Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Нью Йорк хотод Ази эмэгтэйг зодсон этгээд эхийнхээ амийг бүрэлгээд шийтгүүлж байжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагийн өглөө сүмд мөргөхөөр явж байсан 65 настай Ази эмэгтэй Нью Йорк хотын Манхэттэн дүүрэгт халдлагад өртөж, хүнд бэртсэн билээ.

Эмэгтэйг зэрлэгээр зодож бэртээсэн этгээдийг тус хотын цагдаагийн газар иргэдийн өгсөн мэдээллийн тусламжтай олж, гэрээс нь баривчилснаа өчигдөр зарласан байна.

Халдлага үйлдсэн этгээд нь 38 настай Брэндон Эллиот гэгч байжээ. Тэрбээр 2002 онд 19 настайдаа төрүүлсэн ээжээ хутгалж, амийг нь хөнөөгөөд шоронд насаараа хоригдох ял эдэлж байсныг цагдаагийн газар мэдээлсэн байна.

Эллиот 2019 оны арваннэгдүгээр сард өршөөлөөр суллагджээ.

Хяналтын камерт бичигдсэн халдлагын дүрсийг твиттер сүлжээнд 9.5 сая хүн үзсэн байна. Камер байрласан орон сууцны үүдэнд байсан гурван эрэгтэй гэмт хэрэг гарахыг харсан ч таслан зогсоох арга хэмжээ аваагүйд шүүмжлүүлж байгаа.

Гэмт этгээд хэргийн газраас явсны дараа байрны хамгаалалтын ажилтан гадна хаалгаа хааж байгаа нь бичлэгт дүрслэгджээ.

Энэ үйлдэл олон нийтийг ихээр бухимдуулсан тул тус орон сууцыг эзэмшигч Brodsky Organization компани хамгаалалтын ажилтныг ажлаас нь түдгэлзүүлэн шалгаж эхэлснээ мэдэгдсэн байна.

Нью Йорк хотын захирагч Билл дэ Бласио эмэгтэйд хэн ч туслаагүйд харамсаж байгаагаа илэрхийлээд “Бид ийм жигшүүрт гэмт хэргийг зүгээр хараад зогсож байж яасан ч болохгүй” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ.

Мөн төрүүлсэн эхийнхээ амийг хөнөөсөн этгээд нийгэмд чөлөөтэй явж байгаа нь олон хүнийг бухимдуулсан байна.

Калифорни мужаас конгресст нэр дэвшигч Беатрис Карденас “Төрүүлсэн эхээ хутгалж алсан этгээд яагаад эрх чөлөөтэй амьдарч, бидний хүүхдүүдийн дэргэд алхаж явна вэ? Ямар шүүгчийн алдаанаас болоод хөөрхий эмэгтэй хохиров?” гэж твиттер хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: Business Insider