Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Оюунномин: Сайн үйлсийн дэлгүүрийн хамгийн том зорилго бол ухамсарт хандлага бий болгох

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
 

"Ид шидийн орон 2" төвийг цонхтой болгох 18 сая төгрөгийн зардлыг Лантуун Дохио ТТБ-ын сайн дурын 70 гаруй гишүүн хоёр өдрийн дотор цуглуулсан гэдгийг Та мэдэх үү?

Үндэсний номын баярын арга хэмжээн дээр эдгээр сайн дурын залуус мянган төгрөгийн үнэтэй түлхүүрийн оосор, соронз зэргийг худалдаалан дээрх төвийн 90 м/кв-т цонхыг босгосон юм.

Энэ мэт жижиг эхлэлээс том үр дүн гаргасан олон төслийг амжилттай хэрэгжүүлж буй Лантуун Дохио ТББ дахин нэг төслийг эхлүүлээд байгаа нь Монголын хамгийн анхны сайн үйлсийн дэлгүүр юм. Нээгдээд сар гаруйн хугацаа өнгөрч буй тус дэлгүүрийн талаар Лантуун Дохио ТББ-ын Төслийн менежер Д.Оюунноминтой ярилцлаа.

 

- "Ид шидийн орон" хоёр төвийн бүтээн байгуулалт болон үйл ажиллагааны зардал бүхэлдээ хандиваар санхүүждэг. Гэтэл хандив өгч байгаа хүний хувьд нэг удаа хандив өгөөд дараа дахин хэзээ өгөх нь тодорхойгүй. Ер нь хандив өгөхгүй байлаа гээд буруутгах аргагүй. Хандивын тогтвортой системийг бий болгох зорилгоор сайн үйлсийн дэлгүүрийн төслийг эхлүүлсэн гэж ойлгож болох уу?

- "Ид шидийн орон" сайн үйлсийн дэлгүүрийн орлого нь 100% "Ид шидийн орон" төвүүдийн үйл ажиллагаанд хандивлагддаг учир тэр утгаараа таны асуултад “Тийм” гэж хариулмаар байна. Гэхдээ бид зөвхөн өөрсдийн явуулдаг үйл ажиллагаагаа санхүүжүүлэх ганцхан зорилгоор сайн үйлсийн дэлгүүрийн утга агуулгыг хардаггүй. Сайн үйлсийг таниулан сурталчлах, сайн үйлсэд оролцох боломжийг хүн бүрд ойртуулах, тэр дундаа залууст хүрч ажиллан сайн үйлс, хүүхдийн эрхийг зөрчлийн асуудалд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлж анхаардаг ухамсарт хандалга бий болгоход хувь нэмрээ оруулах нь энэ дэлгүүрийн хамгийн том зорилго. Мөн Монголдоо хамгийн анхны сайн үйлсийн дэлгүүрийг нээн ажиллуулж байгаагийн хувьд дараа, дараагийн олон төрийн бус байгууллагын ижил зорилготой дэлгүүрүүдэд сайн жишиг тогтоох юмсан гэж хүсдэг. Сайн үйлсийн дэлгүүр танд хэрэгтэй хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг худалдаалан олсон орлогын ашгаа цэвэр сайн үйлсэд зарцуулж байгаа. 

Хандивын системийг тогтвортой, урт хугацаанд үр дүнтэй байлгах тал дээр манай байгууллага дэлгүүр гэлтгүй олон төсөл хэрэгжүүлдэг. Тухайлбал, өдөрт 100 төгрөг сардаа 3,000 төгрөг хандивладаг “Ид шидтэй ах эгч” хөтөлбөр хамгийн өргөн хүрээтэй, тэр хэмжээгээрээ хандивын чухал эх үүсвэр болдог.   

Мөн үйлдвэрлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүн дээр манай “Ид шидтэй худалдан авагч” шошгыг байршуулан борлуулалтын орлогын 1 хувийг хүүхдийн төлөөх үйлсэд зарцуулдаг. Бүтээгдэхүүний өрсөлдөөн үргэлж чанар дээр яригддаг ч маркетингийн өрсөлдөөн ялгарал зөвхөн чанар биш, худалдан авагч үүнийг авснаараа хэрэглээнээс гадна бий болох үнэ цэнэ болоод байна. Та дэлгүүрт ороод яг ижилхэн хоёр сүүний нэг нь хүүхдийн төлөөх үйлсэд зарцуулагдана гэвэл тэрийг авахгүй гэж үү.

- Танай дэлгүүр ямар байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа вэ, бүтээгдэхүүнээ байршуулах хүн бүрд нээлттэй юу?

- Манай дэлгүүр дээр Banana mall-д худалдаалагддаг хүүхдийн бүтээгдэхүүн байгааг та харж байгаа байх. Banana mall манайхыг урт хугацаанд үйл ажиллагаагаараа дэмжин ажиллаж, дээр дурдсан “Ид шидтэй худалдан авагч” хөтөлбөрт нэгдсэн юм.

Энэ мэтчилэн бид хүүхдийн эрхийн зөрчлийн асуудалд санаа зовдог, эмзэглэдэг өөрийн өдөр тутмын ажил, үйл хэргээрээ анхаарч оролцдог, үнэт зүйлээрээ бидэнтэй нэгддэг байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, манай “Ид шидийн уут” аянд "Тод оймс" л гэхэд хамгийн олон жил оролцож, мянга мянгаар нь оймс хандивладаг. Мөн "Ид шидийн орон 2" төвийг барьж байхад нэгж борлуулалт бүрээсээ 5,000 төгрөг өгч байсан Үр минь брэнд, бүх ажилчид нь цайны цагаараа сэтгэл зүрхээ гарган манай төвд номын хавчуур, компьютерын хулганы суурь урлан бэлэглэдэг "Марис "арьсны үйлдвэр, "Хөсөг" брэнд, хоёр төвийн номын санг маань номоор баяжуулдаг "Интер" номын хамт олныг нэрлэмээр байна.

Тогтвортой, урт хугацаанд үр дүнгээ үзтэл нэг зорилгын төлөө явах бүх байгууллага, хувь хүнтэй хамтарч ажиллахад үргэлж нээлттэй.

- Хүн бүрд сайн үйлс бүтээх, бусдад туслах хүсэл байдаг ч яаж гэдгээ мэддэггүй. Харин сайн үйлсийн дэлгүүрээс худалдан авсан "Ид шидийн орон"-ы шошготой бүтээгдэхүүн хэрэглэх нь өөрт сэтгэл ханамж дагуулах нь?

- Хөрөнгөтэй, боломжтой хүмүүс болон томоохон компаниуд л хандив өгдөг гэх түгээмэл ойлголт бий. Санхүүгийн чадамж, боломж бололцоогоос үл хамааран хүн өөрт байгаа зүйлээ бусадтай хуваалцдаг байхаас л сайн үйлс эхэлдэг болов уу. Сайн үйлс, хандив гэдэг өөрийнхөө төлөө хийдэг зүйл биш бусдын төлөөх сэтгэл байгаасай, буцаад нийгэмдээ өгч байгаа тэр хүний хариуцлагын илрэл байгаасай гэж хүсдэг.

Өнгөрсөн өвөл шинэ жилийн үеэр хөл хорионы үеэр дэлгүүр ажиллах боломжгүй байх үед хэд хэдэн байгууллага харилцагчдадаа өгөх бэлгээ манайхаас худалдан авсан. Тухайн байгууллага өөрсдийн хэрэгцээ шаардлагаа хангахаас гадна "Ид шидийн орон"-д дэмжлэг шууд үзүүлж байгаа юм. Бэлэг гэдэг өгч байгаа хүндээ, авч байгаа хүндээ сэтгэл хөдөлгөсөн нандин зүйл шүү дээ. Эдгээр байгууллагын харилагчид бэлгээ хүлээн аваад орлого нь хүүхдийн төлөөх үйлсэд зарцуулагдах утга учирт бүр ч их баярласан гэдэгт итгэлтэй байна.

- "Ид шидийн орон" шошготой хэчнээн төрлийн бүтээгдэхүүн худалдаалдаг вэ, ямар төрлийн бүтээгдэхүүн түлхүү худалдаалахыг зорьж байна вэ?

- Нэрийн бүтээгдэхүүнээс гадна хамтрагч байгууллага мөн манайд өөрийн бүтээгдэхүүнээр хандив өгч байгаа хувь хүн, байгууллагуудын бүтээгдэхүүн борлуулагдаж байгаа. Дэлгүүр нээсэн богино хугацаанд хувиараа бизнес эрхлэгчид, гар урлалын хүмүүс, хэвлэлийн газар, зохиолчид өөрсдийн бүтээгдэхүүнээрээ дэлгүүрт хандивласан. Саяхан нэг охин өөрийн зурсан illustration зургаа жаазлаад манайд авчирч өгсөн. Ерөнхий боловсролын сурагчид, оюутнууд дэлгүүрээр үйлчлүүлж бас өөрийн хийсэн бүтээлээ өгч байгааг харахад үнэхээр сайхан сэтгэгдэл төрсөн шүү.

Ер нь манай нэрийн кофены аяга, усны сав, карт холдер, футволкны материалын чанарт хүмүүс их ам сайтай байдаг. Олон төрлийн мерчендайз бүтээгдэхүүний санаа байвч манайх үйлдвэрлэгч улс биш, бас хөрөнгө санхүүгийн олон хүчин зүйлс хамаардаг. Цөөхөн нэр төрлийн нэрийн бүтээгдэхүүн байгаа ч цаашид улам олон болгохоор ажиллана. Сайн үйлс бүтээхийн төлөө, хүүхдийн төлөө гэсэн сэтгэлээр хүмүүс манайхаас юм худалдан авч байгаа. Тийм учраас авч буй зүйл нь тухайн хүндээ удаан эдлэгдэж, хэрэгтэй байх, чанартай байх тал дээр үргэлж анхаарч ажилладаг.  

“Ид шидийн орон” сайн үйлсийн дэлгүүр түрүүн хэлсэнчлэн борлуулалтаараа амжилтаа хэмжихгүй. Дэлгүүрийн зорилго хүүхдийн төлөөх үйл хэрэгт санхүүжилтийн эх үүсвэр болох мөн. Гэхдээ ямарваа нэгэн нийгмийн төлөөх үйлсэд нэг ч удаа биеэр оролцож, дуу хоолойгоо өргөж, хандив өгч байгаагүй хүн дэлгүүрээс хэрэгтэй зүйлээ аваад, хүүхдийн төлөө гэсэн зорилго зорилтыг нь сонсож ойлгоод, гартаа Ид шидийн орон гэсэн зүйлс бариад явах нь л сайн үйлсийн дэлгүүрийн чухал агуулга юм.   

- Нэрийн бүтээгдэхүүнээс гадна уран бүтээлчдийн бүтээлээр хийсэн бүтээгдэхүүн байх шиг байна.  

- Австрали улсад оршин суудаг street artist  Heesco-г мэдэхгүй хүн цөөн болов уу. Олон улсанд танигдсан  Heesco маань өөрийн уран бүтээлээрээ бидэнтэй хамтарч, оюуны өмчийн зөвшөөрөл олгосон. Түүний бүтээлээр 6 өөр төрлийн загвартай подволк худалдаалж байна. Мөн түүний зургаар стикер гаргаж байгаа. Манайд орж ирсэн гадаад хүмүүс авах их дуртай байдаг.

Шангри-Ла моллд дэлгүүр маань сарын хугацаанд ажиллахад хажуугаар зөрж байгаа хүмүүс “Энэ Heesco-гийн зураг байна” гэж хараад их ирж байсан. Мэдээж манай дэлгүүр цэвэр ашгийн төлөө биш учраас уран бүтээлийн оюуны өмчийг дээдлэн борлуулалтын тодорхой хувийг өгдөг. Хэрэв тантай Heesco-гийн зурагтай подволк өмссөн хүн тааралдвал та энэ хүн хүүхдийн төлөө зүрх сэтгэлтэй хүн байна гэж ойлгоорой. Уран бүтээлчид ч гэлтгүй байгууллага, бүтээгдэхүүнийг маань байршуулах сүлжээ дэлгүүрүүдтэй ч хамтарч ажиллахаар төлөвлөж байна.

- Ид шидийн орны орлого, зарлага шилэн байдаг. Дэлгүүрийнх мөн адил уу?

- Манай байгууллагын бүхий л үйл ажиллагаа санхүү тайлан, хандив ил тод шилэн байдаг. Бүхий л гэдэг нь дэлгүүрийн үйл ажиллагаа ч мөн багтана.

- Дэлгүүр тогтвортой хандивын систем бий болгон хандивлагчидтайгаа ойртох, илүү олон хүнийг татан оролцуулахаасаа гадна сайн үйлсийн дэлгүүрийн жишиг тогтоох, хандлага өөрчлөхөд чиглэж байгаа байх нь. Өөрөөр хүүхдийн эрхийн зөрчлийн эсрэг хүмүүсийн анхаарлыг чиглүүлэх ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Бид Монголын үндэсний супер баатар төрүүлэх “Лантуу хүү” төслийг  боловсруулаад байна. 5-10 насны хүүхдүүдэд зориулсан комик ном, анимэйшн, аудио номын цогц контент уг төслийн зорилго нь Хүүхдийн эрхийн зөрчлийн эсрэг, хүүхдийг хамгаалдаг Лантуу хүү супер баатрыг төрүүлж, уг дүрээр дамжуулан хүүхдүүдэд эерэг хандлага бий болгох, мэдлэг мэдээлэл олгох зорилготой юм.

- Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

"Ид шидийн орон" сайн үйлсийн дэлгүүр Мөнгөн завъяагийн замын урд талд буюу нүхэн гарцын баруун урд байрладаг.