Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Нийт ₮17 их наядын зээлээс ₮7 их наяд нь эрсдэлтэй байна

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Банкны салбарын 2020 оны гүйцэтгэл тайланг өнөөдөр Монголын Банкны холбооноос танилцууллаа.  

Банкны салбарын 2020 оны гүйцэтгэлийг нэг өгүүлбэрээр тодорхойлбол эрсдэлтэй эдийн засгийг хөлдөөсөн ч хавар гэсэхэд эрсдэл нь хэвээр байна хэмээн танилцуулгын эхэнд онцоллоо. 

Гүйцэтгэлийн тайлангаас онцлон харвал: 

  • Банкны зээлийн багцаас харвал зээлийн үлдэгдэл дунджаар 5 орчим хувиар буурсан. Өөрөөр хэлбэл бодлогын хүүг бууруулсан ч зах зээлийн тодорхой бус байдлаас болж зээлийн багц буурчээ. 
  • Банкны шинээр олгосон зээлийн хэмжээ жилийн 6%-аар буурчээ. Тодруулбал, уул уурхай, ХАА-аас бусад салбарт олголт бууралттай байгаа ба иргэдийн зээлийн хувьд автомашины зээл хамгийн огцом буурсан аж. 
  • 7 их наяд төгрөг системийн хэмжээнд асуудалтай зээлд орж байна. (2 их наяд төгрөгийн чанаргүй зээл, 1.3 их наяд төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл , 3.7 их наяд төгрөг цар тахлын нөлөөнд өртсөн) Системийн хэмжээнд зээлийн үлдэгдэл нь 17 их наяд төгрөг байна. 2020 оны байдлаар банкны зээлийн 100 төгрөг тутмын 60 төгрөг нь хэвийн, 40 төгрөг нь асуудалтай гэж ойлгож болно. 
  • Системийн хэмжээнд 10 зээл тутмын нэг нь чанаргүйтэж байна. Тодруулбал, ХАА-н салбарын 4 зээл тутмын нэг нь, барилгын салбарын таван зээл тутмын нэг нь, боловсруулах салбарын гурван зээл тутмын нэг нь чанаргүйтэж байна гэж гарсан. Үндсэндээ өнгөрсөн 2020 онд ногоон бүс зарласантай холбоотой уул уурхай, тээврийн салбарын чанаргүй зээл буурав. 
 
Монголын банкны холбоо

"2021 онд хугацаагүй хадгаламж тэглэхтэй холбоотойгоор хугацаатай хадгаламж руу хөрвөхөөр байна"

 
гэрэл зургийг MPA.mn

Монголын банкны холбооны эдийн засагч, шинжээч Г.Батзориг хэлэхдээ "Өнгөрсөн онд төгрөгийн хадгаламж жилийн 20 хувиар өсөж, долларын хадгаламжийн өсөлт саарсан. Өөрөөр хэлбэл, харилцахын хүү тэглэсэнтэй холбоотой 2020 онд харилцахаас хадгаламж руу хөрвүүлэлт хийгдэж, түүнчлэн 70 хувьтай өсөж байсан валютын хадгаламж огцом саарч, улмаар төгрөгийн хадгаламж 2.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. 2021 онд хугацаагүй хадгаламж тэглэхтэй холбоотойгоор хугацаатай хадгаламж руу хөрвөхөөр байгаа. 

Банкны системийн долларжилтын хувьд  эх үүсвэрийн долларжилт буурч байгаа ба 2020 оны байдлаар 28 хувьтай гарсан. Өөрөөр хэлбэл, америк долларын ханш сүүлийн хоёр жил төгрөгийн эсрэг чангарсантай холбоотой валютын зээл гаргах банкуудын сонирхол буурсан. Улмаар нийт зээлд валютын зээлийн эзлэх хувь тасралтгүй буурсан. 2021 онд зээлийн багцын өсөлт хөтөлбөрийн зээлээр бий болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл репо санхүүжилт, ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээл нь зээлийн өсөлтийг дэмжихээр байгаа. Зээл энэ онд 10 гаруй хувиар өсөхөөр байна гэж харсан" гэв.

Манай улсыг 2022 онд төвсийн орлогын 20%, 2023 онд төсвийн орлогын 35%-тай тэнцэх гадаад бондын төлбөр хүлээж буйг бид санах хэрэгтэй. 

Монголын банкны холбооны хэлж буйгаар 2021 онд эдийн засаг 4-7 хувийн өсөлттэй байх аж. Харин хамгийн удаан сэргэх салбар нь зочид буудал, аялал жуулчлал, агаарын тээврийн салбар гэж үзжээ. 

Түүнчлэн иргэдийн зээлийн эрэлт бага, цаашид иргэдийн зээлийн чанар муудах эрсдэл байсаар байгааг онцолсон билээ. Өөрөөр хэлбэл тэтгэмжийн орлогын нөлөөг хасвал өрхийн орлого 2.6 хувиар буурахаар байна. Хүнсний бус хэрэглээ огцом саарсан. Иргэд зарлагаа огцом хумьж байгааг хэллээ. 

Системийн нөлөө бүхий таван банк нь өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа үзүүлэлтийг хангажээ

Системийн нөлөө бүхий таван банк нь өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа үзүүлэлтийг хангасан байгааг мөн хэллээ. 

Хас, голомт банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа үзүүлэлт 2019 онтой харьцуулахад ялимгүй өссөн6 Харин Хаан банкны харьцаа үзүүлэлт 2019 онтой харьцуулахад буурсан ч бусад банкныхнаас өндөр байгаа аж. 

Банкны салбарын реформ нь эдийн засгийн маш эгзэгтэй үед хийгдэж байна. Ялангуяа цар тахлын нөлөөнд зээлийн багцийн 40 хувь асуудалтай байгаа түүнчлэн хөтөлбөрийн зээлүүд ашигт ажиллагаанд үүсгэх гэх мэтээр хүнд үед реформ хийгдэж байгааг Монголын банкны холбооны судлаач, эдийн засагч Г.Батзориг танилцуулгадаа онцолсон. 

 
Монголын Банкны Холбоо

Гүйцэтгэлд тулгуурласан дүгнэлтээс харвал: 

  • Хэдийгээр вакцин хийгдэж хөл хорио тавигдах ч жинхэнэ асуудал хавраас эхлэхээр байна. засгийн газрын өрхийг дэмжих хөтөлбөрүүд зогссон ч буурсан эрэлтийг ажлын байрыг дэмжих хөтөлбөрөөр нөхөх хүлээлттэй байна
  • Бодлогын хүүний нөлөө 2021 онд зээлийн жигнэсэн дундаж хүүг 1-2 нэгжээр буулгах нөлөөтэй. Түүнчлэн хөтөлбөрийн зээлийн нөлөөгөөр хүүгийн түвшин буурахаар байна.
  • 2021 оны долоодугаар сард зээлийн ангилал хуучин хэвэндээ ороход санхүүгийн салбарт зээлийн эрсдэл үүсэхээр хүлээгдэж байна.
  • ЖДҮ-ийн зээлийн багц 4.5 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Хөтөлбөрийн хоёр их наяд төгрөгийн зээл гарснаар дахин санхүүжилт хийгдэж, шинэ зээл гаргах гэсэн хоёр хэсэгт хуваагдана.