Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн: Миний мэргэшсэн ажил байсан ч бохир улс төрийн бай болохыг хүссэнгүй, өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн дөө

Р.Хишигжаргал, Өдрийн сонин
2021 оны 4 сарын 1
Өдрийн сонин
 
Эх сурвалж: Өдрийн сонин (dnn.mn)

Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр нэлээд олны анхаарлыг татсан нэг сэдэв бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөнгийн албан томилгооны асуудал байлаа. Тэрбээр ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад саяхан өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ. Энэ талаар Б.Энхмөрөнтэй ярилцлаа.

-Таныг “Монголд ирэхээсээ өмнө австри улсад ажиллаж байсан” гэж сонслоо. Тэнд ямар ажил хийж байсан бэ?

-Австри улсын Вена хотноо би Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Стратеги, бодлого төлөвлөлтийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан.

Эх орондоо ирээд нэг жил гаруй болж байна. Дэлхий дахинд цар тахлын аюул нүүрлэсэн учраас бүх л улс хилийн чандад буй иргэдээ татаж, өөрийн улс оронд ажиллаж, амьдарч байгаа гадаадынхныг эх орон руу нь буцаах бодлого хэрэгжүүлж эхэлсэн шүү дээ. Одоо ч мөн адил. Миний хувьд ч гэсэн ийм учир шалтгааны улмаас Монголдоо ирсэн.

-Австрид хэдэн жил болсон бэ?

-Нэг жил гаруй ажилласан. Хүмүүс надаас “Агуу хөгжмийн зохиолч Моцартын эх орныг яагаад зорих болсон юм бэ” гэж их асуудаг. Их сургуулийн хуулийн ангийн оюутан байхдаа би “Олон улсын нэр хүндтэй байгууллагад мэдлэг, чадвараараа тэнцэж өөрийгөө сорихсон. Эх орныхоо нэрийг гаргаж, ээж, ааваа баярлуулахсан” гэж боддог байлаа.

Тийм бадрангуй мөрөөдөлтэй байсан учраас их сургуулиа ч төгсөөгүй мөртлөө нэрийг нь сонсоод сүрдмээр том байгууллагууд руу намтар, аппликейшнээ илгээдэг байсан. Зөвхөн ЕАБХАБ гэлтгүй “Энэ чиглэлээр карьер хөөвөл зүгээр болов уу” гэж бодсон маш олон компани, олон улсын байгууллагыг судалж, материалаа явуулж байв.

-ЕАБХАБ-ыг “аюулгүй байдалд төвлөрсөн олон улсын Засгийн газар хоорондын хамгийн том байгууллага” гэж тодорхойлсон байдаг юм билээ. ийм байгууллагад тэнцэж, ажилд орох амаргүй байх. Шалгуур нь хэр хатуу байв?

-Мэдээж хэрэг, шалгуур өндөр. Ер нь олон улсын байгууллагууд маш хатуу, хоёр дахь боломжгүй шалгуур тавьдаг. Учир нь энэ бүхний цаана нэг улсын биш, олон улсын байгууллага гэсэн статус бий.

Үнэнийг хэлэхэд, ЕАБХАБ намайг ажилд авалгүй хоёр жил болсон. Жил бүр л ажлын байрны шинэ зар түгээдэг. Тэр тоолонд “Би танай байгууллагад ажиллах сонирхолтой. Миний хувьд, их сургуулиа ийм мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн, тийм чиглэлээр магистр хамгаалсан” гэж хүсэлт илгээдэг ч хариу огт ирдэггүй байсан.

Дээр хэлсэнчлэн нөгөө олон байгууллага руу ч гэсэн намтар, аппликейшнээ илгээгээд л байлаа. Ингэж цөхрөлтгүй зүтгэсний минь үр дүн гарч, анх хүсэлт илгээснээс хойш гурав дахь жилд нь ЕАБХАБ-аас “Таныг ажилд авъя” гэдэг хариу ирсэн. Тэр бол миний амьдралын хамгийн гоё мөчүүдийн нэг байсан.

-Монголчууд “Хамаатныхаа хүүхдийг тийм байгууллагад арын хаалгаар ажилд орууллаа. Танил талаараа дамжуулаад арын хаалгадчихлаа” гэж ярьдаг шүү дээ. Олон улсын байгууллагад арын хаалгаар орж болдог уу?

-Шуудхан хариулахад, ямар ч боломжгүй. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллагад Монголоос нөлөөлөөд хэн нэгнийг ажилд оруулна гэдэг шиг худлаа зүйл байхгүй.

-Сүүлийн өдрүүдэд та хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөд эчнээ танил боллоо. Ингэхэд Б.Энхмөрөн гэж яг хэн юм бэ?

-Би анх “Эрэл” дунд сургуульд сурч байсан. Оросын хөрөнгө оруулалттай дунд сургууль байсан шүү дээ. Бэлтгэлээсээ долдугаар анги хүртлээ орос “школа”-аар суралцаж, дараа нь америк дунд сургууль Монголд нээгдэхэд англи хэл сурах хүсэлдээ хөтлөгдөж шилжин суралцсан. Гэхдээ зөвхөн сургалтын түвшинд биш, хоббигоороо англи хэлийг маш сайн сурсан гэж ойлгож болно. Ингээд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Сант” сургуульд суралцаж төгсөөд 2010 онд Бээжингийн Газрын тосны их сургуульд суралцах тэтгэлэгт тэнцээд Хятад улсыг зорьсон. Гэхдээ газрын тосны мэргэжлээр биш, энэ их сургуульд бизнесийн чиглэлээр хоёр жил суралцаж хятад хэл эзэмшсэн. Бээжинд байхад “Англид хуулийн чиглэлээр суралцахсан” гэдэг бодол маш хүчтэй төрж байсан. Тэгэхэд би дөнгөж л хорь гаруйхан настай байлаа. Дэлхийд анх хууль гэдэг зүйл бий болсон улс бол Англи. Тиймээс би Англи орныг зорьж, Лондон хотын их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан.

-Хятад хэдийгээр коммунист улс ч залуусаа өндөр хөгжилтэй орнуудад сургаж байна. Бээжингийн залуус монгол залуусаас юугаараа ялгаатай вэ?

-Асар их ялгаа бий. Бээжинд өглөөний 06 цагт цайны газар онгойгоо ч үгүй байхад хятад оюутнууд гадаа гарчихсан англи хэлээ давтаж байдаг. Чихэвч зүүж, чанга чанга ярьцгаагаад л хичээлээ давтдаг байсан. Тухайн үед “Тэд хичээлээ өрөөндөө яагаад давтахгүй, гадаа гарцгаадаг юм бол” гэж их гайхдаг байлаа. Одоо бодоход, тэд маш хичээнгүй, тууштай, мундаг байсан санагддаг. Үнэхээр чин сэтгэлээсээ суралцаж, боловсоръё гэсэн оюутнууд байсан. Бээжинд би анх хятад хэл “А” ч үгүй очиж байв. Өмнө нь аяллаар очиж байсан л даа. Гэхдээ их сургуульд суралцахаар онгоцны буудал дээр буухад “Юу вэ” гэж гайхмаар зүйлс цөөнгүй байсан. Харин дасаад ирэхээр нийгэм нь ард иргэдэд аюулгүй, хятад хүмүүс аливаад сэтгэлээрээ, тусч зантай, жижиг сажиг зүйл дээр муу санаа гаргаад байдаггүй санагдсан.

-Хятад хэлийг хэр эзэмшив?

-Хятад хэлийг хэрэглээний түвшинд хангалттай эзэмшсэн. Аливаа зүйлийг харах, дүгнэх бодол, өнцөг огт өөр болсон. “Хүн харагдаж байгаа шигээ байдаггүй” гэдэгчлэн улс орон болгон өөрийн гэсэн онцлогтой. Өөр өөрсдийн гэсэн сайхан зүйлс, гоо үзэсгэлэнтэй, нийгэм нь дотоод соёлтой, тэр болгоныг нь харж, мэдэрч, ойлгож амьдарвал улс үндэстэн бүр маш гоё.

-Бээжингээс Лондонг зорьсон нь хэдэн он билээ?

-Лондон руу 2013 оны сүүлчээр явсан. Лондон хотод очсон минь миний амьдралд нэн шинэ ертөнцийг нээсэн. Английн нийгэм өөрөө англи хүнийг бүтээдэг юм билээ. Хэн ч хэнийг хаанаас ч шахаж шаардахгүй. “Чи ийм бай, тийм бай” гэдэг нийгмийн шахалт байхгүй. Тэнд ижил хүйстэн, баян, ядуу, хөдөөгийнх, хотынх байна уу, ялгаагүй хүн бүр хүссэнээрээ байж болно. Гэхдээ “Энд амьдармаар байвал соёлтой, хүндлэлтэй, хүн чанартай байна шүү” гэдэг нийгмийн тогтолцоотой нь надад маш гоё санагдсан.

-Тэнд очоод таныг хамгийн их гайхшруулсан зүйл чухам юу байв?

-Нийгмийн чанар нь. Энд би юуг хэлэх гээд байна вэ гэвэл, гудамж цэвэрлэж байгаа хүнээс эхлээд нийгмийн бүхий л давхаргынхан нь ажлаа маш чанартай хийцгээдэг. Нэг нэгнийхээ ажилд оролцдоггүй, бие биенээ муулдаггүй, дургүй зүйл байсан ч “өөрт нь хамаагүй” гээд дуугүй өнгөрчихдөг. Зүгээр л өмнөх ажлаа өндөр бүтээмжтэй, чанартай хийдэг нь надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Тийм байхгүй бол Англид амьдарч чадахгүй. Ийм нийгмийг цогцлоон бүтээсэн нь “Ямар гоё юм бэ. Ийм улсын иргэн байх сайхан байдаг байх даа” гэдэг атаархлыг надад төрүүлсэн. Гэхдээ Англид байхад “Монгол Улсаа ийм л болгохсон” гэдэг хүсэл эрмэлзлээр жигүүрлэж, хор шар их хөдөлсөн. Энэ тухай бодол оюун санаанд минь их хүнд, гүнзгий туссан.

-Лондон хотын их сургуульд та 100 хувийн тэтгэлэгтэй суралцсан уу. Тэтгэлэгт чухам яаж хамрагдсан бэ?

-Тавин хувийн тэтгэлэгтэй суралцсан. Барууны орнуудын боловсролын тогтолцоо нь чадаж байгаа хүмүүст бодит дэмжлэг үзүүлдгээрээ онцлогтой. “Чи чадах юм байна. Гэхдээ мөнгөгүй бол уучлаарай” гэж хэзээ ч хэлдэггүй. “Энэ хүн потенциалтай юм байна. Бид түүнд улам сайн боловсрол олговол нийгэмд хэрэгтэй, чадалтай боловсон хүчин болно” гээд тухайн их сургуулиас тодорхой хэмжээний тэтгэлэг өгдөг. Уг нь би Лондон хотын их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар зүтгэсэн юм. Нэг зүйл рүү зүтгэхээрээ ард нь гарах гээд улайрчихдаг л даа (инээв). Тийм болохоороо 50 хувийн тэтгэлэг авсандаа сэтгэл дундуур байсан. Гэхдээ Англид очоод үзэж харж, ухаарч ойлгосон зүйл маань юутай ч зүйрлэшгүй үнэ цэнэтэй. Тийм учраас өөрөө өөртөө баярлаж явдаг.

-Дунд сургуулиа төгсөөд Бээжинг анх зорьсноосоо хойш ээж, аав, эх орноосоо алс хол хэдэн жил болсон бэ?

-Арваннайман настайдаа анх оюутан болж байсан. Тэр цагаас хойш гадаадад сурч, ажиллаад 2020 оны хавар Монголдоо ирсэн гэхээр арваад жил болжээ.

-Барууны оронд та өндөр боловсрол эзэмшжээ. Тэр нийгэм таныг хэр өөрчилсөн бэ. Үзэл бодлын тухайд?

-Тэнд хэн байх нь ямар ч хамаагүй. Бүх хүн “өдрийн найз” байдаг. Манайд бол муухай сонсогдох байх л даа. Харин Англид хүн болгонтой нөхөрсөг байж чадах ёстой. Энэ бол зайлшгүй. Гэлээ гээд хүн бүртэй зам нийлнэ гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл, хэдэн сая хүнтэй маш том гүрэн шүү дээ. Тиймээс хүн болгон ажил, амьдралаараа нэг нэгнээсээ хамааралтай, хоорондоо хэлхэлдээд явах албагүй бөгөөд боломжгүй. Гэхдээ гудамжинд зөрсөн хүмүүстэй зөв, сайхан харьцах ёстой. Англичуудын хувьд, өөрийг нь хөгжүүлэхээр зүйлс хаана байна вэ гэж маш их сонирхож, судалж, эрэл хайгуул болдог. Ер нь “Чи чадаж байна уу, чадахгүй байна уу” гэдэг нь Английн нийгэмд ямар орон зай эзлэхийг нь тодорхойлдог.

-Хошигнож хэлэхэд, Б.Энхмөрөнгийн ээж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байх нь тэр нийгмийн хувьд бүр падгүй, “Чи өөрөө чадах уу, үгүй юү” л биз дээ?

-Ерөөсөө л яг тийм. Манайханд нэг тийм ойлголт байдаг шиг байгаа юм. Улстөрч, эрх мэдэлтэн гэхээрээ л хаана ч хэнд ч нөлөөлчихдөг юм шиг. Бүхнийг утсаар яриад шийдчихдэг мэт ярьцгаах. Гэтэл Монгол Улсын хилийг давлаа гэхэд хэн ч тэднийг танихгүй. Тэдний хэн байх нь тухайн улсад ер хамаагүй. Төрийн өндөр хэмжээний айлчлалаар ч юм уу очоогүй л бол хэн ч тэднийг танихгүй, сонирхохгүй. Тур тусмаа Б.Энхмөрөнгийн ээж УИХ-ын гишүүн байна уу, энгийн нэгэн байна уу, тэд мэдэх ч үгүй. Мэдлээ гэхэд хэнд ч падгүй. Бүх зүйл хууль номоороо л явна.

-Үе тэнгийн англи залуус хэр өөр санагдаж байсан бэ?

-Шулуухан хэлэхэд мэдлэг чадвар, боловсрол гэхээсээ илүүтэй сэтгэлгээ, харилцаа, нийгэмд биеэ авч явах нь том соёл гэж үздэг. Нийгэмд биеэ авч явах соёл гэдэгт юунд ач холбогдол өгөх, өгөхгүй байх вэ гэдэг орно. Харин соёл гэхээр, хаана биеэ яаж авч явах вэ, юуг ойлгож, яаж харах вэ гэдгээ хэрхэн ялгаж салгах вэ зэрэг нь хамаарах болов уу.

-Хуультай, тэгш эрхтэй хүний нийгэмд та бид амьдарч байна. “Ноёны хүүхэд ноён байх ёстой юу” гэх шүүмжлэл бий. Кастын систем нь мерит зарчмаа “дарангуйлаад” байхаар хүмүүс бухимдаад байна л даа. Та энэ тухайд юу гэж боддог вэ?

-Үнэнийг хэлэхэд, би энэ тал дээр эсрэг байр суурьтай байдаг. Даргын хүүхэд байна уу, жирийн ардын хүүхэд байна уу, тэр хүн чаддаг юмаа хийх ёстой. Үнэхээр сайн чадаж байгаа бол түүнийг нь хийлгэдэг байх хэрэгтэй. Харамсалтай нь манай улсад “Даргын хүүхэд юм чинь чадахгүй байсан ч хийлгээд бай. Халж болохгүй” гэдэг нэг тийм сонин хандлага байх юм. Надад тийм хандлага таалагддаггүй. Гэхдээ даргын хүүхэд байх нь тэр хүний хувьд ял байх ёсгүй. Учир нь хүн эх орон, аав, ээжээ сонгож, захиалж төрдөггүй шүү дээ. Тийм учраас хэний ч хүүхэд байх нь хамаагүй. Тэр хүн юу хийж чадаж байна вэ, түүнийг нь хийлгэж, хөдөлмөрийг нь шударгаар үнэлж чаддаг байх нь л энэ нийгмийн гол үнэ цэнэ болов уу.

-Хэдэн дүүтэй билээ?

- Нэг дүүтэй.

-Хэр эрх вэ?

-Эмээ, өвөөдөө л амьд сэрүүн байхад нь амжиж эрхэлсэн дээ. Үнэнийг хэлэхэд, манай аав, ээж хоёр их чанга, хатуу хүмүүс. Гомдож хэлж байгаа юм биш шүү. Аав, ээжийн маань өөрсдөдөө болон хүүхдүүддээ тавьдаг стандарт шаардлага нь асар өндөр. Тэр шаардлагадаа өөрсдөө тэнцэж, надад үлгэр дуурайлал үзүүлдэг болохоор би гоморхдоггүй. Намайг 9-10 настай байхад аав, ээж хоёр өглөө гараад орой ирцгээдэг байсан. Миний хувьд, өглөөний цай бэлэн байж үзээгүй. Тиймээс багаасаа л өөрийгөө болгож, аав, ээжийгээ орой ирэхэд нь хоол ундаа хийгээд гэрээ цэвэрлээд байж байдаг байлаа. Багаасаа бие даан сурч, хөдөлмөрлөсөн учраас “Тэр надад тусалчих болов уу” гэж хэн нэгний гар харж сураагүй. Тийм ойлголт надад байхгүй. Хүнд хэцүү зүйл тохиолдвол “санааг нь зовоочихно” гээд хэлдэггүй байсан.

-Лондонд бакалавр, магистр гээд хэдэн жил суралцсан бэ?

-Зургаан жил суралцсан. Бакалавраа Лондон хотын их сургуульд хууль, эрх зүй, магистраа Лондонгийн их сургуульд улс төрийн онол, хууль, эрх зүйн чиглэлээр хамгаалсан. Лондонгийн их сургууль бол дэлхийд долдугаарт бичигддэг нэр хүндтэй, Английн анхны их сургуулиудын нэг юм. Оксфорд, Кембрижийн их сургуультай эн зэрэгцэхүйц, дэлхийн шилдэг 10 их сургуулийн нэгийг магистрын зэрэгтэй төгссөндөө би бахархдаг.

-Монголд төрийн албанд анх удаа ажилласан гэж ойлгож болох уу?

-Би Лондонгийн их сургуулийг магистрын зэрэгтэй төгсөөд 2018-2019 онд ГХЯ-д ажиллаж байсан. Тэгээд Австри руу ЕАБХАБ-д ажиллахаар явсан. ГХЯ-д анх дадлагажигчаар ажилд ороод сайдын туслах хүртэл ажилласан. Нэг ёсондоо, Монголд төрийн албанд ажиллаж байсан бага ч гэсэн туршлагатай болсон гэж боддог.

-Таныг “ЕАБХАБ-д ээжээрээ гуйлгаж ажилд орсон ч шантраад буцаж ирсэн” гэсэн жиргээ байсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Үнэнийг хэлэхэд, энэ асуултыг би ойлгохгүй байна. Хэлэх хариулт ч алга. Олон улсын тэр том байгууллагад ээжээрээ яриулж ажилд орно гэж юу гэсэн үг вэ. Арай л ичмээр, увайгүй гүтгэлэг биш үү. Хүмүүс тэнэг биш шүү дээ. “Цаг хугацаа бүхнийг харуулна” гэдэгт би итгэдэг. Захиалгат дайралтын цаад эздэд “ирж яваа үеийнхэн рүүгээ “чулуу” битгий нүүлгээч” гэж хэлмээр байна.

-ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн албаа хэзээ өгсөн бэ. Сошиалаар өдөр, шөнөгүй дайрах дайралтаас халширсандаа ийм шийдвэр гаргав уу?

-Өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр энэ албанд томилогдсон. Миний хувьд, гадаадад мэргэшсэн, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан, англи, орос, хятад хэлтэй. Нэг үгээр хэлбэл, би ээжийнхээ эрх мэдэл, албан тушаалд дулдуйдаж, хүмүүсийн хэлдэгчлэн “лифт”-ээр татуулж явсангүй. Залуу хүний оргилуун тэмүүлэл, тууштай зүтгэл, эцэж цуцахыг мэдэхгүй зан чанар, уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд би өрнө, дорны боловсролтой, дэлхийд нэр хүндтэй байгууллагуудын шалгуурт тэнцэх Б.Энхмөрөн гэдэг бие хүнийг “бүтээж” яваа гэж боддог. Энэ бол хэний ч өмнө нүүр улайхааргүй хэлэх миний амьдралын түүх. Энэ намтар түүхийг минь намайг огт танихгүй, тэр тусмаа хэн нэгэн улстөрчийн захиалгаар төлбөртэйгөөр давшилж, доромжилж халдахыг би лав зөвшөөрөхгүй. Миний ээж түмнийхээ итгэлийг хүлээж, УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсонд би бахархдаг. Эмэгтэй хүн эрчүүдийн нэгэн адил улс төрд зүтгэж, нийтийн эрх ашгийн төлөө үгээ хэлж, шаардлагатай бол ашиг сонирхлын зөрчлийн бүлэглэлүүдтэй тэмцэх нь тийм ч амар биш.

Үнэнийг хэлэхэд, ээж бид хоёр руу сая сошиалаар эцэс төгсгөлгүй дайрч доромжилсон нь мөнөөх “Маш том бүлэглэл”-ийн захиалгат ажиллагаа байсан болов уу. Угтаа би Европт Даатгалын хууль, Өв шилжүүлэх хууль, Үл хөдлөх хөрөнгийн хуулиар хүмүүст зөвлөгөө өгч ажилладаг байсан. Тийм учраас даатгалын салбар надад их ойр. Даатгалын хууль ч мөн адил. Монгол Улсад эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг яг одоо хийж байна. Үнэн хэрэгтээ системийн доголдолтой салбар шүү дээ. Хувийн компаниудаас эхлээд төрийн зүгээс “шинэчилье” гэж хуулийн төслийг нь хоёр жилийн турш нааш, цааш болгосны эцэст баталж, Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хууль 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Энэ бол ард иргэдэд тун хэрэгтэй хууль. Та бидний даатгалдаа төлж байгаа мөнгийг зөв зарцуулж байна уу, эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэд чанартай авч байна уу, эмнэлгийн үйлчилгээг хуулийнх нь дагуу дэлхийн стандартад нийцэхүйц үзүүлж байна уу зэрэг шаардлагыг өндөр түвшинд тавьж байгаа хууль юм. Мэдээж хэрэг, энэ хуулийг хөрсөн дээр нь хэрэгжүүлнэ гэдэг амаргүй. Олон жил бугшсан тогтолцооны гажгийг өөрчлөх хэцүү. Тэр бугшсан орчноос, тэнд шимэгч адил “үүрлэж” хувийн бизнесээ явуулдаг зарим хүний дайралтыг л сая хэд хоног гэр бүлээрээ мэдэрлээ. Хэдийгээр мэргэшсэн салбар, ажил маань байсан ч энэ бохир улс төрийн бай болохыг хүссэнгүй. Тэгээд л ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн.

-Эрхэлж байсан албан тушаал тань зарим хүний шуналыг хөдөлгөсөн бололтой. Хүмүүсийн хэлээд байгаачлан хэдэн тэрбумын тендер шалгаруулах эрх мэдэл бүхий албан тушаал юм уу?

-Худалдан авалт гэхээр л Даатгалын сангийн мөнгөөр тендер зарлаад хүссэнээ аваад байна гэж байхгүй. Шаардлагатай төсвийг Засгийн газраар хэлэлцсэний дараа Сангийн яам хянаж батална. Ингээд Сангийн яамнаас баталсан төсвийг ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газар “Зөв зүйлд зарцуулж байна уу” гэдгийг хянах үүрэгтэй. Түүнээс биш тэр мөнгийг тус газрынхан хүссэнээрээ зарцуулж, дуртай зүйлдээ үрнэ гэж юу байх вэ. Ингэж ойлгож байгаа бол маш бүдүүлэг явдал. Миний удирдаж байсан газар гэрээлэлт бас хийнэ. Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулийн хүрээнд хувийн болон улсын эмийн сангуудтай хийх гэрээний төслийг шинэчлэх их ажлын ард бид саяхан гарсан. Нийт 960 байгууллагатай шинэчилсэн гэрээг хийлээ. Өөрөөр хэлбэл, нэлээд эмх цэгцэнд нь оруулсан. Шинэчлэл гэдэг бол хөрөнгө мөнгөний зарцуулалтын маш том хяналт гэсэн үг. Энэ нь зарим нэг хүний эрх ашгийг хөндсөн гэж ойлгосон.

-Хэдийгээр түр орлон гүйцэтгэгч ч гэсэн энэ албан тушаалд тантай олон хүн өрсөлдсөн үү?

-Зөндөө л хүн өрсөлдсөн байна лээ. Салбарын шинэчлэл хийж буйтай холбогдуулаад ЭМДЕГ-ын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь шинэчилсэн. Удирдлагын шинэ багийн хувьд, УИХ, Засгийн газрын өмнө Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулийг хэрэгжүүлэх нэн хариуцлагатай үүрэг хүлээсэн. Тиймээс тусгай чиг үүрэг бүхий газруудыг удирдах албан тушаалд өндөр боловсролтой, ажлын туршлагатай, гадаад хэлтэй боловсон хүчнүүдийг сонгож томилсон. Нэг ёсондоо, ард иргэдийн амьдралд ойр байдаг энэ том салбарын шинэчлэлийг зоримгоор хэрэгжүүлэх мэдлэг, чадвар, туршлагатай баг бүрдсэн гэж хэлж болно. Даатгал гэдэг нь хууль, санхүүг нэгтгэсэн, ирээдүйд учирч болох эрсдэлээс ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах салбар юм.

-“Б.Энхмөрөн төрийн албаны шалгалтад унажээ”. Ийм пост сошиалаар хөвөрч байхыг харав уу?

-Харсан. Цар тахлын улмаас төрийн албаны шалгалтыг хойшлуулсан. Нэг зүйлийг хэлэхэд, “Харлуулъя” гээд улайрсан хүмүүст юу ч тайлбарлаад нэмэргүй. Бодит үнэнийг хэчнээн ярилаа ч нулимаад л дайрна. Хэдийгээр сошиал нь олон ургалч үзлийн нээлттэй талбар хэдий ч ийм сөрөг үзэгдэл цөөнгүй байна. Бид эрх зүйт төртэй хүний нийгэмд амьдарч байна шүү дээ. Аль юм болгон “Жунглийн хууль”-аар амьдарч, уулзаж ярилцаж ч үзээгүй хүмүүс рүү нэр хаяг нь тодорхойгүй хуурамч хаягаар гүтгэлгээр зэвсэг хийн сошиалд “чулуу” нүүлгэх вэ дээ. Соёлт ертөнцөд ингэж амьдрах нь арай л гутамшигтай биз дээ. Шүүмжилж болно. Гэвч “Эрхээ эдэлж байна” гээд хэн нэгэн рүү баримтгүй, ул суурьгүйгээр дайрч байгааг хараад их гайхдаг. Би бол гэгээ татуулсан шинэ цагийн нэгэн төлөөлөл байхыг зорьдог. Би гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн, “Эх орноо хөгжүүлье” гэсэн хүсэл тэмүүллээр дүүрэн залуус бий. Тэднийхээ төлөөлөл нь болж шинэ зам гаргаж байгаадаа би баяртай байна. Манай үеийнхэн үзэл бодол, хүсэл мөрөөдөл, хандлагын хувьд өөр хүмүүс. Бидний боддог, ярилцдаг, мөрөөддөг зүйлс гэгээлэг. Ийм байхад залуус бидний урам зоригийг элдэв хов жив, хардлага, гүтгэлгээр мохооно гэж үгүй биз ээ.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Уул руу алхана, сагсан бөмбөг тоглоно. Багадаа улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд өсвөр насны ангилалд багаараа гуравдугаар байр эзэлж байсан. Оюутан байхдаа ч гэсэн тэмцээнд их оролцдог байлаа.

-Ээж тань УИХ-д хоёр ч удаа сонгогдсон туршлагатай парламентч. Гэр бүлдээ цаг зав гаргаж чадаж байна уу?

-Үнэнийг хэлэхэд, дандаа завгүй байдаг. Нэг зүтгэвэл ард нь гарахын төлөө өдөр, шөнийг умартан зүтгэдэг нь манай гэр бүлийнхний зан. Маш хөдөлмөрч хүн шүү дээ. Өглөө ажил руугаа яваад шөнө л ирдэг. Хууль тогтоох нөр их ажлаас гадна тойрогтоо тулгамдсан асуудлуудыг шийдэхийн төлөө ёстой л чөмгөө дундартал зүтгэж байгааг хараад бахархдаг, үнэхээр дайчин. Магадгүй дэндүү зарчимч болохоор хувийн ашиг сонирхлоо тэргүүнд тавьдаг зарим нэг хүнд таалагддаггүй байж магадгүй. Английн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчерийн тухай ийм яриа байдаг шүү дээ. “Маргарет Тэтчер нохойгоо хөтлөөд явж байхыг хүмүүс хараад “Аа, энэ хүнийг нохойноос өөр хэн тоох вэ дээ” гэнэ. Харин ганцаараа явж байхыг харвал “нохой ч тоохгүй “амьтан” гэж шоглодог” гээд.

Гэтэл энэ эмэгтэйн Англи орны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлшгүй. Энэ бол зөвхөн Маргарит Тэтчертэй холбоотой сэдэв биш. Эмэгтэй улстөрчдийн тухай сэдэв ямар эмзэг байдгийг харуулсан үг. Ээж минь бүсгүй хүн, эх хүн, төрийн зүтгэлтнийхээ хувьд энэ бүхнийг мэдэрч яваа. Аав, ээж хоёр надад “Хийж буй зүйлээ хийсэн шиг хийгээрэй” гэж сургасан. Түүнээс биш байнга хажууд байгаад “Яаж байна” гээд байдаггүй. Би ч тийм байдалд дуртай биш. Тухайлбал, би Мадридад хуулийн фирмд ажилд орсныхоо дараа аав, ээждээ “Энд ажилд орлоо” гэж хэлж байлаа. Тэгэхэд аав эхлээд итгээгүй. “Аялж байгаа юм уу” гэсэн. “Үгүй ээ, ийм фирмд ажиллаж байна” гэсэн чинь гайхаад “Яагаад одоо хэлж байгаа юм бэ” гэж байсан. Энэ мэтчилэн би алдсан ч, оносон ч хариуцлагаа өөрөө үүрдэг. Намайг Мадридад ажилд орох үед өвөө маань нас бараад удаагүй байсан. Өвөөгөө өөд болсныг сонсоод ганцаараа их уйлсан. Тэгэхэд би “Хайртай хүмүүсээ амьд сэрүүн байх үед нь сайн яваагаа, хүсэл зорилгоо ажил хэрэг болгож байгаагаа харуулж байх ёстой юм байна шүү” гэдгийг маш сайн ойлгосон.

Зураг