Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бат-Амгалан: БЗД-ийн 26 дугаар хорооны бүх байрны үүдэнд өмнөх орой нь зөвлөмж наасан. Энэ бол гэнэтийн хязгаарлалт биш

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

COVID-19 халдварын тархалт эрчимтэй нэмэгдсэн БЗД-ийн 26 дугаар хороонд 17-ны 06:00 цагаас хатуу хөл хориог тогтоохдоо шөнө мэдээлж, гэнэтийн шийдвэр гаргасан хэмээн иргэд бухимдлаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлээд буй. 

Энэ талаар тус хорооноос УИХ-д сонгогдсон гишүүн Э.Бат-Амгалан өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдээлэл өгч, гэнэтийн шийдвэр байгаагүй гэдгийг хэллээ. 

Тэрбээр "Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарсан гэнэтийн хязгаарлалт хийлээ гэж яриад байна.

Энэ бол гэнэтийн хязгаарлалт биш. Урьд орой нь 18:00 цаг гэхэд дүүргийн тухайн хорооны бүх хороо, байрнуудын үүдэнд зөвлөмж бичиг наасан. Баримт нь бий.

Хорооны бүх группүүдэд маргаашаас эхлэн хорио тавигдана гэдгийг зарласан бүх зүйл нь байна.

Эрүүл мэндийн сайдаас ирсэн саналын дагуу НОК-ын дарга Р.Чингис, ЭМЯ-аас А.Амбасэлмаа болон дүүргийн Засаг даргын уулзалтууд Онцгой комисс дээр болсон. Үүний дагуу Шадар сайдын 20-р тушаал гарч, дүүрэгт хориог тавьсан.

Дүүргийн ЭМ-ийн төвөөс 20-р тогтоолтой холбоотой журам гарсан. Журамд голомтын өргөтгөсөн тандалт судалгаа хийхэд 24 цагаас дээш хугацаа шаардлагатай бол тухайн дүүргийн ЭМ-ийн байгууллагаас ирүүлсэн албан бичгийн саналын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар тухайн обьектыг нэн даруй хамгаалалтад авч цуцлах шийдвэрийг гаргана гэсний дагуу гаргаж байгаа. 

Иргэдийн үл ойлголцсон, улс төржсөн асуудлаас ийм асуудал үүсээд байгаа юм билээ. Түүнээс биш БЗД-ийн ЗДТГ болон Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч байна.

Шуурхай ажиллаж нийт 16,500 иргэний 8,500 гаруй иргэнээс шинжилгээ авсан. Өнөөдөр 100% дуусах байх. Шинжилгээний хариу аваад дуусвал маргаашаас хориог цуцлахаар ажиллаж байгааг олон нийтэд мэдээлэх нь зүйтэй” гэв.

ВИДЕО:

https://fb.watch/4iWwBJWxnp/