Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Нью Йорк муж АНУ-д анх удаа вакцины дижитал паспорт гаргажээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын томоохон мужуудын нэг Нью Йорк коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүст зориулж дижитал паспорт гаргажээ.

Мөн саяхан өгсөн шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүс үүнийг ашиглаж болох гэнэ.

Дархлаатай болсон хүмүүс “Excelsior Pass” нэртэй энэ паспортыг ашиглан хурим, спортын уралдаан тэмцээн,үзвэрийн газруудад ямар нэг хүний хязгааргүй үйлчлүүлж болох гэнэ.

Тус мужид одоогоор дотоод арга хэмжээнд оролцох хүний тоог 10, гадаад орчинд болох арга хэмжээнд оролцох хүний тоог 25-аар хязгаарлаж байгаа.

Харин вакцины паспорттой хүнд энэ хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Нью Йорк хотын 20,000 хүний суудалтай Мэдисон Скюар Гарден, Албани хотын 17,500 хүний суудалтай Таймс Юнион Сентер байгууламжууд удахгүй дижитал паспортыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлэхээр болжээ.

Бусад жижиг үйлчилгээний газрууд дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн “Excelsior Pass”-ыг нэвтрүүлэхээр болсон байна.

Нью Йорк нь вакцины дижитал паспорт нэвтрүүлсэн АНУ-ын анхны муж болжээ. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд мужийн захиргаа паспортын гар утасны аппликэйшнийг амжилттай туршиж дууссан байна.

iPhone, Android төрлийн гар утаснуудад зориулсан аппликэйшнийг IBM компани хөгжүүлжээ. Бизнесийн байгууллагууд иргэдийн гар утсанд суулгасан аппликэйшнаас паспортын QR кодыг уншуулж, шалгаад нэвтрүүлдэг байх юм.

Дижитал паспорт өөрийнх нь гэдгийг батлахын тулд иргэд бичиг баримттайгаа явах ёстойг мужийн захиргаа анхааруулсан байна. Дижитал паспорттой хүмүүс бусдын нэгэн адил амны хаалт зүүж, хүн хоорондын зайг барих ёстой гэнэ.

 

Эх сурвалж: Tech Insider