Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Булгантамир: Сонгинохайрхан дүүргийн 26 хорооны 122,000 гаруй сонгогч УИХ-ын нөхөн сонгуульд саналаа өгөх бэлтгэлийг хангаж байна

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Зургийг хувийн архиваас нь авав

Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргоос сонгогдсон гишүүн Д.Сумъяабазар нийслэлийн Засаг дарга болсонтой холбоотойгоор тус тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон. 

2021 оны зургаадугаар сарын 9-ний өдөр болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай хамт энэхүү нөхөн сонгуулийг явуулах юм.  

Иймээс 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Т.Булгантамираас тодрууллаа.

- Сайн байна уу. Нөхөн сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар яриагаа эхэлье? 

- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын 40 дүгээр тогтоол гарсан. Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын А\57 тогтоолоор нөхөн сонгуулийн нутаг дэвсгэр, төвийг байгуулах тухай тогтоол бас гарсан. Холбогдох мэдээллийг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сантай тулган шалгах ажлыг зохион байгуулж байна. 

 - Улсын бүртгэлийн байгууллага сонгуультай холбоотой ямар бэлтгэл ажлыг хангадэг вэ?  

- Улсын бүртгэлийн байгууллага сонгуультай холбоотой 94 төрлийн ажлыг хуулийн дагуу зохион байгуулж ажилладаг. Тухайлбал, 

  • Сонгогчийн нэрийн жагсаалтыг иргэний бүртгэл мэдээллийн цахим санд үндэслэн бүртгэх. Түүнийгээ нягтлан шалгах, давхцлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, эдгээртэй холбоотой гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг. 
  • Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудсанд тавих бэлтгэл ажлыг хангаж, elevtion.burtgel.gov.mn хуудсанд байршуулдаг. Ингэснээр тухайн сонгогч өөрийнхөө хаана саналаа өгөх мэдээллийг авч, нас, хүйс, овог, нэр, регистрээ хянах боломж бүрддэг юм. 
  • Сонгуулийн хэсгийн хороод, сонгуулийн насны иргэдийн тоо гаргаж, нягталдаг.
  • Сонгуулийн үед ашиглах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зэрэг ажлыг хариуцдаг. 

- Иргэд сонгогчийн нэрийн жагсаалттайгаа хэрхэн танилцах вэ? 

- Улсын бүртгэлийн байгууллага сонгогчийн нэрийн жагсаалтыг өөрийн цахим хуудсандаа байршуулдаг бөгөөд иргэд burtgel.mn, elevtion.burtgel.gov.mn хуудсаас сонгогчийн мэдээлэлтэйгээ танилцаж, өөрийн мэдээллээ тулган шалгах боломжтой.

- Нөхөн сонгуулиар 28 дугаар тойргийн хэчнээн сонгогч саналаа өгөх вэ? 

Сонгинохайрхан дүүргийн 26 хорооны 59 хэсгийн 122 мянга гаруй сонгогч саналаа өгөх бэлэн байдлыг хангаж ажиллалаа. Дээр дурдсанчлан Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын сонгуулийн хэсэг байгуулсан тогтоолыг улсын бүртгэл мэдээллийн цахим санд оруулж, тухай бүр хэсэг оноолтоо хийж байгаа. Жишээ нь өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг 18 нас хүрсэн иргэнийг сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэх, нас барсан хүнийг хасах зэрэг өөрчлөлтийг оруулж байгаа. 

- 28 дугаар тойрогт буюу Сонгинохайрхан дүүргийн зарим хороодод иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоосон уу? 

- Иргэнийг засаг захиргааны нэг нэгжээс нэг нэгжид шилжин, суурьших хөдөлгөөнийг УБЕГ-ын даргын тушаалаар зогсоосон.

Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11,12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 гэсэн 26 хороонд шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Сонгууль дууссаны маргааш шилжилт хөдөлгөөн хэвийн явагдана.

Тус дүүргийн хязгаарлаагүй үлдсэн хороонд шилжилт хөдөлгөөн хэвийн явагдаж байгаа. Тэгэхээр Сонгинохайрхан дүүрэг тэр чигт нь шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаагүй. 

- Сонгуулийн үеэр шилжилт хөдөлгөөнтэй холбоотой иргэдийн мэдээлэл зөрсөн гэх асуудал гардаг. Энэ талаар иргэдэд хэрхэн зөвлөх вэ?

 - Иргэд өөрсдийн амьдран суугаа газрынхаа хаяг нь таарч байгаа эсэхийг шалгаж тодорхой болгох хэрэгтэй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт байр аваад арван жил амьдарч байгаад өөр дүүрэг рүү нүүхдээ хасалтаа хийлгээгүйгээс болж хүний тоо зөрөх, түрээсэлж, байсан ах, дүү, хамаатан садан нь амьдарч байсан гэх мэт асуудлууд гардаг. Энэ асуудлуудаа иргэд өргөдөл гомдол өгөөд шийдвэрлүүлэх хуулийн гаргалгаа байдаг юм шүү. 

- Ерөнхийлөгчийн сонгууль, нөхөн сонгууль хоёр нэг өдөр болно. Үүнтэй холбоотойгоор нэмэлт бэлтгэл ажлыг хангах шаардлагатай болсон уу?

- Монгол Улсын иргэний сонгох сонгогдох үүргийг хэрэгжүүлэх үүднээс Улсын бүртгэлийн байгууллагын даргын нөхөн сонгуулийн төлөвлөгөө гарч 22 ажлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж байна. Зургаадугаар сарын 9-нд бүх цаг, минутад хоёр сонгуулийн үйл явц адилхан явагдах бөгөөд 28 дугаар тойргийн сонгогчид ерөнхийлөгчийн санал, УИХ-ын гишүүний саналаа өгнө. Хуулийн дагуу төлөвлөгдсөн ажлууд хийгдэж явна. 

- Сонгогчдод хэлж анхааруулах зүйл юу байна вэ?

- Иргэд та бүхэн сонгогчийн нэрийн жагсаалтайгаа заавал танилцаарай. Хэрвээ сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой гомдол санал байвал тухайн дүүргийнхээ улсын бүртгэлийн хэлтэст хандан зөрчлөө арилгуулах бүрэн боломжтой. Мөн та өөрийн байнга оршин суугаа хаягийнхаа мэдээлэл дээр хэчнээн сонгогч байгаа, ямар мэдээлэл байгааг хянах боломжтой гэдгийг хэлье.