Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Алтжин: Эмэгтэй хүн мэдлэг нэмэхийн хэрээр үзэсгэлэнтэй болдог

ikon.mn
2021 оны 3 сарын 8
Сурталчилгаа

Та бие даасан, хөдөлмөрч, ажил хэрэгч амжилттай бизнесмэн эмэгтэй. Эсвэл сайн ээж,  халамжит хань байхын алийг сонгох вэ? Аль аль нь байх боломж бүсгүй хүн бүрт бий болов уу? Энэ мэт хариулт олддоггүй, хааяа бухимдуулдаг асуудал, амьдралын тухай RE/MAX UNITED оффисын брокер эзэмшигч, реалтор Д.Алтжинтай ярилцлаа. Тэр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч бүсгүйчүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх алс хэтийн зорилго өвөрлөсөн. Бизнесийн торгон мэдрэмж, авьяас чадвараараа үл хөдлөхийн салбарт манлайлж яваа залуу, халуун бүсгүй.

-Суралцахаа боливол удирдаж чадахаа болино-

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Алтжин гэдэг. Би 28 настай. Зургаа хүртэлх насны гурван хүүхдийн ээж. RE/MAX UNITED оффисыг удирдан ажиллаж байна. Мөн интерьерийн компани, маркетингийн агентлагыг давхар удирддаг.

-Тэрсхэн багачууд үймээний эзэд байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Том нь юу хийнэ, дуурайж гэр оронд үргэлж инээд хөөр дүүрэн, дуу шуугиантай байдаг.

 

-Залуу ээж. Амжилттай бизнес эрхлэгч. Энэ бүхнийг хэрхэн амжуулж байна вэ?

-Миний өөртөө тавьдаг шалгуур эмэгтэй хүн ажиллахаа, сурахаа хэзээ ч зогсоож болохгүй. Энэ зөвхөн миний үзэл байгаа. Карьераа орхихгүй гээд төрөөд шууд ажилдаа орохдоо гол нь биш. Миний хувьд хүүхдээ хараад гэртээ сууж байхдаа ч онлайнаар суралцаж, ажиллахыг эрмэлздэг. Олон зүйлийг зэрэг амжуулна гэдэг хүүхэд байхаас надад суусан чадвар юм шиг санагддаг юм. Үргэлж л сурахын хажуугаар ажиллах, ажлынхаа хажуугаар сурахад анхаарч ирсэн. Анхны хүүхдээ төрүүлээд магистрт суралцахаас гадна давхар ажлаа хийж л байлаа. Хоёрдахь хүүхдээ төрүүлээд ч давхар ажиллаж л байсан. Ажлаа, бизнесээ цалгардуулахгүй байхын хажуугаар сайн хань, сайн ээж байх үүргээ хаяж болохгүй.

-Өнөө үед манлайллын тухай их ярих болсон. Та хамт олноо хэрхэн манлайлж байна вэ?

-Манайх үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид мөн оффисд ажилладаг админ менежер, нягтлан, хүний нөөц, маркетингийн менежер зэрэг салбар салбартаа өөрийн ур чадвараараа мэргэшсэн сайхан хамт олонтой ажилладаг. Манлайлал гэдэг том сэдэв. Би нэгийг сонгож аваад яръя. Манлайлагч, удирдах албан тушаал хаших гэж байгаа хүн тасралтгүй суралцах шаардлагатай байдаг билээ. Тийм ч учраас та суралцахаа болих юм бол удирдаж чадахаа болино гэж би хувьдаа бодож явьдаг. Алхам бүртээ шинэ зүйлийг сурч мэдэх гэж, туршиж үзэх гэж хичээдэг. Манлайлагч байхын нэг хэцүү зүйл нь чи мэдэхгүй юмгүй байх ёстой. Хүнийг манлайлж байгаа учраас аль нэг асуултад хариулт өгч, чиглүүлдэг байх ёстой. Үүнийг л манлайлал гэх болов уу.

Би үргэлж судалгаа хийж шинэ мэдээ мэдээлэл, ямар чиг хандлага шинээр түрэн гарж ирж байгааг мэдхийг эрмэлздэг. Энэ судалгаа зөвхөн нэг салбарынх биш учраас надад маш олон чадварыг нээж өгдөг юм. Тухайлбал Монгол Улсын хүн амын 1.2 сая нь ажил эрхэлж байна. Үүнээс 54.7 хувь нь эрэгтэй, 45.3 хувь нь эмэгтэйчүүд. Нийт 608.983 эмэгтэй тогтмол ажил эрхэлж байгаа гэсэн статистик бүртгэл бий. Төрийн албанд эмэгтэй хүмүүс илүү хувьтай ажиллаж байгаа мөртлөө удирдах албан тушаалтны хувь хэмжээ бага байгаа юм. Энэ үзүүлэлт бизнес дээр ч адилхан байдаг. Мөн өөр нэг статистик сонирхуулахад УИХ-д 498 хүн нэр дэвшихэд үүний 129 нь эмэгтэй байна.  Тэгэхээр манлайлал буюу өөрийн дуу хоолойг нийгэмд хүргэх эсвэл өөртөө шинэчлэлт хийх тал дээр эмэгтэйчүүд маань нэг алхам хойно зогсоод байдаг тал зөвхөн Монголд биш дэлхий нийтэд ажиглагддаг. Ийм ч учраас “REAL” womens club-ыг  санаачлан байгуулаад байна.  

 

-Манлайлалд жендерийн эрх тэгш байдлыг хангах зорилготой клуб уу?

-Зөвхөн RE/MAX-ийн эмэгтэйчүүдэд зориулсан биш, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх эмэгтэй бизнес эрхлэгчид нэгдэх боломжтой клуб юм. Бид бизнесээ өргөжүүлэхийн тулд бие биетэйгээ байнгын харилцаа холбоо сайтай байх хэрэгтэй. Тиймээс бие биенийхээ бизнесийг дэмжих, сурталчлах, өргөжүүлэх, харилцаа тогтоох, танилын хүрээг тэлэх зорилгоор энэ клубыг бүсийн эзэмшигч Бүжинлхамтай хамт үүсгэн байгуулсан. Клуб маань одоогоор 172 гишүүнтэй, албан ёсны ТББ. STAR UP бизнес эрхлэх гэж байгаа, бизнесээ олонд таниулах хүсэлтэй гээд олон бүсгүйчүүд клубтэй маань холбогдож байгаа. Мөн салбар салбартаа амжилттай ажилласан, одоо харин өөр салбарын бизнес эрхлэгч бүсгүйчүүдтэй танилцаж, бизнесийг нь сонирхох, үйлчлүүлэгч болох хүсэлтэй хүмүүс олон байна.

-Жил сараар биш өдөр цагаар төлөвлөдөг-

-Бизнест амжилт гаргахад эзэмшсэн боловсрол хэн нэгний дэмжлэг үү? Эсвэл хувь хүний хичээл зүтгэл, хандлага илүү чухал уу?

-Ажил, амьдралын балансаа зөв зохицуулж байж та амжилтад хүрнэ. Би багаасаа л бүтээлч хүүхэд байсан болохоор одоо ч юмыг байгаагаас нь өөрчлөх, илүү сайхан харагдуулах хоббитой. Надад байдаг л нэг дөрвөн ханатай байрыг яаж сэтгэл татам, сайхан байлгах вэ гэдгийг эрэлхийлдэг чадвар гэх юм уу эсвэл мэдрэж нуугдаад байх шиг санагддаг /инээв.сур/. Энэ надад интерьер дизайны бизнес эрхлэхэд нөлөөлсөн.

Мөн би хувьдаа нарийн төлөвлөлт маш чухал гэж боддог. Миний цүнхэнд хоёр дэвтэр байнга явдаг. Нэг дэвтэр дээрээ хийх ажлын төлөвлөгөө гаргадаг бол нөгөө дэвтэр дээрээ жижиг зүйлсийг бичдэг. Жилийн, сарын төлөвлөгөө гаргахаас гадна би долоо хоног, өдөр, цагаар төлөвлөдөг. Нарийн дэлгэрэнгүй хийх зүйлсээ төлөвлөж бичих нь миний хувьд олон ажлыг зэрэг амжуулах боломжтой болгодог. Би хүүхдүүддээ авах шаардлагтай зүйлс, хүүхдийнхээ багштай уулзахаа, хүнсний дэлгүүрээс авах зүйлсээ хүртэл бичдэг. Хийх ажлыхаа жагсаалтаас аль нь чухал вэ гэдэг дараалал гаргаад үнэ цэнийг тодорхойлох нь үр дүнтэй.

 

-RE/MAX-ийн франчайзыг сонгоход  юу нөлөөлөв?

-RE/MAX-ийн хамгийн таалагдсан зүйл нь систем буюу ажиллах арга барил нь. Тухайлбал, агент хүн өөрийн арга барилаар, өөрөө цагийн менежментээ хийгээд өөрийн бизнесийг авч явдаг. Энэ эмэгтэйчүүдэд хамгийн том боломж. Олон жаахан хүүхэдтэй ээж бүтэн цагийн ажилд орох боломж хомс. Би хүүхдүүдээ цэцэрлэгийн насанд хүрсэн даруйд хамтад нь нэг цэцэрлэгт өгч үзлээ. Тэгтэл нэг нь өвдөхөд нөгөө хоёр нь өвдчихдөг. Хүүхдээ эдгэртэл хэд хоног ажлаасаа чөлөө авна. Буцаад ажилдаа орж ирэхэд манай удирдлага, хамт олон намайг ямар уур амьсгалтай хүлээж авахаас эхлээд ажил дээрх процесс ээжүүдэд их хүнд тусдаг. Үнэндээ хүүхдээ балетад явуулна, усанд сэлүүлнэ, цэцэрлэг сургуульд нь хүргэнэ гээд олон ажлыг ээжүүд л зохицуулж, зөөдөг шүү дээ. Энэ бүхнийг зэрэг амжуулахад ээжүүдэд, эмэгтэйчүүдэд RE/MAX маш тохирсон бизнес.

RE/MAX-ийн агентууд өглөө оффис дээрээ хэдэн цагт ирэх, өдөр хаана хэнтэй уулзаж байр үзүүлэх вэ гээд бүх ажлаа өөрийнхөө боломжид тааруулдаг. Тийм учраас RE/MAX эмэгтэйчүүдэд, ээжүүдэд ээлтэй ажлын байр. Судалгаа хийхэд манай нийт агентуудын 68 хувь нь эмэгтэй хүмүүс байна. Топ агентуудын 20 хувийн 80 нь эмэгтэй. Үүн дотроо бие даасан амьдралтай, ганц бие ээжүүд олон байгаа юм. Энэ ганц Монголд юм болов уу гээд RE/MAX LLC буюу АНУ дахь оффисоос гаргасан “Forbes” сэтгүүлд өгсөн судалгааг үзлээ. Дэлхий дээрх эмэгтэйчүүдэд ээлтэй, эмэгтэйчүүд давуу ажилладаг салбарын жагсаалтад RE/MAX тавдугаарт оржээ. Тэгэхээр ганц Монголд биш орон бүрт RE/MAX эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын байр.

RE/MAX өөрийн брэндинг бий болгох боломжийг хүртэл олгож байна. Би 10 жилийн ажлын туршлагатай нэгэн. Томоохон хувийн хэвшил, төрийн алба гээд олон салбарт ажилласан. Энэ хугацаанд надад нэг зүйл бодогддог байлаа. Тэр нь өөрийн хүсч байгаа зүйлээр амжиргаагаа залгуулах боломж залуучуудад яагаад байдаггүй юм бол. Азтай нэгэн нь дуртай ажилдаа ордог. Хэн нэгний хүслээр эсвэл илүү ашгийн төлөө орсон хүн тэр ажлыг хийхэд 100 хувь өөрийгөө дайчилдаггүй. Би хийх ёстой гэж хүлээж авдаг юм шиг надад санагддаг. Энэ бодол маань RE/MAX-ийг сонгоход нөлөөлсөн. Дараагийн чухал зүйл нь үргэлж бүр байнгын сургалтаар дэмждэг. Үл хөдлөхийн салбарт биднийг бүрэн, дүүрэн бэлтгэдэг байгууллага одоогоор RE/MAX-аас өөр байхгүй. Тэгэхээр сургалтын систем, агентийг байнгын хөгжүүлэх зорилго нь, ярих, сонсох, илтгэх хувь хүний ур чадвараас гадна мэргэжлийн сургалтууд нь надад маш их таалагдсан.

 

-Та өөрийн имиж, брэндингийг хэрхэн бий болгож байна вэ?

-Би оюутан байхдаа ажлыхаа гарааг сургалтын төвөөс эхэлж байсан. Яагаад ч юм үүнээс хойш байнга л сургалтын байгууллагад ажиллажээ. Өөрөө хичээл заах хоббитой. Хичээл л заавал аз жаргалтай болдог төрлийн хүн шиг санагддаг. Одоо ч үл хөдлөхийн салбарын эмэгтэйчүүддээ хувийн брэндинг, имиж бүрдүүлэлтийн талаар сургалт ордог. Эргээд бодоход энэ чиглэлийн сургалтыг маш олон удаа орсон байна. Гэхдээ хүмүүст заагаад л байдаг. Яг өөртөө бол загасчны морь усгүй гэдэг шиг л байна /инээв.сур/. Би сургагч багш брэндингдээ хайртай.

Мөн цэвэрхэн, энгийн, өөрт тохиромжтой цөөхөн өнгөний зохицолтой зүйлд дуртай. Энэ нь бас миний хувийн брандингээ хийхэд нөлөөлдөг байх. Эмэгтэй хүн хувийн брэндинг хийхэд жаахан хүнд. Учир нь цаг зав багатай. Сайхан харагдах, гадаад төрхөндөө анхаарах, өөрийн дүр түрхийг бүрдүүлэх хувцаслалт мөн мэдлэгээ өргөжүүлэх, туршлагаа нэмэгдүүлэх зэрэг нь тухайн хүний брэндийг бий болгож байдаг.

-Эмэгтэй хүн бүр боловсролтой, нийгэмд эзлэх байр суурьтай  байгаасай-

-Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тохиож байна. Та энэ өдөр хэрхэн баярладаг вэ?

-Хүүхэд байхдаа ээжийгээ баярлуулахсан гэж их боддог байлаа. Гараараа юм урлах сонирхолтой учраас ээжийнхээ төрсөн өдрөөр, Эмэгтэйчүүдийн баяраар өөрийнхөө гарааг хийсэн зүйлээ ээждээ бэлэглэдэг байлаа. Тэгэхээр “Март-8” гэхээр хамгийн түрүүнд ээж минь л санагддаг. Энэ өдөр эмэгтэй хүн болгон аз жаргалтай байгаасай. Харин энэ нийгэмд эмэгтэй хүн бүр боловсролтой, ажилтай, нийгэмд эзлэх байр суурьтай  байгаасай гэж хүсдэг.

 

-Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудал гэвэл та юуг нэрлэх вэ? Магадгүй таны эмзэглэж явдаг асуудал байдаг уу?

-Энэ маш том сэдэв. Болохгүй байгаа асуудлыг ярьвал олон. Таны ажил танд ахих, дэвшил өгөхгүй байвал та зөв газартаа, зөв зүйл хийж байна уу, та ажиллах суралцах цаггүй байвал, та өөрийнхөө цагыг яг юунд зарцуулж байна тэр зүйл чинь таньд хэр өгөөжтэй вэ, таны гэр бүл аз жаргалгүй байвал би өөрөө хичээхгүй байна уу, хүүхдүүд маань төлөвшихгүй байвал би цаг гаргахгүй байна уу, гээд асуудлыг алдааг өөрөөсөө хайж, дүгнэх хэрэгтэй гэж би боддог. Долоо хоногт ямар хоол хийж байна, хүүхэддээ, нөхөртөө хэрхэн цаг зарцуулж байна гээд бидний тоолгүй орхидог жижиг асуудлууд бий. Цаашлаад та өөрийгөө хөгжүүлэхгүй байна уу, та өөрийгөө тоохгүй байна уу. Энэ бүхнийг өөрчлөх хүч хүнд өөрт нь байдаг. Ер нь эмэгтэй хүн аливаад зоригтой алхам хийх хэрэгтэй. Боловсролтой мэдлэгтэй байж, хүсч байгаа ажлаа хийх ёстой. Хүн болгонд өөрчлөлт хийх хүсэл байдаг ч зориглож эхлэхгүй байдаг. Эхлэл бол бүх зүйлийн 80 хувь  байдаг даа.

-Эмэгтэйчүүдэд юуг уриалах вэ?

-Өөрчлөлт хийх нэг алхмыг хийгээрэй гэж уриалмаар байна. Эмэгтэй хүн боловсролтой байх тусмаа үзэсгэлэнтэй болдог. Өөрийгөө байнга магтаж урамшуулах биш. Хатуу чанга байж турших хэрэгтэй. Би өөртөө хатуу ханддаг. Зорьсон зорилгынхоо төлөө ядарч байна уу, унтаагүй байна уу хамаагүй хүчилдэг. Ойр ойрхон төрөхдөө ч жин нэмэхгүй байх тал дээр болоод гадаад үзэмждээ заавал цаг гаргадаг байлаа. Төрөөд удаагүй шөнө унтаагүй байсан ч өглөө заавал босч дасгал хийдэг байсан. Эмэгтэй хүн өөрийгөө эрүүл байлгадаг хоббитой, аз жаргалтай байлгадаг хоббитой, мөнгөтэй байлгадаг хоббитой байх хэрэгтэй гэсэн бодолтой явдаг. Мөнгөтэй байлгадаг гэдэг нь та түүнийг хийснээр ашиг орлоготой сэтгэл хангалуун байх.

 

-Таны цаашдын хүсэл мөрөөдлийн талаарх асуултаар ярилцлагаа өндөрлөе.

-Би ганцхан том зүйл мөрөөддөггүй. Гэр бүлдээ нэг, ажилдаа нэг, хувь хүнийхээ хувьд бас нэг гээд надад олон мөрөөдөл байна. Хүүхдүүдээ хүссэн мэргэжлийг нь эзэмшүүлж аз жаргалтай хувь хүн болгон хүмүүжүүлнэ. Хүүхэд зөв өсвөл бид насаараа жаргана шүү дээ. Энэ хамгийн чухал. Дараа нь би Монголын үл хөдлөхийн салбарт цогц үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна. Манай компани барилгын интерьер, диайзныг манайх гүйцэтгэдэг. Мөн нүүлгэх, цэвэрлэх хүргэлтийн аппликейшныг бүтээж угсрах шатандаа явж байгаа. 

Байр хайгаад эсвэл байраа зарах гээд ирж байгаа хүмүүст түлхүүрээ хүлээж авах хүртэл бүх үйлчилгээг үзүүлэхийг манай компани зорьж байгаа. Үүний төлөө ажиллаж байна. Хүн хүссэн байраа дэлхийн хаанаас ч захиалж болно. Ирээд онгоцноос буугаад гэртээ ороход байр нь бэлэн, шүүгэнд хувцас нь өлгөөстэй байх энэ цогц үйлчилгээг үзүүлэхийн төлөө ажиллаж хөдөлмөрлөж байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.