Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Мьянмарын мисс тэмцээний тайзанд гарахдаа олон улсаас тусламж хүсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдаж буй Miss Grand International тэмцээнд Мьянмар улсыг төлөөлөн оролцож байгаа бүсгүй дэлхийн улс орнуудаас тусламж хүссэн байна.

Бямба гарагийн орой тэр тайзанд гарахдаа боломжийг ашиглан эх орондоо болж буй үйл явдалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулжээ.

Янгоны их сургуулийн оюутан Хан Лайг тэмцээний тайзан дээр гарсан өдөр Мьянмарт 114 энгийн иргэн цагдаа нарын гарт алагдсан юм.

“Намайг энэ тайзан дээр гарсан өдөр миний эх орон Мьянмарт 100 гаруй хүн алагдлаа. Би амиа алдсан хүмүүсийн араас гүнээ эмгэнэн гашуудаж байна” гэж хэлээд тэр нулимсаа арчжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Мьянмарт туслаач гэж би гуйж байна. Олон улсын тусламж дэмжлэг бидэнд яаралтай хэрэгтэй байна” гэсэн юм.

Хилийн чанадад байгаа Мьянмарын иргэд цэргийн дэглэмийн харгислалыг эсэргүүцэж байна. Тэдгээрийн дотроос хамгийн өндөр албан тушаалтан нь НҮБ-д суугаа Мьянмарын элчин сайд Кяв Мой Тун юм.

Тэрбээр Мьянмарын хууль ёсны засгийн газарт үнэнч болохоо зарлаж, цэргийн дэглэмийг тууштай эсэргүүцэхээ мэдэгдэж байв.

Иргэдийн тэмцлийг дэмжсэн Мьянмарын урлаг соёлын хэд хэдэн алдартныг цэргийнхэн баривчилж хориод байгаа. Miss Grand International тэмцээн болж буй Тайланд улсад Мьянмарын 4 сая орчим иргэн ажил хөдөлмөр эрхэлдэг. Тайландын эрх баригчид улс төржихгүй байхыг хатуу анхааруулсан тул тэд ажлаа алдахаас болгоомжилж, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй болоод байгаа ажээ.

Эх сурвалж: Associated Press