Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Байгалмаа: Нярай хүүхдийн амны хөндий болон хоолойноос сорьц авч, шинжилдэг

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Коронавирус илрүүлэх түргэвчилсэн тест /Гэрэл зургийг Mpa.mn/

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан болон ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгальмаа нар сэтгүүлчийн асуултад хариулав.

-Вакцинд хамрагдсан иргэдэд олон улсын стандартад нийцсэн буюу англи хэл дээр тайлбартай гэрчилгээг олгох уу?

Л.Энхсайхан: -Вакцин хийлгэсэн хүмүүст олон улсын стандартад нийцсэн паспорт олгох талаар бид судалж байна. Одоогоор E-mongolia цахим мэдээллийн хуудас дээр вакцин хийлгэсэн талаарх мэдээллээ англи болон монгол хэлээр харах боломжтой.

Үүнийг сайжруулж англи мэдээллийг нэмж, тодорхой болгох тал дээр ажиллаж байна.

-Вакцины эхний тунг хийлгэсэн эмэгтэй дааврын эм ууж болох уу?

Л.Энхсайхан: -Хэрвээ тухайн эмэгтэй жирэмслэхээр төлөвлөж байгаа бол вакцин хийлгэхгүй байх хэрэгтэй. Учир нь жирэмсний эхний гурван сард вакцины нөлөөг судалсан судалгаа одоогоор байхгүй байгаа тул аль болох болгоомжтой хандахыг зөвлөж байгаа. Жирэмсний эхний гурван сард аль ч вакциныг хийлгэхгүй байхыг зөвлөдөг. Хэрвээ тухайн хүн ойрын гурван сард жирэмслэхээ хойшлуулбал вакцин хийлгэх нь илүү зөв сонголт болох юм.

Дэлхийн олон эрдэмтэд жирэмсэн болон хүүхдэд коронавирусийн эсрэг вакцин хийх эсэхийг судалж байгаа. Үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарахаар заавар зөвлөмжийг өгөх болно.

-Өчигдрийн байдлаар Монгол Улсад 1,124 хүүхэд халдвар авсан тухай мэдээлсэн. Тухайн хүүхдүүдийн шүлснээс шинжилгээ авсан уу эсвэл хамрын хөндийгөөс шинжилгээ авсан уу?

Ж.Байгалмаа: -Монгол Улсад шүлснээс сорьц авдаг шинжилгээ хараахан нэвтрээгүй байна. Нярайгаас коронавирусийн шинжилгээ авахдаа нярай хүүхдэд зориулсан уян бамбараар амны хөндий болон хоолойноос сорьц авдаг.

Өөрөөр хэлбэл, нярайгаас коронавирусийн шинжилгээ авахдаа хамраас нь сорьц авдаггүй.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: -Монгол эрдэмтэд коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээний  сорьцыг шүлснээс авах оношлуур бүтээж буй бөгөөд удахгүй ашиглаж эхлэх шийдвэр нь гарсан. Гэхдээ одоогоор уг оношлуураар хараахан шинжилж эхлээгүй байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/783071242626650