Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болд: Монгол Улс эрдсийг биш эрдмийг экспортлох анхны тэнхимийг нээж байгаад баяртай байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ШУТИС-д уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын судалгааны төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.

Ийнхүү гэрээ байгуулснаар геотехникийн инженерийн тоог нэмэгдүүлж, чадамжийг дээшлүүлэх, төгсөгчид ажлын байраар хангагдах, дэлхийн түвшний уул уурхайн компанид ажиллах нөхцөл бүрдэхээс гадна уг мэргэжлээр Азийн бусад орноос оюутан элсүүлэн суралцуулах боломжтой болж байгаа юм.

"Рио Тинто Монгол", “Оюу толгой” ХХК ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтарч “Уул уурхайн геотехникийн мэргэжилтний чадамжийг дээшлүүлэх төсөл”-ийг 2019-2025 онд хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Харин өнөөдөр уг төсөл их сургууль аж үйлдвэрийн хамтарсан томоохон хэмжээний төсөл болж байгаагаараа онцлогтой.

“Рио Тинто Монгол”, “Оюутолгой” ХХК төсөлд нийт 2.75 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна.

ШУТИС-ийн Уул уурхайн геотехникийн инженерээр төгсөгчид "Оюу толгой" ХХК болон "Рио Тинто" компанийн үйл ажиллагаагаа явуулдаг 35 улс дахь гүний уурхайд ажиллах боломж бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар 25 оюутан тус мэргэжлээр суралцаж байна.

Энэ үеэр нээлтэд оролцогчид дараах байр суурийг илэрхийлсэн юм. 

"Эндээс төгссөн хүүхдүүд Монгол Улсын уул уурхайн том төслүүд дээр гадаадын инженерүүдийн цалингаар ажиллах боломж бүрдэх нь"

 
Гэрэл зургийг MPA.mn

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Судалгаагаар Оюутолгойд ажиллаж байгаа гадаадын инженерийг монгол инженерүүдтэй харьцуулахад 3 дахин бага цалинтай байна. Уул уурхайн бусад гол төсөл дээр мөн ийм байна. тэгвэл энэхүү төсөл нь уг зөрүүг нөхөх том хөрөнгө оруулалт. Маш сайн хөтөлбөр, багш, судалгааны лабораторитой болж байна. Хөрөнгө оруулалтын 2.75 сая долларын нэг сая долларыг нь геотехникийн том лаборатори бий болгоход зориулж байгаа юм байна. Энэ лаборатори зөвхөн ШУТИС-ийн биш, Монгол Улсын уул уурхайн бусад салбарт хэрэглэгдэх том лаборатори болох нь. Эндээс төгссөн хүүхдүүд Монгол Улсын уул уурхайн том төслүүд дээр гадаадын инженерүүдийн цалингаар ажиллах боломж бүрдэх нь. "Рио Тинто"-ийн дэлхий дээрх томоохон төслүүд дээр ажиллах боломж мөн нээгдэх нь. Энэ залуус ирээдүйд Монгол Улсад метро барихад хэрэг болно. Мэдлэг чадвар нь хэрэг болно.  

"Зэс ирээдүйд чухал ач холбогдолтой бөгөөд Монгол Улс тэргүүлэх байр суурь эзлэх боломж байна"

 
Гэрэл зургийг MPA.mn

“Рио Тинто” группийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд: Бид дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани. Тэгвэл үүний 80-90 хувь нь Австралийн төмрийн хүдэр. Гэвч зэс бол яалт ч үгүй ирээдүйн эрдэс баялаг. 

Дэлхий дээр жилд 100 сая машин борлогддог. Түүний 5 сая нь цахилгаан машин. 10-15 жилийн дараа нийт машины 30 хувь буюу 30 сая машин цахилгаан болох нь. Нэг цахилгаан машинд 92 кг илүү зэс орж байгаа. Зэс ирээдүйд чухал ач холбогдолтой бөгөөд Монгол Улс тэргүүлэх байр суурь эзлэх боломж байна.

Дэлхий дээр жилд 22 сая тонн зэс олобрлож байгаа. Үүний 5 сая тонныг Чили, 2.5 сая тонныг Перу улс олборлож байгаагаар тэргүүлдэг. Монгол Улс зэсийн үйлдвэрлэлээ жилд 700 мянга, нэг сая тоннд хүргэх нөөцтэй. Энэ алтан боломжийг угтаж гүний уурхайг ашиглалтад оруулах хэрэгтэй байгаа юм.

Эрдсийг биш эрдмийг экспортлох анхны танхимыг нээж байгаадаа баяртай байна. 

"ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийг хөгжүүлж, олон улсын түвшинд хүргэхэд чухал алхам болж байна"

 

ШУТИС-ийн ректор Б.Очирбат: ШУТИС өнгөрсөн 60 жилийн түүхэнд Уул уурхайн геотехникч бэлдэж байгаагүй. Өнгөрсөн хугацаанд бэлдсэн мэргэжилтнүүд Монгол Улсын уул уурхайн салбарын уурхайнуудад шийдвэрлэх үүргээр ажиллаж байгаа. Голдуу ил уурхайн ашиглалтын инженерийн үүргийг гүйцэтгэж байгаа. Далд уурхайд хэрэглэгдэх шинэ техникүүдийг ээмшсэн инженерүүдийг бэлдэх нь чухал байгаа. Иймээс ШУТИС-ийн энэхүү шинэ хөтөлбөрийг гадаадын тэргүүлэх олон их сургуулиудын хөтөлбөрүүдтэй харьцуулан судлах замаар шинээр боловсруулсан. Урьдчилсан байдлаар магадлан итгэмжлэлийг авсан байгаа. Тиймээс ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийг хөгжүүлж, олон улсын түвшинд хүргэхэд чухал алхам болж байна.

 
Гэрэл зургийг MPA.mn