Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

БИД УУРХАЙЧИН БҮСГҮЙЧҮҮД...

ikon.mn
2021 оны 3 сарын 8
iKon.MN

Дэлхий даяар уул уурхайн салбарт ажиллагсдын 10, удирдах түвшинд ажиллагсдын 15 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж буйг PWC, ДЭЗФ-ын судалгаанууд харуулжээ. Уламжлалт ойлголтоор эрчүүд ноёлсон энэ салбарт техник, технологийн дэвшлийн ачаар эмэгтэйчүүд хүч түрэн орж ирж байна. Уул уурхайгаас ихээхэн хамааралтай байдаг Монгол Улсад энэ салбарт ажиллагсдын 15 хувь нь эмэгтэйчүүд. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан энэхүү нийтлэлдээ эрчүүдтэй мөр зэрэгцэн, эн тэнцүү үүрэг хариуцлага хүлээн ажиллаж буй эмэгтэйчүүдийнхээ төлөөлөл болгож, уул уурхайн салбарын өөр өөр ажил мэргэжилтэй бүсгүйчүүдийг урин оролцууллаа.

ЭМЭГТЭЙЧҮҮД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ МАНЛАЙЛАХ НЬ...

 

УУХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Анун 

Уул уурхайн салбарын үр өгөөж бидний ирээдүйг сайн сайханд хүргэх боломж гэдэгт монголчууд итгэдэг. Гэвч энэ салбартай холбоотой нийгмийн үнэлэмж өөр өөр байгаа нь бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, олон нийтэд зөв мэдээлэл олгох тал дээр дутагдалтай байгаатай холбоотой. Дэлхийн улс орнууд дахь хариуцлагатай уул уурхайн туршлага, санаачилгуудыг харьцуулан судалж гаргасан “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т Эрдэнэт, Багануур, Саусгоби сэндс, Оюу толгой, Терра Энержи, Аспайр Майнинг, Энержи Ресурс Девелопмент, Степ Голд зэрэг төрийн болон хувийн уул уурхайн томоохон компаниуд нэгдэж орсон сайн туршлага манайд бий. Би 2017 оноос УУХҮЯ-ны гадаад харилцааг хариуцан, сайд болон яамны удирдлагуудын гадаад айлчлал, олон талт хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд, гадаад хөрөнгө оруулалт татахад зориулсан аливаа үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллаж байна. Засгийн газраас гаргасан бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, улс орон, тусгаар тогтнол, ард иргэдийн төлөө гэсэн том системийн нэгээхэн хэсэг болж, бүх нийтийн төлөө зүтгэж яваагаараа бахархдаг.

Эрчүүдийн гэгдэх хэвшмэл үзэл давамгайлсан салбарт эмэгтэйчүүд ажиллахдаа илүү хичээж, өөртөө болон бусдын зүгээс хоёр дахин хариуцлага, хоёр дахин үүрэг хүлээж байж хүлээн зөвшөөрөгдөх хандлага байдаг. Гэвч өнөөдөр уул уурхайн салбарт чадварлаг олон зуун эмэгтэйчүүд ажилладаг болсон нь техник технологийн дэвшил, нийгмийн шаардлага нөлөөлж буйн нэг илрэл байх. Нийгэм хөгжихийн хэрээр жендэрийн асуудал үүсэж, энэ хэрээр манай эрдэс баялгийн салбарын хүйсийн тэгш байдалд ахиц дэвшил, өөрчлөлт гарч буйг онцлон тэмдэглэмээр байна.

УУХҮЯ-наас Эрдэс баялгийн салбарын нөлөөллийн үнэлгээ хийлгэж, үүнд тулгуурлаж “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2019-2026)”, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан баталсан. 2018 оноос уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн үндэсний чуулга уулзалтыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Чуулганаараа бид өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, ойрын ирээдүйн зорилт, салбарын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг хэлэлцэн, өөрсдийн дуу хоолойг төр, засгийн хэмжээнд хүргэдэг болсон. Мөн нийт оролцогчдын санаачилгаар Эрдэс баялаг-Эмэгтэйчүүдийн Холбоо байгуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 

Энэ жил бид “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь” уриан дор гуравдугаар сарын 16-нд цахим хэлбэрээр чуулганаа зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа гэдэг. Хариуцлагатай уул уурхай гэдэг ойлголтыг салбарын эмэгтэйчүүд бид хэрхэн манлайлах, нийгэмд хэрхэн зөв ойлголтыг өгөх нь энэ жилийн чуулганы гол зорилго байх болно. Бид хамтдаа илүү үнэ цэнийг бүтээж, олуулаа, хол явахыг хүсэж байна. 

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЧДЫН 30 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД

 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тээвэр, ложистикийн төвийн хүний нөөцийн тэргүүлэх мэргэжилтэн Ө.Минжмаа

Би “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааг явуулж байдаг Баяжуулах үйлдвэрт анх 2006 онд соёл олон түмний арга зүйчээр орж байлаа. Түүнээс хойш үйлдвэртээ 16 дахь жилдээ ажиллаж байна. Одоо Тээвэр, ложистикийн төвийн хүний нөөцийн тэргүүлэх мэргэжилтэн болсон.

Анх 1000 гаруй ажилтантай цехэд ажилд ороод ажлын байруудаар явж байхад бүх ажилтнуудаараа бахархах сэтгэл төрж байж билээ. Маш чанга нүргэлсэн дуу чимээтэй, халуун, хүйтэн, чийгтэй, тоостой гээд янз бүрийн орчин нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийн амралт, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, эрүүл мэндэд нь анхаарч ямар ажлуудыг зохион байгуулж болох тухай бодоод л, төлөвлөгөө боловсруулан ажилдаа шамдан орж байлаа.

Ажиллаж байх явцдаа 2014 онд ШУТИС-ийн харьяа КТМС-д үйлдвэрлэлийн менежментийн чиглэлээр суралцаж магистрын зэрэг хамгаалсан юм. Энэ сургуулиа төгсөөд хүний нөөцийн мэргэжилтнээр ажилласан. Миний хувьд, хүн хийж байгаа ажилдаа дуртай байвал ямар нэгэн хүндрэл бэрхшээл байдаггүй гэж боддог. Ажлыг чин сэтгэлээсээ дурлаж хийдэг байх нь л хамгийн чухал.

Би Эрдэнэт хотын унаган иргэн. Эцэг эх минь үйлдвэрт ажиллаж байгаад гавьяаны амралтаа эдлэн суугаа сайхан буурлууд байдаг. Бага наснаасаа л би үйлдвэрийн тухай мэддэг. Заримдаа ээжийнхээ ажил руу очдог байсан тэр л үеэс магадгүй миний амьдрал, хувь тавилан 6000 гаруй ажилтантай Дэлхийн хэмжээний үйлдвэртэй холбогдсон байх.  

Эрдэнэт хотын иргэд төдийгүй монголын бахархал болсон энэ том үйлдвэрийн бүх ажилтнуудаар би бахархаж явдаг. Ажилтнуудынхаа бүхий л асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хэмжээгээр оролцож, тэднийг сэтгэл амар, аюул эрсдэлгүй ажиллах боломжоор ханган ажиллаж байгаадаа баяртай байдаг.

Уурхайд ажилласнаар надад гэр бүлээ, өөрийгөө, хамт олноо, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, эрүүл мэнддээ анхаарах, урлаг, спортоор хичээллэх зэрэг маш том боломжууд нээгдсэн.

Уурхайчин эмэгтэйчүүдийн хувьд гэр бүлийнхээ өмнө хүлээснээсээ илүү том үүрэг хариуцлагыг үүрдэг юм шиг санагддаг. Манай үйлдвэр ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг маш сайн шийдэж өгдөг. Хамтын гэрээний нэг заалт дурдахад, хүүхдээ асрах чөлөөтэй байгаа ээжүүдэд сар бүр 500,000 төгрөг олгодог. Энэ нь ээжүүдэд тодорхой хэмжээгээр дэм болж байна. Манай үйлдвэрийн хувьд ажилтнуудын 30 орчим хувь нь эмэгтэйчүүд.

АМСХИЙХ ЗАВГҮЙ АВТОСАМСОВАЛЫН ОПЕРАТОР, МЯНГАТ МАЛЧИН...

 

Эрдэнэс Тавантолгой компанийн Уулын ашиглалтын хэлтсийн автосамсовалын оператор Ц.Болорцэцэг 

Манай гэр бүл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багт мал маллаж амьдардаг. Мал маллахын сацуу би Эрдэнэс Тавантолгой компанийн Уулын ашиглалтын хэлтэст автосамсовалын оператороор найм дахь жилдээ ажиллаж байна. Миний хань А.Адьяа 2013 оноос мөн энэ компанид автомеханикаар ажиллаж байгаа. Бид хамт нэг ээлжинд гарч, хамтдаа амарч, амьдрал ахуйгаа өөд нь татаад боломжийн сайхан амьдарч байна. Бид хоёр 2017 онд “Мянгат малчин” болсон. Ээлжинд гарсан үедээ хүргэн, охин хоёртоо малаа үлдээдэг. Ээлжнээс буусан үедээ өвс тэжээл авах, бууц хороогоо бэлтгэх, отор нүүдэл хийх, малын ноос ноолуур авах, үүлдэр угсааг сайжруулахын тулд өөр аймгаас мал авах, түүхий эдээ боловсруулах, борлуулах гээд цаг үеийн бүх ажлаа 14 хоногтоо багтаан амжуулахыг хичээдэг.

Миний жолооддог дамп бол 60-240 тоннын өөрөө буулгах механизмтай том оврын ачааны машин юм. Дампын оператор хүн уурхайгаас гарсан хөрс болон нүүрсийг ээлжийн даргын өгсөн төлөвлөгөөний дагуу тус тусын овоолгод эрсдэлгүй буулгах үүрэгтэй. Ачих, буулгах зай, зогсох, буулгах орчинг сайн мэдэрч ажлаа зөв сайн хийх нь бидний зорилго. Угаасаа ямар ч уурхайн орчин, онцлог амаргүй. Мөрдөх ёстой дүрэм, журам, горимын дагуу бүх хүн зөв сайн ажиллах ёстой байдаг.

Уурхайн том машиныг анх харахад хэнд ч сүрдмээр санагддаг байх. Гэхдээ би анхнаасаа л өөрийн сонирхлоор хүнд машин механизмын сургалтанд сууж, өөртөө тодорхой зорилго тавиад энэ мэргэжлийг эзэмшсэн. Бага насны минь хүмүүжил, аливаад тууштай, чин сэтгэлээсээ ханддаг хандлага маань энэ аварга техникийг удирдан ажиллуулахад нөлөөлдөг гэж боддог. Түүнчлэн, уурхайн орчин хүнийг нийгэмшүүлж, хамтач, эвсэг, хариуцлагатай болгодог. Бүх хүн ажилдаа эзэн болж сурдаг гэхээр их сайхан шүү. Манай компани ажилчдынхаа эрүүл мэнд, нийгмийн амьдралд ихээхэн анхаарч, тогтмол үзлэг шинжилгээнд хамруулж, спорт танхим, бялдаржуулах хэрэгсэл, тоглоом, номын сан гээд хэрэгцээт бүх зүйлээр хангадаг. Манай хамт олон нийтэч, эвсэг, хөдөлмөрч сайхан хүмүүс.

Эмэгтэй хүний хувьд гоо сайхандаа тодорхой хэмжээгээр анхаарч, зохих арчилгаа, тордолгоог өөрсдийн хэмжээнд хийдэг. Бид ажил дээрээ бүгд жигд ажлын хувцсаа өмсдөг. Хааяа баяр ёслолын үед гоёлын даашинзаа өмсөнө. Гэхдээ айхавтар гоёж гангалахсан гэж нэг их боддоггүй ээ.

Хүмүүн заяанд төрснийх бид үр хүүхдэдээ үлдэх мөртэй, бахархах зүйлтэй амьдрах ёстой гэж би боддог. Өсч төрсөн нутаг Өмнөговь аймагт маань Монгол орныг хөгжүүлэх, дэлхийд данстай уул уурхай хөгжиж, энд би ажиллаж байгаа минь сайхан санагддаг. Тиймээс, хамт олонтойгоо нийтэч байж, амжилттай сайн ажиллахын төлөө л хичээдэг дээ.

ЭРЧҮҮДТЭЙ МӨР ЗЭРЭГЦЭН АЖИЛЛАХАД ДАВУУ ТАЛ ИХ БИЙ

 

Степ Голд компанийн Алтан Цагаан-Овоо төслийн Баяжуулах үйлдвэрийн химич Т.Хэрлэн

Би химийн технологич, багш, дулааны инженер мэргэжилтэй. 2012 онд МУИС-ийг төгсөөд Оюу толгойн туслан гүйцэтгэх компанид Лабораторын химичээр ажлын гараагаа эхэлсэн. Одоо Степ Голд компанид хоёр дахь жилдээ ажиллаж байна. 

Уул уурхайн салбар улсын эдийн засгийг нуруундаа үүрч явдаг. Энэ том салбарт химичийн оруулах хувь нэмэр хэчнээн чухал байдгийг харуулах, мөн энэ мэргэжлийг эзэмшсэнийхээ хэргийг гаргах буюу мэргэшсэн мэргэжилтэн болохоор хичээж явна. Химич хүн шинжлэх ухааны ололт амжилтуудыг ажлын байран дээрээ туршиж, үйлдвэрийн нөхцөлд болон техник тоног төхөөрөмжийн бүтэц, хийцэнд тааруулж үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой. Химийн бодисын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлээр ажлын үе шат бүрт химийн бодисын хэрэглээг зохицуулах нь химич хүний гол хариуцлага юм. Ажлын маань үр дүн бодитоор харагдахад би аз жаргалыг мэдэрдэг. 

Манай компани чадварлаг монгол залуучуудыг нэгэн дор цуглуулж, ажиллаж амьдрах таатай нөхцөлөөр хангаж өгдөгт баярлаж, бас бахархаж явдаг. Эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллахад ямар нэгэн бэрхшээл тулгардаг уу гэж олон хүн асуудаг юм. Энэ нь харин ч эсрэгээрээ, манай эрчүүд ажилдаа буурь суурьтай, хүлээцтэй хандаж, цаашид учрах бэрхшээлийг олж хардаг нь давуу тал.

“Жижигхэн зүйлээс ч аз жаргалыг алхам тутамдаа мэдэр” гэж үг байдаг даа. Би уурхайд ажиллахдаа хамт олон гэж ямар хүмүүс байдгийг, яг л төрсөн ах дүүс, найз нөхөд шиг хамт олонтой байхын сайхныг мэдэрч, тэднийхээ инээд хөөрөөс аз жаргалыг мэдэрч, амьдралын өнгийг илүү тодоор харж, тэр л мэдрэмжээрээ тэжээгдэн эрч хүч авдаг болохоор надад их сайхан байдаг. 

Хүмүүс мөнгөн ус болон цианидын хэрэглээ, хор уршгийн талаар их асуудаг юм. Тиймээс эрүүл мэндэд нөлөөлөх талаас нь энэ дашрамд товч тайлбар өгье. Мөнгөн ус гурван хэлбэрээр оршдог. Хүний цусанд орсон тохиолдолд биеэс гадагшлах хугацаа нь маш удаан буюу 7-12 сар. Харин устөрөгчийн цианид нь маш хурдан хугацаанд буюу 2-24 цагийн дотор аяндаа задардаг химийн бодис юм. Үүн дээрээс нэмээд нэг сонирхолтой судалгааг хэлэхэд, дэлхий дээр устөрөгчийн цианидаас болж нас барсан нэг ч хүн байдаггүй. 

ХОНОГИЙН 23 ЦАГ НЬ ТОГТСОН ХУВААРИЙН ДАГУУ ЗАРЦУУЛАГДАЖ, ГАНЦХАН ЦАГ Л МИНИЙ МЭДЭЛД ҮЛДДЭГ

 

Оюу толгой ХХК-ийн туслан гүйцэтгэгч Хасу Мегаватт ХХК-ийн Ус бэлтгэлийн системийн оператор М.Даваажаргал

Би 2019 онд анх Оюу толгой ХХК-ийн төслийн талбайд байрлах Дулааны төв станцын ашиглалтыг хариуцан ажилладаг Хасу Мегаватт ХХК-д нарийн хэмжүүрийн техникчээр ирсэн, одоо Химийн цехэд ажиллаж байна.

Манай хамт олон Оюу толгой төслийн талбай дахь объектуудыг халаалт болон хэрэглээний халуун усаар хангах үүргийг хариуцан ажилладаг. Ус бэлтгэлийн системийн оператор хүн техник ашиглалтын дүрмийн шаардлагад нийцсэн техникийн усыг ус бэлтгэлийн системийн тусламжтайгаар бэлтгэн гаргаж ашиглалтын үеийн нөөцийг бүрдүүлэх ажлыг хариуцдаг. Энд хүн бүрийн ажлын байр өндөр ач холбогдолтой, бас онцлогтой гэж бодохоор бусдыгаа хүндэтгэж, жаахан ч гэсэн зүйлд тус болох юу билээ гэж хандахыг хичээдэг. 

Өдөрт 12 цаг ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгсэлтэйгээр ажилладаг. Өвлийн улиралд энэ нь энгийн үеийн хувцаснаас 4-5 кг илүү жинтэй учраас ядарсан үед хүрэм хүртэл хүнд санагддаг. Ийм үед өөртөө “Би үүнээс ч хүнд ачаа үүрээд ууланд алхаж авирахдаа аз жаргалтай явдаг шүү дээ. Ажил маань ч гэсэн үүнтэй адилхан шүү” гэж хэлж, өөрийгөө тайвшруулдаг даа. 

Уурхай нь ажлын хэвийн нөхцөл биш учраас биднээс арай илүү сахилга бат, анхаарал сэрэмж шаарддаг. Олон цаг ажилласны маргааш ажлаа мөн л эрч хүчтэй, аюулгүй үргэлжлүүлэхийн тулд сайн унтаж, ядаргаагаа зөв тайлж, өөрийгөө амрааж чаддаг дадалд суралцах нь чухал байсан. Миний хувьд ажилдаа явах, ирэх, өглөө оройны ундаа уухад гурван цагийг, чанартай нойр авахад 7-8 цагийг зарцуулдаг. Ингээд бодохоор хоногийн 24 цагаас 23 нь тогтсон хуваарийн дагуу дээрх зүйлсэд зориулагдаж, үлдсэн ганцхан цаг нь миний мэдэлд үлддэг. Улаанбаатар хотод ажлын таван өдөр найман цагаар ажилладаг байхдаа амралтын өдрүүдийг Богд ууландаа алхаж, гүйж, хад, мөсөнд авирч өнгөрөөдөг байсан. Харин одоо бол уурхайд ажиллаж байгаа учраас энэ боломж хомс. Гэхдээ л би зүгээр сууж чаддаггүй. Яаж ийгээд өнжөөд нэг гүйж, дасгал хийж, гүйгээгүй өдрөө ном уншдаг болсон. Хүн хэчнээн завгүй байсан ч өөрийгөө хайрлах цагийг заавал гаргадаг байх хэрэгтэй гэж боддог. Түүнээсээ амарсан мэдрэмж авч, сэтгэл санаагаа өргөж чаддаг байх нь чухал. Ингэснээр сэтгэл зүйн болон биеийн эрүүл байдлаа хадгалж, дараагийн өдөр эрч хүчтэй, тайван ажиллах боломжийг өөртөө олгодог доо.

Эмэгтэй хүний хувьд мэдээж зарим үед гангалмаар санагдана. Цэвэрхэн, тохилог орчинд эмэгтэйлэг хувцаслаад ажиллах сайхан байлгүй яах вэ. Гэхдээ, миний хувьд гадна гоо сайхнаас илүү өөрийгөө хэн гэж боддог минь, юу хүсдэг маань, ажлаа сэтгэлээсээ хийгээд амьдралын аз жаргалыг жижиг ч гэсэн зүйлсээс өдөр бүр мэдрэхийг хичээдэг минь үнэ цэнтэй. Уурхай дээр нэмэлт хувийн хамгаалах хэрэгсэл өмсөөд хэвийн бус нөхцөлд ажиллах үе зөндөө. Гэхдээ энэ бол миний л сонголт, миний л мэдрэхийг хүссэн ажил болохоор гомдоллохыг би хүсдэггүй. Эмэгтэй хүн өөрөө хүсэх юм бол ямар ч хатуужил, тэсвэрийг гаргах боломжтой гэж би боддог.

ХӨДӨЛМӨР, ХАЙР ШИНГЭЭЖ НӨХӨН СЭРГЭЭСЭН ТАЛБАЙГАА СЭРГЭЖ, АМИЛАХЫГ ХАРАХ ЯМАР САЙХАН ГЭЭЧ...

 

Хургатай хайрхан ХХК (Аспайр Майнинг)-ийн байгаль орчны ажилтан Ц.Оюун-Эрдэнэ

Би хэрэглээний физик экологич мэргэжилтэй. Уул уурхайн салбарт 10 гаруй жил, сүүлийн хоёр жилд нь Аспайр Майнингад байгаль хамгааллын хөтөлбөр, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байна. Байгаль орчны, тэр дундаа уурхайн ашиглалтын өмнөх ус, хөрс, агаар, ургамал, амьтны төлөв байдал, нөхөн сэргээлтийн төлөвлөлтийг цогцоор нь хамгийн үр өгөөжтэй байдлаар хэрэгжүүлэх нь миний ажил. 

Хөлс хаана их гарна, хэр их ухаалаг хөдөлмөрлөнө, түүнээс л хамгийн их үр ашиг гарна, тэр хэрээрээ улс орон хөгжинө гэдэгт би итгэдэг. Миний өвөө маш хөдөлмөрч хүн байсан. Өвөө насаараа Төмөр замд механикч хийж байгаад тэтгэвэртээ гарсан ч зүгээр суулгүй, тугалтай хоёр үнээ авч хөдөө гараад, хоёр үнээгээ таван жилийн дотор тав дахин үржүүлээд, дээр нь 30-аад хонь ямаатай болж чадсан байдаг. Өвөө маань биднийг “Хүн хоёр гар, хоёр хөлтэй байхад хоосон хонохгүй шүү” гэж хатуужуулж, хурцалж өгдөг байлаа. Хөдөлмөрийг шүтдэг ийм хүний үр удам болохоор уул уурхайд ч бай, ундааны цехэд ч бай, ямар ч салбарт би ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөн чин сэтгэлээсээ ажиллаж чадна. 
Мэдээж, уурхайд олон хоногоор ар гэрээсээ хол урт цагаар ажиллах амаргүй. Гэхдээ би хэзээ ч шантарч байгаагүй. Харин ч, эмэгтэй хүний хувьд уурхайн хамт олонтойгоо хөл нийлүүлж, зохицож, бат бөх баг босгож, бие биедээ итгэлтэй хамт олны уур амьсгалыг бүрдүүлэхэд илүү төвлөрч ажилладаг. 

Байгаль орчны ажлын хамгийн сайхан нь маш их хөдөлмөр, хайр шингээж нөхөн сэргээсэн талбай байдаг. Талбайгаа жил бүрийн хавар эргээд сэргэж, ургаж, амилахыг харах ямар сайхан гээч, нүднээс нулимс гарна шүү дээ.
Хүн гэр бүлийн үнэ цэнийг тэднээсээ хол байхдаа илүү ойлгодог юм билээ. Би хоёр хүүтэй. Бага хүүгээ хоёр нас хүрээгүй байхад аавд нь орхиод, уурхайн ээлж хувиараараа талбайд гарч ажиллаж эхэлсэн. Энэ үед амаргүй байсан ч, үүнийг л тэсээд давчихвал эргээд очихын сайхныг дурсаж, ирээдүйг өөдрөгөөр төсөөлж урагш тэмүүлсээр ирсэн. 

Ажил дээрээ өвөл, зуны хоёр ээлжийн нормын хувцастай, тэрийгээ гамтай, цэвэрхэн л өмсөхийг хичээдэг. Ер нь ажлын хувцас биед их амар шүү дээ. Хааяа гангалмаар санагдвал амралтынхаа өдрөөр найзуудтайгаа гадагш гарахдаа үс зүсээ янзалж, энгийн хувцас өмсдөг. 
Уул уурхайн салбарт байгаль орчны ажилтнууд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулдаг гэж би боддог. Уул уурхайн талаар энгийн малчин хүн бол газрыг нь ухаад, доорх эрдэс баялгийг нь авч байна л гэж боддог бол нөгөө талаас байгаль орчны салбарынхан тухайн хөндсөн газрыг нөхөн сэргээж, аль болох урьдын хэвэнд нь оруулахын төлөө зогсолтгүй ажиллаж байдаг юм. Манай компани байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хариуцлагатай, ил тод байх үндсэн зарчим барьдаг нь миний хувь хүний үндсэн зарчимтай нягт уялддаг учраас би энэ байгууллагад ажиллахдаа баяртай байдаг. 

Ж.Баярхүү

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.