Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэд өөрийгөө ойрын хавьтал гэдгийг мэдсэн даруйдаа утсаа унтраах, байгаа газраа нуух зэрэг асуудал гаргаж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ойрын хавьтлыг илрүүлэхэд цахим программ ашиглаж эхэлсэн талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэллээ.

Тэрбээр "Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан ойрын хавьтлуудыг шуурхай олох нь тархалт ихсэхээс сэргийлэх ач холбогдолтой байдаг. Ингэхдээ батлагдсан тохиолдол гарснаас хойш 48 цагийн дотор ойрын хавьтлыг нь 90 хувиас дээш олбол хавьтлыг олж чадаж байна гэж үздэг юм.

Саяхныг хүртэл бид хавьтлуудыг 90-ээс дээш хувьтайгаар илрүүлж байсан. Гэвч сүүлийн долоо хоногт тохиолдлын тоо ихсэхийн зэрэгцээ хөл хөдөлгөөн их байгаатай холбоотойгоор маш олон ойрын хавьтал гарч ирж байна.

Тиймээс бид аргаа өөрчилж, хавьтлуудыг түргэн хугацаанд олохын тулд хоёр төрлийн зохицуулалт хийсэн нь хүний нөөцөө нэмж, тандалтын цахим программ ашиглаж эхэлсэн.

Энэ программыг ашигласнаар гэр бүлийн болон ойрын хавьтлыг Өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд буюу өрхийн эмч нар систем руу оруулан мэдээлж, үүнийг нь ХӨСҮТ-ийн хавьтал судлалын баг болон бусад салбарын багууд баяжуулах маягаар ажиллаж байна.

Хэдийгээр өдөрт маш олон ойрын хавьтлууд илэрч байгаа ч дээрх цахим программын үр дүнд хавьтлуудыг төдий чинээ хурдан хугацаанд олон боломж үүссэн" хэмээн ярив.

"Нэг хүн цааш 4-5 хүнд халдвар тараах эрсдэлтэй"

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн үед зарим иргэн өөрийгөө ойрын хавьтал гэдгийг мэдсэн даруйдаа утсаа унтраах, байгаа газраа нуух зэрэг асуудал гаргаж байна.

Тиймээс иргэдэд сануулахад, асуудалд эерэгээр хандаж, аль болох өөрсдийнхөө төлөө ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилчдад хүндрэл чирэгдэл учруулахгүй байх тал дээр анхаарахыг хүсье.

Нэг хүн цааш 4-5 хүнд халдвар тараах эрсдэлтэй. Үүнийг ухамсарлаж, өөрийгөө тусгаарлаж, халдвараас сэргийлэхийг уриалж байна" гэдгийг нэмж хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/923513285142532