Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Dark mode” нь зөвхөн OLED дэлгэцтэй тохиолдолд эрчим хүчийг хэмнэдэг

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд гар утас, компьютер ашиглахдаа “Dark mode” буюу хар дэвсгэртэй горим сонгох явдал хүмүүсийн дунд түгээмэл болоод байгаа.

Программ хангамжийн компаниуд ч бүтээгдэхүүндээ ийм тохиргоо нэвтрүүлдэг болоод байна.

“Dark mode” нь нэг талаас программ, аппликэйшний интерфэйсийг гоёмсог харагдуулдаг бол нөгөө талаас хэрэглэж буй төхөөрөмжийн эрчим хүчний хэрэглээг бууруулах нөлөөтэй гэсэн ойлголт байдаг.

Гэхдээ “Dark mode”-той холбоотой эрчим хүчний хэмнэлт бүх төхөөрөмжүүдэд үйлчилдэггүйг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Тухайлбал OLED (Organic Light Emitting Diode) технологийн дэлгэц л эрчим хүч хэмнэдэг бол LCD (Liquid Crystal Display) технологийн дэлгэцний хувьд ямар ч нөлөөгүй байдаг гэнэ.

Учир нь OLED дэлгэцний цэг бүр нь өөр өөрийн гэрэлтүүлэгчтэй байдаг. Дэлгэц хар өнгөтэй болоход ихэнх цэгүүд гэрлээ унтраадаг гэсэн үг юм. Яг л өрөө өрөөний гэрлийг тусад нь унтрааж, асаадаг шиг.

Харин LCD дэлгэцний хувьд цэг нь өөрөө гэрэлтдэггүй. Дэлгэцний араас тусгасан ерөнхий гэрлийг нүүрэн дэх цэгүүд шүүх замаар өнгө ялгаруулдаг. Тиймээс дэлгэц бүхэлдээ хар өнгөтэй болсон ч гэрэлтүүлэг нь ажилласаар байдаг ажээ.

Өнөөдрийн байдлаар ихэнх зөөврийн компьютерууд болон хямд үнэтэй дэсктоп дэлгэцнүүд LCD технологийг хэрэглэдэг.

“Dark mode” горимд ажиллах үед iPhone XS Max загварын гар утасны батарей дэлгэцний гэрэлтэлтийн хурцаас хамааран 30 хүртэл хувиар хэмнэгддэг болохыг PhoneBuff-ийн мэргэжилтнүүд туршиж тогтоожээ.

Тиймээс “Dark mode” горим эрчим хүчний хувьд хэмнэлттэй эсэхийг мэдэхийн тулд хэрэглэж буй төхөөрөмжийнхөө дэлгэцний технологийн төрлийг мэдэх шаардлагатай.

 

Эх сурвалж: Tech Insider