Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Суэцийн сувагт гарсан саатал Умард тэнгисийн замын ач холбогдлыг нэмэгдүүлж байгааг ОХУ онцлов

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Ази, Европ тивүүдийг холбодог тэнгисийн гол зам Суэцийн сувагт ачааны аварга том хөлөг гацсанаас болж бараг долоо хоног тасалдсан юм.

Өчигдөр гацсан “Ever Given” хөлгийг чөлөөлснөөр суваг нээгдэж, ачаа тээвэрлэлт хэвийн горимд шилжжээ.

ОХУ-ын эрчим хүчний яам өчигдөр энэ үйл явдалтай холбогдуулан мэдэгдэл гаргасан байна. “Саяхан болсон үйл явдал Умард мөсөн далайгаар дамждаг тэнгисийн замын үнэ цэнийг өсгөлөө. Энэ замаар Европ тивээс Ази тив рүү ачаа тээвэрлэхэд Суэцийн сувгаар дамждаг замаас 4,000 тэнгисийн милиэр богино зам туулдаг“ гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

 

Өнгөрсөн онд Умард тэнгисийн замаар бараг 33 сая тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд 2024 онд 80 сая тоннд хүрэх боломжтой гэж ОХУ-ын эрчим хүчний яам мэдэгдсэн байна.

Мөн шингэрүүлсэн хий, газрын тосны тээвэрлэлт Суэцийн сувагт гацсанаар эрчим хүчний хангамж тасалдах аюул нүүрлэсэн бол Европ тив рүү газрын тос хүргэдэг Дружба хоолой, “Умард урсгал” хийн хоолой нь илүү найдвартай, хямд тээвэрлэх арга зам болохыг тус яам онцолжээ.

 

Эх сурвалж: Reuters