Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

АХБ энэ оны 6 дугаар сарыг дуустал олгох хүүхдийн нэмэлт мөнгөн тэтгэмжийг санхүүжүүлэх зэрэгт $73 саяын зээлийг баталжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлж буй КОВИД-19 цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор Азийн Хөгжлийн Банк (АХБ) ядуу, эмзэг бүлгийн иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн халамжийг сайжруулахад зориулан 73 сая ам.долларын зээлийг баталлаа.

Цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд энэ оны 6 дугаар сарыг дуустал сар бүр 0-17 насны хүүхдүүдэд нэмэлтээр олгох “Хүүхдийн мөнгөн тэтгэмж"-ийн тодорхой хувийг энэхүү зээл санхүүжүүлэх юм. Энэ нь 2020 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл яаралтай тусламжийн зээлийн хүрээнд үзүүлсэн өмнөх санхүүжилтийн үргэлжлэл болж байна.

“Монгол Улс 2020 онд КОВИД-19-ийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх шийдэмгий арга хэмжээг нэн эртнээс авч хэрэгжүүлсэн. Хэдийгээр иргэдийн эрүүл мэндэд учрах шууд нөлөөг эхэн үедээ хязгаарлаж чадсан ч вирусыг хязгаарлах үйл ажиллагаа нь нийгэм, эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлснийг эдийн засгийн үзүүлэлтүүд болон шуурхай үнэлгээний үр дүнгүүд нотолж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард дотоодод анхны халдвар бүртгэгдэн хөл хорио тогтоосон нь нөхцөл байдлыг бүр дордуулсон” гэж АХБ-ны Нийгмийн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Карин Шельциг онцлон тэмдэглэв.

Судалгааны дүнгээс харахад 2020 оны 5 дугаар сарын эхэн үеийн байдлаар Монголын нийт өрхийн дөрөвний гурав орчим нь, ядуу өрхийн 85% нь ямар нэгэн байдлаар эдийн засгийн хямралд өртсөн байна. Нийт өрхийн бараг гуравны хоёр (64%) нь хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэсэн бол хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дөрөвний гурав (73%) орчим нь орлого тасалдсан гэсэн байна. Мөн малчид, тариаланчдын 70 орчим хувь нь өмнөх жилтэй харьцуулахад орлого буурсан гэсэн судалгаа өгчээ.

Төслийн хүрээнд Монгол Улсын нийгмийн халамжийн хөтөлбөр, тогтолцоог бэхжүүлж, ирээдүйн цочрол, хямралд илүү оновчтой хариу арга хэмжээ авах чадвартай болоход дэмжлэг үзүүлнэ. Мөн тусламж хэрэгтэй иргэдэд хүрч ажиллах боломжийг нэмэгдүүлэхийн тулд зорилтот бүлэгт чиглэсэн тогтолцоо болон Өрхийн мэдээллийн нэгдсэн санг шинэчилж, илүү нарийвчилсан мэдээлэл тусгах ажлуудыг хийнэ.

Нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай болгох зорилгоор нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг цахимжуулж ehalamj системд нэгтгэхэд АХБ дэмжлэг үзүүлэхээс гадна амьжиргаа, санхүүгийн оролцоо, ур чадварыг дэмжих цогц арга хэмжээ бүхий мөнгөн тэтгэлэгт суурилсан халамжаас хөдөлмөрт шилжих шинэ төрлийн нийгмийн хамгааллын хөтөлбөрийг нэвтрүүлэх үйл ажиллагааг туршин хэрэгжүүлнэ. 

Энэхүү төсөл нь КОВИД-19-ийн нөлөөллийг бууруулах зорилгоор АХБ-наас Монгол Улсад үзүүлж буй нэгдсэн, цогц дэмжлэгийн нэг хэсэг юм. Төслийн нийт санхүүжилт нь 259.64 сая ам.доллар бөгөөд үүнээс засгийн газрын санхүүжилт нь 186.64 ам.доллар байна. Төслийг 2023 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөжээ.