Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистанд охид дуу дуулахыг хоригложээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хэд хоногийн өмнө Афганистаны нийслэл Кабул хотын боловсролын газраас 12-оос дээш насны охид олны өмнө дуу дуулахыг хориглосон шийдвэр гаргажээ.

Уг хоригийг Афганий иргэд хүчтэй эсэргүүцэж, сошиал орчинд #IamMySong хаштагийн дор охид бүсгүйчүүд дуулж байгаа дүрс бичлэгээ тарааж эхэлсэн байна.

Улмаар Афганистаны боловсролын яам Кабул хотын захиргаа ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасныг мөрдөн шалгахаар болжээ.

Тус улсын засгийн газар Талибан хөдөлгөөнийхөнтэй энхийн гэрээ байгуулах хэлэлцээ үргэлжилж буй цаг үед ийм асуудал гарсан нь Афганчуудын санааг зовоож байна.

Кабул хотын боловсролын газрын шийдвэрт 12-оос дээш насны охидыг сургууль дээрээ дуу дуулахыг хориглосноос гадна тэдэнд эрэгтэй багшаар дуу хөгжмийн хичээл заалгахыг хоригложээ.

2001 онд төгсгөл болсон Талибаны дэглэмийн үед охидыг сургуульд явахыг зогсоож, ихэнх дуу хөгжмийг хориглож байсан юм. Талибантай энхийн гэрээ байгуулсны үр дүнд хуучин харанхуй бүдүүлэг цаг үе эргэж ирэхээс иргэд болгоомжилж байгаа.

“Энэ бол манай бүгд найрамдах улс дотроосоо талибанчлагдаж байгаагийн илрэл юм” хэмээн сүүлийн 40 орчим жил Афганистаны хүний эрхийн төлөө тэмцэж буй Сима Самар хэвлэлд ярьжээ.

Сүүлийн үед тус улсын төрийн албан хаагчид, улс төрчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг чиглэсэн Талибанчуудын зэвсэгт халдлага нэмэгдэж байгаа. Энэ сарын эхээр орон нутгийн телевизийн сувагт ажилладаг 20 гаруй насны гурван эмэгтэй зэвсэгт халдлагын золиос болсон юм.

 

Эх сурвалж: BBC