Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

3 дугаар сарын 15-наас багш, нийтийн тээврийн жолооч, худалдаа үйлчилгээний салбарынхныг вакцинд хамруулна

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх хуваарийг танилцуулж байна.

Тэрбээр “Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс дархлаажуулалт эхэлсэн. Засгийн газар, УОК-оос вакцинжуулалтыг 2 үе шаттай явуулахаар шийдвэрлэсэн. Төлөвлөгөөнийд дагуу эхний ээлжинд халдварын голомт болсон Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа насанд хүрсэн 1 сая иргэнийг гурав, дөрөвдүгээр сард багтаан вакцинжуулна.

Орон нутгийн иргэдээ тав, зургаадугаар сард багтаан вакцинжуулахаар төлөвлөсөн.

Долоодугаар сарын 1-н гэхэд орон даяар вакцинжуулах ажил дуусна.

Эрүүл мэндийн яам, эмнэлгийн байгууллагууд 10 хоногт багтаан 1.5 сая хүнээ вакцинжуулсан туршлагатай. Шаардлагатай тоног төхөөрөмж, дэд бүтэц хангалттай байгаа.

АстраЗенека вакциныг онцгой байдал, цагдаагийн алба хаагчид, эмч сувилагч гээд нийт 15 мянга гаруй ажилтанд вакцин хийлээ. Ямар нэгэн сөрөг нөлөөлөл байгаа эсэхэд тандалт судалгаа хийх шаардлагатай байсан. Энэ хүрээнд вакцинд хамрагдсан нийт иргэдийн 40 гаруй хувь нь бусад вакцинуудыг хийхэд илэрдэг шинж тэмдэгүүд илэрсэн.

Вакцины ноцтой сөрөг урвал гарахгүй байгаа учраас төлөвлөгөөний дагуу өргөн цар хүрээтэй вакцинжуулалтыг хийх шийдвэр гарсан.

УОК ирэх долоо хоногоос эхлэн олон хүнтэй зэрэг харьцдаг худалдаа үйлчилгээний байгууллагын 40 гаруй мянган иргэдийг дархлаажуулалтад хамруулна. 

Нарантуул худалдааны төвөөр 160 гаруй мянган иргэн үйлчлүүлдэг. Иймд худалдааны байгууллагынхныг вакцинд хамруулахыг анхаарахгүй орхиж болохгүй. 1,000 гаруй нийтийн тээвийн 5,000-7,000 орчим жолоочийг вакцинд хамруулна.

Гуравдугаар сарын сарын 15-наас:

  • Худалдааны салбар,
  • Нийтийн тээвэр,
  • Такси үйлчилгээ
  • Боловсролын салбарын багш, ажилчдыг вакцинд хамруулна.

Өнөөдөр УОК, Засгийн газрын хуралдаанаар вакцинжуулалтын өргөн хүрээний шийдвэрээ танилцуулж, эцсийн шийдвэр гарна.

 
 

Вакциныг өдөрт 16-20 мянган хүнд хийх бүрэн хүчин чадалтай. Тиймээс эрүүл мэндийн салбарын нөөц бололцоонд та бүхэн эргэлзэх хэрэггүй. Вакциныг зөвхөн тусламж дэмжлэгээр авч байгаа зүйл байхгүй” гэлээ.

Дунджаар сард 500 мянган хүнийг вакцинжуулах ажил эрчимжиж эхэллээ. Гол зорилго нь 2021 оны долоодугаар сар гэхэд эдийн засаг, иргэдийн амьдрал хэвийн горимд орох юм гэдгийг Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг хэлэв. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/259148212317821