Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын дампуурсан казиногийн барилгыг үзэгчдийн нүдэн дээр нураажээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын Нью Жерси мужийн Атлантик Сити хотод байдаг “Trump Plaza Hotel and Casino” нэртэй цогцолборын хуучин барилгыг нураах ажиллагаа болжээ.

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 1984 онд уг казино, зочид буудлыг нээж байсан юм. Нэгэн үе Холливүүдийн жүжигчид, рок оддын цуглардаг байсан казино сүүлдээ дампуурлын ирмэгт хүрч, Трамп 2009 онд энэхүү бизнесээс гарч байжээ.

Бусад хөрөнгө оруулагчид нь казиног аварч чадаагүй тул 2014 онд хаалгаа барьсан байна. Тэр үеэс хойш уг барилга эзэнгүй хаягдаж, балгас болоод байжээ.

Өчигдөр казиногийн хуучин барилгад байрлуулсан 3,000 тэсрэх бодисыг дараалан дэлбэлснээр 20 секундын дотор нурсан байна.

Нураах ажиллагааг үзэхийг хүссэн хүмүүс $10-ын тасалбар авчээ.

Хотын захиргаа найман давхар барилгын өндөртэй нуранги үүссэнийг зургаадугаар сарын 10-ны дотор цэвэрлэж дуусгахаар төлөвлөсөн байна. Дэлбэлэх товчийг дарах эрхийг үнэ хаялцуулж зарах гэж байсан ч барилгын эзний хүсэлтээр дуудлага худалдааг цуцалсан гэнэ.

Атлантик Ситид Трампын нэрээр нэрлэгдсэн сүүлчийн барилга нурсан нь энэ юм. Тус хотод байсан The Trump Taj Mahal казино одоо Hard Rock Hotel and Casino болж нэрээ өөрчилжээ.

Экс ерөнхийлөгчийн нэртэй өөр нэг үл хөдлөх хөрөнгө болох Trump Marina одоо Golden Nugget Atlantic City нэртэй болсон юм байна,

Эх сурвалж: The Guardian