Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн дэд сайдаар М.Баттүвшин, Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Эрдэмбилэг нарыг томилов

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Зүүн гар талаас Ц.Эрдэмбилэг, М.Баттүвшин

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайд болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлж, тэдний оронд шинээр хүмүүс томилсон байна.  

Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж буйгаа өөрийн цахим хуудсаар өчигдөр мэдэгдсэн. Харин Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалыг чөлөөлөх болсон гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байв. 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дээрх хоёр албан тушаалтныг чөлөөлж, орных нь хүмүүсийг томилох шийдвэр гаргажээ. 

Тодруулбал, Эрүүл мэндийн дэд сайдаар Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Баттүвшинг томилсон бол Төрийн нарийн бичгийн даргаар АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Япон сургалтын эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Ц.Эрдэмбилэгийг түр томилжээ.  

Эрүүл мэндийн дэд сайд болон Төрийн нарийн бичгийн даргаар түр томилогдсон албан тушаалтны намтар: 

Мажигсүрэнгийн Баттүвшин

1967 онд Дархан хотод төрсөн. 1992 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Хүүхдийн эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистрын зэрэгтэй.

  • 1992-1997 онд Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн эмч,
  • 1997-2009 онд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, тасгийн эрхлэгч, ерөнхий эмч,
  • 2009-2016 онд мөн аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал, гэмтлийн тасгийн эмч,
  • 2016-2017 онд мөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга,
  • 2018-2019 онд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч,
  • 2019-2020 оны 9 дүгээр сар хүртэл Эрүүл мэндийн сайдын орон тооны зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

Цэвэгмидийн Эрдэмбилэг

1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 2002 онд Анагаах ухааны их сургууль, 2008 онд Итали Улсын Тор Вергата их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны докторын зэрэгтэй, дэд профессор цолтой.

  • 2003-2019 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуульд арга зүйч, багш, ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхимийн эрхлэгч,
  • 2012-2019 онд “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч, зөвлөх эмч, Эмнэлзүйн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал,
  • 2019 оноос одоог хүртэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар тус тус ажиллаж байна.