Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс ирэх долоо хоногоос коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа эхлүүлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Япон улс коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа ирэх долоо хоногоос эхлүүлэхээр болсныг тус улсын ерөнхий сайд Ёшихиде Сүга өчигдөр мэдэгджээ.

Тус улс гурван үйлдвэрлэгчээс 126 сая хүн амаа дархлаажуулах хэмжээний вакцин авахаар гэрээ байгуулсан юм. Pfizer/BioNTech компанийн вакциныг хамгийн түрүүнд хэрэглэж эхлэх төлөвтэй байна.

Харин одоо Японы эрх баригчдад тулгараад байгаа нэг асуудал нь тусгай тариурын хүрэлцээ болоод байна. Pfizer-ийн нэг шилэн савтай вакцинаас бүтэн зургаан тун шахах боломжтой тариурыг ашиглавал хаягдал гарахгүй, үр дүнтэй болно гэж үзэж байгаа.

Ердийн тариур ашиглавал таван бүтэн тун шахаж, цаана нь нэг тун хаягдал болох юм.

Ингэвэл нийтдээ 12 сая хүнийг дархлаажуулах хэмжээний вакцин хаягдах тооцоо гарчээ.

“Эхний ээлжинд бид зургаан тун шахах боломжтой тариурыг ашиглана. Гэхдээ хамрагдах хүний тоо нэмэгдэх тусам тариурын тоо хүрэлцэхгүй болохоор байна. Тиймээс бид хангалттай тооны тариур нөөцлөхөөр хичээн ажиллаж байгаа. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хүсэлтийг нийлүүлэгч компаниудад тавиад байна” гэж Япон улсын эрүүл мэндийн сайд Норихиса Тамура өнгөрсөн Мягмар гарагт параментад үг хэлэхдээ тайлбарлаж байв.

Эхний ээлжинд 10,000 орчим эмнэлгийн эмч, ажилтнуудыг дархлаажуулсны дараа дөрөвдүгээр сараас эхлэн ахмадуудыг вакцинжуулалтад хамруулахаар болжээ.

 

Эх сурвалж: AFP