ажлын байр хадгалах гэж алдагдал хүлээх нь их байгааг бизнес эрхлэгчид ярьж байна.

УОК, НОК-оос зарим хязгаарлалтын талаар мэдээллийг цацахдаа эргэлзээтэй байдал үүсгэсэн гэдгийг зоогийн газар ажиллуулдаг иргэн хэлж байв. Тэрбээр "Зөрүүтэй мэдээллүүд гарч байна "зоогийн газрууд 50 хувийн дүүргэлттэй ажиллаж болно, зөвхөн хүргэлтээр ажиллана" гэх нэг зөрүүтэй мэдээллээс болоод хэрхэн ажиллахаа мэдэхгүй хоёр хонож байгаа. Заалаар үйлчилгээ үзүүлэхгүй бол хаагаад түрээсээ хөнгөвчлөх тал дээр зөвлөлдмөөр байгаа. Зөвхөн хүргэлтээр ажиллах бол ажилчдынхаа тодорхой хувийг амраах гэх мэт зохицуулалт хийнэ. Ер нь бол халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад үйл ажиллагаагаа явуулмаар байна" хэмээн хэлж байв.

Энэ нөхцөлд вакциндаа хамрагдсан иргэд бүх үйлчилгээг нээлттэй авах боломжийг зохицуулалтаар хангавал бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болмоор.

Хоёр тун вакцинаа хийлгэсэн иргэд дотооддоо чөлөөтэй зорчиж болох уу?

Иргэдийн бухимдлыг хамгийн их дагуулж буй дараагийн асуудал бол хот хөдөөгийн хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалт болоод буй. Шинжилгээ өгөхөөр цаг авч буй иргэдийн 80 гаруй хувь нь орон нутагт зорчих зорилгоор шинжилгээ өгч байгаа талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл вакцины хоёр тунд хамрагдаж, бүрэн дархлаатай болсон иргэдэд хот хооронд чөлөөтэй зорчих эрх олговол шинжилгээний цэгийн ачаалал 80 хувиар буурна. Цаашлаад ойрын болон дам хавьтал болсон хүмүүсээс түргэн шуурхай шинжилгээ авах боломж нээх гарц байгааг энэ тоо харуулж байна.

Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд ямар нэгэн давуу тал олгох талаар зохицуулалт хийгдэж байгаа эсэхийг албаныхнаас тодруулахад "Энэ асуудлыг ярьж байгаа" гэх мэдээллийг өгсөн юм.