Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас хойш Иргэдэд туслах сангаас 941 иргэнд 3.4 тэрбум төгрөгийн тусламж олгожээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ГХЯ-наас иргэдийг татан авах ажил, нислэгийн тийзийн үнийн хөнгөлөлт, вакцины татан авалт зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг иргэдэд туслах сангийн талаар "Гадаадад байгаа иргэдэд туслах сан гэж байдаг. Иргэдэд туслах сангийн журмаар энэ оны эхний 2 сард 65 иргэний өргөдөл хүсэлтийг шийдвэрлэхэд 75 сая орчим төгрөгийг зарцуулсан. Коронавирусийн улмаас хилийн чанадад байгаа иргэдийг эх оронд нь ирэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх үүднээс  НҮБ-ын олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас хойш хамтран ажиллаж байна.

Энэ хугацаанд нийт 941 иргэнд 3.4 тэрбум төгрөгийн тусламж дэмжлэгийг үзүүлсэн. Дэмжлэгийг Их Британи, Чех, Европын холбоо зэрэг улсын тусламжтайгаар олгосон. Уг хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 20-ны өдөр ирсэн Истанбул-Улаанбаатар, мөн 27-ны өдөр үйлдэгдэх Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргээр нислэгээр нийт 46 иргэний нислэгийн тийз болон тусгаарлах байрны зардалд 97 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Нислэгийн зардлыг НҮБ-ын олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хариуцсан бол тусгаарлах байрны зардлыг ГХЯ-ны сангаас гаргах юм. Иргэдэд туслах сангийн зарцуулалтыг иргэд их асуудаг. Уг сангийн тайланг нийтэд ил, шилэн болгож байгаа. consul.mn цахим хуудсаар дамжуулан 2021 оны тайлан, тушаал шийдвэрийг харах боломжтой" гэв.