Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн конгресс каннабисын хэрэглээг хуульчлах эхний алхмыг хийлээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Мексик улсын конгрессын доод танхим каннабисыг зугаа цэнгээн, эмчилгээ, шинжлэх ухааны зорилгоор хэрэглэхийг зөвшөөрөх хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Ингэснээр дэлхийн томоохон эдийн засагтай улсуудын нэг каннабисын зах зээлд хаалгаа нээхэд нэг алхам ойртож байна.

Ялангуяа хар тамхитай холбоотой гэмт хэрэг, хүчирхийлэл өндөр байдаг тус улсад энэ нь чухал алхам болох юм.

Хууль тогтоогчдын 316 нь шинэ хуулийн төслийг дэмжиж, 127 нь эсэргүүцжээ. Одоо конгрессын дээд танхим сенат төслийг хэлэлцэж, батлах юм.

Хэрвээ хууль батлагдвал каннабисын салбарт ажилладаг гадаадын компаниудад 127 сая хүн амтай том зах зээл нээгдэнэ.

Хуулийн дагуу каннабисыг тариалах, тээвэрлэх, борлуулах, судалгаанд ашиглах, экспортлох, импортлохтой холбоотой нийт таван лиценз бий болно. Зөвхөн 18-аас дээш насны тусгай зөвшөөрөлтэй иргэд каннабисыг хэрэглэх боломжтой байх ажээ.

Хуулийг санаачилсан ерөнхийлөгч Лопез Обрадорын эрх баригч Морена нам конгрессын хоёр танхимд олонх болдог тул батлагдах нь тодорхой байна. 2013 оны сүүлээр Уругвай улс каннабисын хэрэглээг хуульчилсан дэлхийн анхны улс болж байжээ.

Уругвайтай нэг бүс нутгийн Аргентин, Чили, Колумби, Перу улсуудад каннабисыг эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрдөг юм. 2018 онд Канад улс мөн каннабисын хэрэглээг хуульчилсан бол АНУ-ын хэд хэдэн муж зарим хэрэглээг нь хуулиар зөвшөөрөөд байна.

 

Эх сурвалж: Reuters