Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын хакерууд сүүлийн нэг жилд $300 гаруй саяыг хулгайлсан тухай мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын хакеруудын арми өнгөрсөн нэг жил орчим хугацаанд гадаад улс орнуудаас $300 гаруй саяыг хулгайлж, Пёньяны цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлсэн тухай НҮБ-ын нууц тайланд өгүүлжээ.

НҮБ жилд хоёр удаа Умард Солонгосын талаар тайлан гаргадаг ба үүндээ өөрийн гишүүн улс орнуудаас, тагнуулын байгууллагуудаас, зугтаж гарсан дүрвэгчдээс цуглуулсан мэдээлэл, тоо баримтуудыг ашигладаг байна.

Энэ удаагийн тайланг хэзээ нийтэд дэлгэх нь тодорхойгүй байгаа гэнэ. CNN агентлаг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн албаны эх сурвалжаас уг тайлангийн зарим хэсгийг олж авснаа мэдээлжээ.

НҮБ-ын нэг гишүүн орны гаргасан мэдээллээр 2019-өөс 2020 оны арваннэгдүгээр сарын хооронд Умард Солонгосын хакерууд бусад улс орнуудын банк санхүүгийн байгууллагууд, крипто валютын арилжааны төвүүдээс нийтдээ $316.4 саяыг хулгайлсан гэжээ.

Энэ хөрөнгөө Пёньяны дэглэм цөмийн зэвсэгт шаардлагатай материал үйлдвэрлэх, баллистик пуужингийн дэд бүтцээ сайжруулах, цөмийн зэвсгийн байгууламжаа өргөтгөх зэрэг үйлсэд зарцуулсан гэнэ.

Умард Солонгосын валютын орлогын нэг гол эх үүсвэр нь нүүрсний экспорт байсаар ирсэн түүхтэй. 2019 онд тус улс нүүрсний экспортоос $370 саяыг олсон байдаг. Гэвч олон улсын хоригийн улмаас 2020 оны дундаас эхлэн нүүрс гадагш гаргах үйл ажиллагаа нь үндсэндээ зогссон юм. Энэ дутуугаа кибер халдлагаас олсон орлогоор нөхөж чадсан бололтой.

НҮБ-ын тайланд өгүүлснээр алсын тусгалын пуужин зохион бүтээхдээ Умард Солонгосын тал Иран улстай хамтран ажиллаж, пуужингийн чухал эд анги, түүхий эдийг харилцан солилцдог болсон байна.

Тус улс 2017 онд тив алгасах баллистик пуужингийн гурван туршилт зохион байгуулж, өнгөрсөн оны аравдугаар сард Пёньянд болсон цэргийн парадын үеэр нийтэд үзүүлж байжээ.

 

Эх сурвалж: CNN