Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д 25 зорчигчтой SUV ангиллын автомашин осолдож, 13 хүн амиа алджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ-ын Калифорни мужид, Америк-Мексикийн хилийн ойролцоох зам дээр нэгэн томоохон авто осол гарчээ.

Нийтдээ 25 зорчигчтой Ford Expedition загварын автомашин замын уулзвараар нэвтрэхдээ хүнд даацын ачааны автомашинд хажуугаасаа мөргүүлсэн байна. Ослын газарт цагдаа нарыг очиход 12 хүн амиа алдаж, бусад нь бэртсэн байжээ. Бэртсэн хүмүүсээс нэг нь эмнэлэгт хүргэгдээд нас барсан байна.

Мөргөсөн ачааны машины жолооч хөнгөн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэнийг Калифорни мужийн замын эргүүлийн ахлагч Омар Уатсон мэдээлжээ.

Ford Expedition загварын автомашин нь найман хүний суудалтай байдаг. Гэтэл 25 хүнийг яаж багтаасан нь цагдаа нарын анхаарлыг татаж байна.

Амиа алдсан зорчигчид нь 20-55 насны газар тариалангийн ажилд хөлслөгдсөн Мексикийн цагаачид байжээ. Тэднийг таниулахаар Калифорнийн цагдаагийн газар Мексикийн консулын газартай хамтран ажиллаж байна. Бэртсэн зорчигчдын хамгийн залуу нь 16 настай байжээ.

 

Эх сурвалж: Reuters