Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Covid-19 өвчнөөр хамгийн олон хүн нас барсны маргааш Бразилын ерөнхийлөгч ард түмэндээ “гонгинохоо боль” гэж хэлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хоёр өдөр дараалан Бразил улсад нэг өдөрт Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо хамгийн дээд хэмжээндээ хүрсэн байна.

Мягмар гарагт 1,641 хүн нас барсан нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Гэтэл маргааш нь 1,910 хүн нас барж өмнөх дээд үзүүлэлтийг дахин шинэчилжээ.

Бразил улс коронавирусийн цар тахалд 259,000 гаруй хүнээ алдсан нь дэлхийд АНУ-ын дараа хоёрт орох муу үзүүлэлт болоод байна.

Гэтэл өчигдөр Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару нэгэн арга хэмжээний үеэр үг хэлэхдээ “Хангалттай гонгинож, гоншгонолоо. Бид хэр удаан уйлж дуулах юм бэ? Хэр удаан гэртээ суух юм бэ? Олон хүн нас барсан нь эмгэнэлтэй ч бидэнд шийдэл хэрэгтэй байна” гэжээ.

Тэрбээр цар тахлын аюулыг үл тоож, эдийн засгаа нээхийг дэмждэгээрээ алдартай хүн юм.

Одоо Бразил улсад цар тахлын хоёр дахь давалгаа үргэлжилж, нийслэл Бразилиа, хамгийн том хот Сао Паоло, аялал жуулчлалын төв Рио Де Жанейрод хөл хорио тогтоогоод байна.

Тус улсын Амазоны бүс нутгаас саяхан коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбар илэрсэн нь эмч, мэргэжилтнүүдийн санааг ихээр зовоож байгаа юм.

Уг хувилбар илүү өндөр халдварлах чадвартай, нэг удаа халдвар авсан хүнийг дахин өвчлүүлдэг гэсэн эхний дүгнэлт гараад байна.

“Цар тахал эхэлсэн цагаас хойш бид хамгийн хүнд цаг үедээ ирээд байна. Вирусийн үржил маш өндөр байгаагийн нэг илрэл нь мутаци юм. Халдварын тоо өсөх тусам мутацийн тоо нэмэгдэх аюултай байна” гэж Бразилын халдварт өвчин судлалын гол мэргэжилтнүүдийн нэг Гонзало Весина Нэто саяхан хэвлэлд ярьжээ.

Орон нутгийн удирдлагууд цар тахалтай тэмцэхэд нь төв засгийн газар хангалттай тусалж, дэмжихгүй байна гэсэн гомдлыг байнга илэрхийлж байна. Сүүлийн үед Болсонаругийн засгийн газар коронавирусийн эсрэг вакцин худалдаж авах, түгээх ажлыг удаашруулж байна гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters