Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Төмөрзаяа: "Цахим сургалтын үед хүүхдүүдийг ангийнхантай нь жишиж болохгүй"

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 2 сарын 19
Сурталчилгаа
 

Юнител группээс хүүхдийн онлайн хичээл, онлайн хуралд түлхүү ашиглагддаг Microsoft Teams, Zoom, Skype, Telegram зэрэг 4 төрлийн апп ашиглахдаа зарцуулах боломжтой E-Meeting дата багц худалдаанд гаргасан. Үүнтэй холбогдуулан эцэг эхчүүддээ хүүхдийнхээ цахим хичээлд хэрхэн туслах, хоцрогдлыг хэрхэн арилгаж, хүүхдээ хэрхэн дэмжих талаар Боловсрол судлаач, багш Г.Төмөрзаяатай ярилцаж дараах зөвлөгөөг бэлтгэлээ.


Сайн байна уу, бүх хүүхдүүд гэртээ онлайн хичээл үзэж байгаа болохоор эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо, дэмжлэгээс яриагаа эхэлье.

Г. ТӨМӨРЗАЯА: Сайн, сайн байна уу. Бүтэн жил хагасын хичээлийн жилд хүүхдүүд хөл хориотой, гэртээ байлаа. Бага насны хүүхдүүдийн хувьд нийгэмшихүйн хөгжил, үе тэнгийнхэнтэйгээ тоглонгоо олж авах харилцааны хөгжил гэх зэргээр хамтаараа байхдаа олж авах боловсролын хэрэгцээ үүсэж, хоцрогдол бий болж байна. Тэгэхээр цаг үе нэгэнт ийм нөхцөлтэй байгаа учраас гэр бүлийнхний зүгээс хүүхэд нэг бүртэйгээ ажиллах цагаа тайван үеийнхээс илүүтэй  нэмэгдүүлж өгөөрэй гэж хүсэх байна. Хүүхдүүд цахимаар суралцаж байх үед гэр бүлийнхний зүгээс оролцоотой байж, дэмжлэг үзүүлэх нь хамгийн чухал. Хэрхэн дэмжих вэ гэхээр,

  • Суралцах орчныг бүрдүүлэх. Тухайлбал, хүүхэд хичээлээ үзэж байхад дэргэд нь зурагт асаахгүй байх, утсаараа ярихгүй байх, бага насны дүү нарыг нь тусад нь саатуулах, хичээлдээ ашиглах дата,  гар утас, таблет, зэргийг цэнэгтэй байлгаж бэлдэх зэрэг.
  • цахимаар ялангуяа ангиараа нэг дор цугларч хичээллэж байх үед ангийн хэн нэгэнтэй жиших, хурдан хийлгэх гэж яаруулах, ойлгохгүй байх үед нь бухимдах зэргээр хүүхдийг хямраахгүй байх, ойлгохгүй байгаа зүйлийг нь анзаарч аваад сургалтын дараа тусгайлан тайлбарлаж өгөх зэргээр хүүхдийг дэмжиж өгөөрэй.

“Ангиараа нэг дор цугларч хичээллэж байх үед ангийн хэн нэгэнтэй жиших, хурдан хийлгэх гэж яаруулах, ойлгохгүй байх үед нь бухимдах зэргээр хүүхдийг хямраахгүй байх хэрэгтэй.”


Хүүхэд удаан хугацаагаар зайнаас хичээл орох, гэртээ хөдөлгөөн хоригдохоор сэтгэл санаанд өөрчлөлт орох уу?

Г. ТӨМӨРЗАЯА: Мэдээж өөрчлөлт маш их ажиглагдаж байна. Хүүхдэд аюулгүй байгаагаа мэдрэх, тааламжтай байдлын хэрэгцээ байдаг.  Найзуудтайгаа уулзаж чадахгүй, хүссэн үедээ гадаа тоглож чадахгүй, тэгээд энэ байдал нь хэдий болтол үргэлжлэх нь тодорхой биш байгаа нь хүүхдэд тайван бус мэдрэмжийг өгч байна. Тиймээс хүүхдэд нөхцөл байдлыг насанд нь тохируулан ойлгомжтойгоор тайлбарлан өгөх хэрэгтэй.

Хүүхдийнхээ сэтгэл санааг хэрхэн дэмжих вэ?  

Г. ТӨМӨРЗАЯА: Хүүхдийг аль болох өдөр тутам хөдөлгөөнтэй байхыг дэмжих нь зүйтэй. Тохиромжтой үед гадаа гаргаж салхилуулах, гүйлгэж харайлгах, боломжгүй бол өдрийн цагаар гэртээ үсэрч харайж, чангаар орилж тоглохыг нь хориглолгүй хүлээцтэй хандаж өгөөрэй.

  • Мөн хүүхдэд хүлээн зөвшөөрөгдөх, урам авах хэрэгцээ байдаг. Хүүхдүүд гэр бүлийнхнээс гадна цэцэрлэг, сургууль дээрээ багштайгаа, найзуудтайгаа харилцаж өөрийн хийж бүтээж сурсан зүйлээ гэр бүлийнхэн болон бусад хэн нэгнээр үнэлүүлж, урам авах хүсэлтэй байдаг. Ингэснээр би болж байна, би тоогдож байна, би дахиад хийж үзүүлье гэж өөртөө итгэх итгэл нь аажмаар нэгмэгддэг.
  • Хүүхдэд мөн халамжлуулах хайрлуулах, бусдыг хайрлах хэрэгцээ бий. Тиймээс хүүхдээ сэрэхэд нь, унтахад нь, шинэ зүйл сурахад нь тэвэрч, урмын үг хэлж анхаарал хандуулахаа мартуузай. Мөн ангийн найзуудтай нь тогтмол цагт цахим орчноор дамжуулан ярилцуулж байхыг зөвлөе.  Хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ ярилцах үнэхээр дуртай байдаг. Дээрх хэрэгцээ бүрэн хангагдаж өгөхгүй бол хүүхэд хар дарж зүүдэлнэ, уур уцаартай байна. Үгнээс зөрүүдэлж, сурах хийж бүтээх хүсэл эрмэлзэлгүй болно. Хэт их хөдөлгөөнтэй болох, болохгүй гэсэн зүйлийг дахин дахин давтаж хийх зэрэг өөрчлөлт, шинж тэмдгүүд ажиглагддаг.

Та түрүүн яриандаа дурдлаа. Ганцхан хичээлийн хоцрогдол биш, харилцааны болон нийгэмшихүйн хоцрогдол үүссэн гэлээ. Энэ тал дээр?

Г. ТӨМӨРЗАЯА: Хүүхдийн тоглох, ярилцах, үзэх, сонсох, аливаа зүйлийг судлан таних боломжийг олгох хэрэгтэй. Гэртээ байгаа гээд чимээгүй бай, томоотой бай, хичээлээ хий л гээд байж болохгүй. Онлайн хичээл, теле хичээлээ үз гээд орхилгүй хамт үзэж, ярилцаж, юуг нь ойлгохгүй байна, алийг чадахгүй байна гэдгийг ярилцах хэрэгтэй.

Эцэг эхчүүд өдөр бүр их биш, бага биш тогтмол хугацаанд тухайн хүүхдийнхээ хөгжлийн онцлогт тохирсон хөтөлбөр гаргаж ажиллах чухал. Гэрийн даалгаврыг хийлгэхдээ ч гэнэт их хичээл хийлгэх биш, бага багаар сонирхолтой байдлаар, хамт будаж наах зэргээр илүү хөгжилтэй болгох тал дээр анхаарна гэсэн үг. Бас хүүхдийнхээ мэдрэмжийг асууж, ярилцахаа мартаж болохгүй.


“Эцэг эхчүүд өдөр бүр их биш, бага биш тогтмол хугацаанд тухайн хүүхдийнхээ хөгжлийн онцлогт тохирсон хөтөлбөр гаргаж ажиллах чухал.”


Бүх нийтээрээ цахимжиж байгаа энэ үед багшийн арга барил, хүүхдийн суралцах арга барил танхимаар хичээллэж байх үеийнхээс өөрчлөгдөх хэрэгцээ хэр их үүсч байна вэ?

Г. ТӨМӨРЗАЯА: Сүүлийн үеийн хүүхдүүд мэдээ орсон цагаасаа эхлэн цахим хэрэгсэлтэй төвөггүй харьцдаг болсон. “Z” болон “Альфа” үеийн төлөөллүүдийг “цахим үеийн хүүхдүүд” ч хэмээн нэрлэж болно. Тиймээс тэдний мэдлэг, боловсрол олж авах арга хэрэгсэлд цахим хичээл үр дүнтэй. Харин багш болон гэр бүлийнхний зүгээс арга барил, хандлагын хувьд анхаарах зүйлсүүд бий. Хүүхдийг цахим сургалттай байх үед багш болон гэр бүлийнхний зүгээс,

  1. Хүүхдийн хэлж хийж байгаа зүйлийг сайн анзаарах

Урам өгөх, ахицыг ажиглаж заавал хэлэх. Жишээ нь: “Баярлалаа, Анандаа. Багшийнхаа бодож олоогүй аргыг оллоо. Зургаа будсан өнгөний сонголтууд ямар гоё юм бэ гэхчлэн хүүхэд бүрийг орхигдуулахгүй хийсэн зүйлийг нь анхаарах. Хий хоосон магтах биш гаргасан хичээл зүтгэл, бүтээсэн бүтээлийг үнэлж өгөх нь зөв.

  1. Өөрөөрөө үлгэрлэх, жишээ үзүүлэх

Дэлхий дээр байхгүй амьтан зурцгаая гэсэн даалгавар өгсөн бол. Багш, гэр бүлийнхэн хамтдаа хийж өөрийнхөө хийснийг тайлбарлаж өгөх. Жишээ нь: Багш нь шоргоолж шиг хөлтэй, анааш шиг хүзүүтэй, туулай шиг чихтэй, тугал шиг нүдтэй амьтан зурсан. Миний зурсан энэ амьтан дэлхий дээр байх л байх даа гэх зэргээр санаагаа хуваалцан үлгэрлэх хэрэгтэй.

  1. Ерөнхий асуултаас илүүтэй тодорхой асуулт тавих

Жишээ нь: Коала баавгайн тухай хамтдаа үзчихээд хүүхдээс бататгах асуулт асуух бол, Коала баавгайн нэг хөл хэдэн хуруутай вэ гэж асуухын оронд, нэг хөл нь дөрвөн хуруутай билүү таван хуруутай бил үү гэсэн дөхүүлж өгсөн, тодруулсан асуулт асуух нь цаашдаа хүүхдийг оролцоотой байхад, асуултад чөлөөтэй хариулж чаддаг болоход дэм болдог.

  1. Дэмжлэг үзүүлэх

Хүүхэд шинээр сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэн болон, найзуудтайгаа хуваалцахдаа эсвэл асуултад хариулахдаа өөртөө итгэлгүй, ичсэн, бишүүрхсэн байдалтай байвал дөхүүлэн өгч дэмжлэг үзүүлэх нь зөв.

Цахим сургалтын давуу тал хэрхэн ажиглагдаж байна?

Г. ТӨМӨРЗАЯА: Бүх зүйлд олон тал бий. Боломж бий. Бага насны хүүхдүүдийн хувьд цахим боловсролоос илүүтэй танхимын амьд харилцаанд үндэслэсэн сургалт чухал боловч нөхцөл байдалд тохируулан, цаг үетэйгээ хөл нийлүүлэн хөгжихийн тулд цахимаар боловсрол авч дадах нь өнөөдөр ч, ирээдүйд ч хэрэгтэй нь мэдрэгдэж байна. Цахим сургалтын үеэр, хүүхдийн бие даан суралцах чадвар нэмэгдэнэ. Эцэг эх хүүхдийнхээ хөгжлийн онцлогийг илүү сайн таньж мэднэ. Гэр бүлийн гишүүдтэйгээ хамтарч ажиллах боломжтой. Багшийн хувьд, тасралтгүй хөгжих боломжтой. Цахим даалгаваруудын сантай болж байна гэх зэрэг дурьдвал олон давуу тал ажиглагдсан.

Хүүхдээ зайнаас хичээллэж байх энэ цаг үед юуг анхаарах хэрэгтэй вэ?

Г. ТӨМӨРЗАЯА: Өдөр тутмын бий болсон зөв дадлуудыг орхигдуулмааргүй байгаа юм. Хүүхэд хэдийгээр цахимаар суралцаж гэртээ байгаа хэдий ч цаашдаа анхаарах хэрэгтэй болов уу. Тухайлбал, хүүхэд сургуульдаа явахдаа дүрэмт хувцсаа өмсдөг, хүүхдээ хичээлтэй байхад гэр бүлийнхэн нь ангиар нь дураар нь орж гараад байдаггүй, хичээл рүүгээ анхаарч байхад нь хоол идүүлэх гэж дуудаад байдаггүй. Яг л үүнтэй адил цахим сургалттай байх үед нь гэрийнхэн нь хүндэтгэх, завсарлага олгож завсарлах үеэр нь хооллох зэрэгт анхаарч, анхаарлыг нь саринулахгүй байх хэрэгтэй санагдсан.


“3 настай хүүхдүүд хүртэл камер, микрофоноо нээж хааж. Ээлж дараагаар гараа өргөн ярилцаж байгаа нь цахим соёл томчууд биднээс ч илүү олж авч байна.”


Эцэг эхчүүдэд хэрэгтэй зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ онлайн хичээлд цаг зав гарган оролцож, хичээллэх тав тухтай орчныг бүрдүүлэн өгөхийг уриалж байна. Дашрамд дуулгахад та хүүхдийнхээ онлайн хичээл эсвэл өөрийн онлайн хуралд Microsoft Teams, Zoom, Skype, Telegram, Google Meet, Google Classroom, Club House зэрэг апп ашигладаг бол E-Meeting дата багцыг 50% хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.