Засгийн газрын хуралдаанаар хөл хорио тогтоохгүй, харин зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон. Энэ хүрээнд Засгийн газрын 78 дугаар тогтоол болон 21 дүгээр хуралдааны тэмдэглэл, УОК-ын нэгдүгээр тогтоол, УОК-ын даргын 18, 20, 21 дүгээр тушаалыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.
Тодруулбал, хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэл хугацаагаар тогтоов. Мөн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад иргэдийг хамруулах ажлын төлөвлөгөө, хуваарийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагын шийдвэртэй уялдуулан гаргаж, хэрэгжилтийг хангах, нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллахаар боллоо.
Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Халдварын эсрэг хамтдаа” уриан дор нөлөөллийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, объектод тавих хяналт шалгалтыг батлагдсан удирдамж, шийдвэрийн дагуу шуурхай зохион байгуулж, халдварын тархалтыг бууруулах арга хэмжээ авахыг холбогдох байгууллагын урирдлагад үүрэг болгов.
Улсын Онцгой комиссын даргын 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийж, хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох дарга нарт үүрэг болгов. Мөн халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг 30 хүртэл хувиар ажиллуулах, бусад албан хаагчдыг цахимаар, 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, эхийг гэрээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг төрийн байгууллага, хуулийн этгээдийн удирдлагуудад зөвлөж байна.
2021 оны дөрөвдүгээр сарын 3-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл үйл ажиллагааг нь хязгаарлах салбаруудыг танилцуулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс