Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн амьд ертөнцийг саран дээр “нөөцлөх” санааг эрдэмтэд гаргажээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дээр амьдардаг бүх амьд биетүүдийн үрийг сарны хөрсөн дор байгуулсан бункерт  нөөцөлж, хадгалах санааг хэсэг эрдэмтэд гаргажээ.

Хэрвээ дэлхийд сүйрэл тохиолдвол амьд ертөнцийг буцааж сэргээхэд үүнийг ашиглах юм байна.

АНУ-ын Аризонагийн их сургуулийн эрдэмтэд “modern global insurance policy” гэж нэрлэсэн энэхүү аварга байгууламждаа дэлхийн 6.7 сая төрөл зүйл амьтан, ургамлын үрийг хадгалахаар тооцоолжээ.

“Дэлхий бол анхнаасаа тогтворгүй ертөнц байсаар ирсэн. 75,000 орчим жилийн өмнө болсон Тоба галт уулын супер дэлбэрэлтийн дараа дэлхийн цаг уур 1,000 жилийн турш хүйтэрснээс хүн төрөлхтний нэлээд хэсэг сүйрсэн гэж үздэг. Хэрвээ дахин ийм зүйл тохиолдвол соёл иргэншил устаад зогсохгүй манай гарагийн бүх амьд ертөнцөд гинжин урвал мэт сөргөөр нөлөөлнө” гэж Аризонагийн их сургуулийн сансар судлал, механик инженерчлэлийн профессор Жекан Танга мэдэгдэлдээ өгүүлжээ.

Эрдэмтдийн төлөвлөж байгаа шиг үрийн агуулах өнөөдөр дэлхий дээр байдаг. The Global Seed Vault нэртэй ийм байгууламж Норвегийн эрэг, Хойд туйлын цэг хоёрын дунд оршдог Свалбардын арлууд дээр байдаг юм.

Энд нэг сая хүрэхгүй тооны ургамлын төрөл зүйлийн үр хадгалагддаг ажээ. Харин Аризонагийн их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан санаа нь үүнээс илүү өргөн цар хүрээтэй байх юм.

2013 онд сарны хөрсөн дор хэдэн тэрбум жилийн өмнө галт уулын халуун лаавын урсгалаар үүссэн хонгилууд байдгийг анх нээж байжээ.

Сарны энэ тогтоцыг ашиглан 100 метр диаметртэй байгууламж бий болгохоор эрдэмтэд тооцоолсон байна. Сарны хөрсөн дор байгуулснаар нарны хортой цацраг туяа, гадаргын хүйтэн температур, солирын уналтаас нөөцөлсөн зүйлээ хамгаалах боломжтой гэнэ.

Нарны эрчим хүчээр ажилладаг лифт ашиглан хөрсөн дор орших байгууламжид нэвтэрдэг байх ажээ.

Эрдэмтдийн тооцоолсноор 6.7 сая амьтан, ургамлын төрөл зүйлийн үрийг сар руу тээвэрлэхэд 250 удаа пуужин хөөргөх шаардлагатай гэнэ.

 
Саран дээрх байгууламжийн ерөнхий бүтэц

 

Эх сурвалж: CNN