Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын амьтны хүрээлэнгийн мичнүүд коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн есөн мич коронавирусийн эсрэг туршилтын вакцинаар тариулсан тухай орон нутгийн эрх баригчид өчигдөр мэдээлжээ.

Таван бонобо, дөрвөн орангутанг мич уг туршилтад хамрагдсан байна.

Гэхдээ тэдэнд хүн амын дархлаажуулалтад ашиглаж буй вакциныг биш, АНУ-ын мал амьтны эм үйлдвэрлэлийн Zoetis компанийн бүтээсэн вакцины хоёр тунг тарьжээ.

Хэрвээ туршилт амжилттай болбол тус компани булга, муур, нохой зэрэг амьтдад хэрэглэх зөвшөөрлийг засгийн газраасаа хүсэх юм байна.

2021 оны эхээр Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн найман горилла мич коронавирусийн халдвар авч байжээ. Энэ явдлын дараа хүрээлэнгийн захиргаа Zoetis компанид яаралтай вакцин бүтээж, нийлүүлэх хүсэлт тавьсан юм байна.

Горилла мичнүүдэд шинж тэмдэггүй халдвар тээгч хүрээлэнгийн ажилтан вирус тараасан гэж дүгнэжээ.

Коронавирусийн цар тахал нь хүнтэй хамгийн ойр төрлийн амьтад болох горилла, шимпанзе, орангутанг зэрэг аварга биет мичнүүдийг сүйрүүлэх боломжтойг эрдэмтэд 2020 оны гуравдугаар сард анхааруулж байв.

Энэ дүгнэлтийн дараа Африк тивд орших Бүгд Найрамдах Конго Ард Улсын Вирунга үндэсний дархан цаазат газар жуулчдыг нэвтрүүлэхээ зогсоож, амьтан хамгаалагчид нь горилла мичнүүдэд 10 метрээс илүү ойртохгүй байх, амны хаалт зүүж харьцах, ой шугуйд бие засахгүй байх зэрэг хатуу дэглэм сахиж эхэлжээ.

Дархан цаазат газрын ойр орчимд оршин суудаг таван сая хүнийг вакцинжуулсны дараа тэнд амьдардаг 1,000 гаруй гориллыг вакцинжуулахаар төлөвлөж байгааг орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian