Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс AstraZeneca вакцины экспортоо түр зогсоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Энэтхэг улс AstraZeneca вакцины экспортоо түр зогсоож байгааг тус улсын гадаад хэргийн яамны эх сурвалж мэдээлжээ.

Сүүлийн өдрүүдэд Энэтхэгийн дотоодод коронавирусийн халдвар эрчимтэй тархаж, вакцины эрэлт хэрэгцээ нэмэгдэх хандлагатай болсон тул ийм арга хэмжээ авахаар болсон байна. 

Экспортын хориг дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг эх сурвалж мэдээлжээ.

Ингэснээр COVAX хөтөлбөрийн хүрээнд вакцин авахаар хүлээж байгаа дэлхийн 190 улсын дархлаажуулалтын хөтөлбөрт саатал гарах нь тодорхой болсон байна.

Энэтхэгийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч Serum Institute сүүлийн өдрүүдэд дэлхийн хэд хэдэн улсад AstraZeneca вакцин нийлүүлэх амлалтаа биелүүлж чадаагүй гэнэ. Тэдгээрийн дотор Их Британи, Бразил улсууд багтаж байна.

Өнөөдрийг хүртэл Энэтхэг улс 60 сая гаруй тун вакциныг дэлхийн 76 улсад нийлүүлээд байгаагийн ихэнх хэсэг нь AstraZeneca байгаа юм.

Лхагва гарагт Энэтхэгт коронавирусийн халдварын 47,000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, 275 хүн нас баржээ. Энэ нь 2021 он гарснаас хойших хугацааны хамгийн өндөр өсөлт болсон байна.

Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн тус улс 45-аас дээш насны иргэдээ вакцинжуулж эхлэх юм. Тиймээс вакцины дотоод хэрэгцээ нэмэгдэх нь гарцаагүй болжээ.

Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд Энэтхэг улс ганц ч тун вакцин экспортлоогүйг албаны тоо баримт харуулж байна.

 

Эх сурвалж: BBC