Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Европын удирдагчид иргэдийнхээ итгэлийг сэргээхийн тулд AstraZeneca вакцин тариулж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Цусны бүлэгнэл үүсгэх эрсдэлтэй байж болзошгүй шалтгаанаар Европын 13 улс AstraZeneca вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахыг түдгэлзүүлээд байсан билээ.

Харин Пүрэв гарагт Европын эрүүл мэндийн зохицуулах байгууллага EMA уг вакцин нь цусны бүлэгнэлтэй шууд холбоогүй гэсэн дүгнэлт гаргасан юм.

Энэ дүгнэлтийн дараа Европын орнууд AstraZeneca вакциныг хүн амаа дархлаажуулахад үргэлжлүүлэн ашиглаж эхэлжээ.

Олон нийтийн дунд үүссэн эргэлзээг арилгах үүднээс Европын томоохон гүрнүүдийн удирдагчид уг вакцинаар тариулж эхэлсэн байна.

Өчигдөр буюу Баасан гарагт Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Францын ерөнхий сайд Жан Кастекс нар эхний тунгаа тариулжээ.

56 настай Жонсон бараг жилийн өмнө коронавирусийн халдвар аваад эмчлүүлж байсан эмнэлэгтээ очиж, AstraZeneca вакцины эхний тунг тариулсан байна.

“Надад ямар ч зүйл мэдрэгдсэнгүй. Маш хурдан, маш сайн ажиллалаа. Ээлж нь ирэхээр бүгд вакцинаа тариулаарай. Энэ бол танд, таны гэр бүлд, ер нь бүх хүнд маш хэрэгтэй зүйл” гэж Борис Жонсон дараа нь сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

Германы канцлерь Ангела Меркель өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “Би AstraZeneca вакциныг тариулна” гэж мэдэгдсэн байна.

Италийн ерөнхий сайд Марио Драги мөн ийм мэдэгдэл хийгээд AstraZeneca вакциныг түр түдгэлзүүлсэн нь алдаа байгаагүй, зайлшгүй нягталж шалгах хэрэгтэй байсныг хэлжээ.

“Мэдээж би AstraZeneca вакцин тариулна. Бид дөрөвдүгээр сарын турш өдөр бүр 50,000 хүнийг дархлаажуулах төлөвлөгөөтэй байна. Цаашдаа тав, зургаадугаар саруудад энэ тоог өсгөхийг зорьж байна” гэж Драги мэдэгдсэн юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага коронавирусийн цар тахлын гурав дахь давалгаа Европт дэгдэхэд ойрхон байгааг өчигдөр анхааруулжээ. Тиймээс вакцинжуулалтынхаа үйл явцыг хурдасгах нь уг тивийн орнуудын хувьд чухал болоод байна.

 

Эх сурвалж: Reuters