Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Исландад долоо хоногийн дотор 17,000 удаа газар хөдлөлт бүртгэгджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Галт уулаар элбэг Исландын аралд өнгөрсөн долоо хоногт 17,000 удаа газар хөдлөлт бүртгэгдсэн нь ер бусын ховор үзэгдэл болжээ. Тус арал дээр идэвхтэй, идэвхгүй нийлээд 130 галт уул байдаг.

Газар хөдлөлтийн цэгүүд тус улсын баруун өмнөд Рэйкянес мужид илэрсэн байна. Тэдгээрээс хамгийн том нь хоёрдугаар сарын 24-ний өдөр Рихтерийн шаталбараар 5.6 магнитудын хүчтэй болжээ. Тухайн бүс нутагт нийслэл Рэйкявик хот оршдог ба Исландын хүн амын гуравны хоёр нь оршин суудаг байна.

Одоогоор газар хөдлөлтөөс үүссэн хохирол бага байгаа ч автозамууд дээр бага хэмжээний хагарлууд үүссэнийг орон нутгийн захиргаа мэдээлжээ.

Рэйкявик хотын оршин суугч Алфа Олафсдоттир “Би өмнө нь газар хөдлөлтийг үзэж байсан ч ийм олноор дараалж хөдлөхийг анх удаа харж байна. Бүтэн долоо хоногийн турш хоногийн 24 цагт газар хөдлөх чичиргээг мэдрэх нь маш ховор тохиолдол. Эндээс би өөрийгөө  байгалийн хүчний өмнө ямар ч хүч чадалгүй, арчаагүй амьтан мэт төсөөлж байна” гэж ярьжээ.

Исландын арал нь Умард Америк, Евразийн тектоник хавтангуудын залгаас дээр оршдог. Эдгээр хавтангууд газар хөдлөлт бүрийн дараа бага багаар холдож байгаа гэж судлаачид үздэг юм.

“Энэ үзэгдэл хүмүүсийн санааг зовоож байна. Газар хөдлөлт манай бүс нутагт хэвийн үзэгдэл мөн боловч үргэлжилж буй хугацаа нь ер бусын байна” гэж Исландын их сургуулийн галт уул судлалын профессор Порвалдур Пордарсон ярьж байна.

Түүний үзэж байгаагаар энэ нь галт уулын хүчтэй дэлбэрэлт гарцаагүй болсны шинж тэмдэг гэнэ.

Гэхдээ аль нэг галт уул дэлбэрсэн тохиолдолд халуун лаавын урсгалын замд ямар нэг суурин газар байхгүй байгааг Исландын их сургуулийн эрдэмтэд компьютер загварчлалын аргаар тогтоожээ.

Харин нийслэл Рэйкявик хотыг нисэх буудалтай холбодог гол зам болон цахилгаан түгээх сүлжээ тасалдах магадлалтайг тооцоолсон байна.

Үүнээс гадна галт уулын дэлбэрэлтээс үүсэх үнс нурам агаарт хэр хол цацагдахыг тооцоолох боломжгүй байгаа нь нэг том эрсдэл болж байгаа аж. 2010 онд Исландад галт уул дэлбэрэхэд дэлхийн хоёрдугаар дайнаас хойших дэлхийн хамгийн том агаарын тээврийн тасалдал үүсч байсан нь агаарт цацагдсан үнс нурамтай холбоотой байжээ.

 

Эх сурвалж: CNN