Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг солих ажил эхэлсэн

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: БШУЯ

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн амын сантай манай улс олон жилийн туршид хамтран ажилласан. Тэр дундаа боловсролын салбарт хамтарч хэрэгжүүлсэн, тэдний дэмжлэгийг авсан олон төсөл арга хэмжээ бий. Энэ удаа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын сангийн тэргүүн Каори Ишикаватай уулзахдаа гурван үндсэн сэдвээр санал солилцлоо  

Орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны 819 нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажил эхэлснийг БШУ-ны сайд дуулгалаа.

2023 он гэхэд энэ төслийн эцсийн үр дүнг үзэхээр зорьж байгаа бөгөөд энэ онд 300 орчим ариун цэврийн байгууламжийг суурилуулахаар төлөвлөж байгаа юм. Ингэж сургууль цэцэрлэгийн орчинд ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэснээр сурагчдын тэр дундаа өсвөр насны охидын аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт талууд байр суурь нэгтэй байлаа. 

Үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгон хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн. Үдийн хоол хөтөлбөрөөр дамжуулан нийгмийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байгааг хатагтай Каори Ишикава онцолсон. Сурагчдын 70 орчим хувь нь өглөөний цай уулгүй хичээлдээ ирдэг гэсэн судалгаа ч байгаа юм. Энэ хөтөлбөр нь амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдийг хичээлд дур сонирхолтой болгоход ч нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа бий. 

Уулзалтын үеэр талууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах чиглэлд хамтран ажиллах боломжтойг онцолсон. Хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд байгаагаас 7 мянга гаруй нь сургууль, цэцэрлэгт хамрагддаг. Дийлэнх нь ердийн сургууль, цэцэрлэгт явж байгаа ч 1,720 хүүхэд тусгай сургууль цэцэрлэгт хамрагдаж байна. Огт боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа 2,900 хүүхдийг сургах чиглэлд хамтарч ажиллахаар боллоо. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдтэй нягт хамтран ажиллах юм.

 

Эх сурвалж: БШУЯ