Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн засгийн газар Нигерийн төсвөөс хулгайлагдсан мөнгийг буцааж шилжүүлэхээр болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Нигерийн Делта мужийн захирагч асан Жэймс Ибори

Их Британийн засгийн газар Африк тивийн Нигери улсын газрын тосоор баялаг Делта мужийн захирагч асны дансанд байсан $5.8 саяыг буцааж шилжүүлэхээр болжээ.

Уг мөнгийг Делта мужийн захирагч асан Жэймс Ибори гэгч улсынхаа төсвөөс хулгайлсан юм байна.

Тэрбээр одоо луйврын хэргээр Британийн шоронд 13 жилийн хорих ял эдэлж байгаа. Хууль бус аргаар олсон хөрөнгийг нь хураах шийдвэрийг Ибори 2018 онд давж заалдсан ч амжилт олоогүй юм.

Их Британи, Нигери улсууд анх удаа улсын төсвөөс хулгайлсан хөрөнгийг буцааж шилжүүлэх тохиролцоонд хүрсэн нь энэ юм байна. Үүнд хоёр улсын засгийн газар хооронд 2016 онд эдийн засгийн гэмт хэрэгтэй хамтран тэмцэх зорилгоор байгуулсан санамж бичиг чухал үүрэг гүйцэтгэжээ.

Газрын тосоор баян Нигери улсын албан тушаалтнууд төсвөөс хулгайлсан мөнгөө Их Британид угааж, үнэтэй тансаг эд хөрөнгө худалдаж авах явдал түгээмэл байдаг. Авлигатай тэмцэгчид хулгайн мөнгө угаах явдалтай хангалттай тэмцэхгүй байгаа Их Британийн засгийн газрыг байнга шүүмжилдэг юм.

Нигери улс нь Транспаренси Интернэйшнл байгууллагаас гаргасан авлигын үзүүлэлтээр дэлхийн 180 орноос 149 дүгээрт жагсдаг.

Буцааж шилжүүлсэн мөнгийг Нигерийн засгийн газар орон нутгийн дэд бүтцийг сайжруулах төсөлд зарцуулахаа амлажээ.

Их Британийн засгийн газрын Африкийн асуудал хариуцсан сайд Жэймс Даддриж “Төсвийн мөнгийг хулгайлахад тухайн нийгмийн хамгийн ядуу хэсэг хамгийн их хохирдог” гээд Нигерийн засгийн газартай анхны ийм тохиролцоонд хүрснийг онцолсон байна.

Тус улсын дотоод хэргийн сайд Сюзан Уилльямс уг тохиролцоог “хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай тэмцэх үйлсэд гарсан томоохон амжилт” гэж сайшаажээ.

 

Эх сурвалж: The Guardian