Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

О.Дашпагма: Синофарм вакциныг 2023 он хүртэл хадгалж болно

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Шинжилгээний цэгүүдийн ачаалллын талаар мэдээлэл өгөөч, өдөрт хэчнээн хүнээс шинжилгээ авах боломжтой вэ?

ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр: Шинжилгээний цэгүүдийн ачааллын талаар мэдээлэл нийслэлийн Онцгой комисс дээр нэгтгэгдэж байгаа. Тэндээс ирсэн мэдээллээр суурин 22, явуулын гурван цэгээр шинжилгээ авч байгаа. Иргэд  eruul.gerege.mn  сайтад хандаж шинжилгээний цаг аваад үйлчлүүлэх ёстой хэдий ч цаг авахгүйгээр шинжилгээний цэгт очсоноос болоод ачаалал үүсэж байна. Тиймээс цахимаар цагаа аваад, шинжилгээгээ өгөөрэй гэж уриалмаар байна. Ерөнхийдөө бол өдөрт 14,200 хүнээс шинжилгээ авах нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллаж байгаа. 

- Хувийн хэвшлийн хэчнээн компани вакцин импортлох зөвшөөрөл авсан бэ, вакцин импортолсон компани дархлаажуулалтын ажлаа өөрсдөө хариуцах уу?

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Вакцин импортлох ажлыг эм ханган нийлүүлэх байгууллагууд Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд зохион байгуулна. Дархлаажуулалтын хувьд мөн тусдаа хуультай. Хуулийн дагуу магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах эрхтэй. Ингэхдээ төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан журам заавруудад тусгагдсан шаардлагыг хангасан байна. 

- ДЭМБ-аас зөвшөөрөл аваагүй хоёр вакциныг манай улс оруулж ирээд байгаа. Тэдгээр вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл өгсний дараа хэрэглэх үү, хэрэглэх хүртэл хэр удаан хадгалж болох вэ?

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: ДЭМБ вакцинуудад яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгож байгаа. Бидний хүлээн авсан вакцинуудад гуравдугаар сардаа багтаад ДЭМБ-аас зөвшөөрөл өгнө гэсэн албан мэдээтэй байна.

Вакциныг үйлдвэрлэгчийн зааварт заасан нөхцөлд хадгалдаг. Коронавирусийн эсрэг ихэнх вакцинууд 6 сар болон түүнээс дээш хугацаанд хадгалах хугацаатай байгаа. Жишээлбэл, Синофарм вакциныг 2023 он хүртэл хадгалж болно.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.04/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС харах боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/365031234753160
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.